”Вале” тэрбум, тэрбумын алдагдал хүлээнэ

Хуучирсан мэдээ: 2011.11.24-нд нийтлэгдсэн

”Вале” тэрбум, тэрбумын алдагдал хүлээнэ

Бразилийн төмрийн хүдэр, нүүрс, ховор метал олборлолтын магнат “Вале” дэлхийн хамгийн том ачааны хөлөг онгоц бүтээлгэхээр Хятад, Өмнөд Солонгосын компаниудад 35 ширхэгийг  захиалжээ.  Гэвч Валегийн Өмнөд Америк дахь төмрийн хүдрийн ордын баялгийг ачсан хөлөг онгоцыг Хятадын тал хүлээж авахаас татгалзсан тухай өчигдөр мэдэгдсэн юм. Хятадын хөлөг онгоцны компаниуд Валегийн үлэмж их төмрийн хүдэр ачсан хөлөг онгоц эрэлтийг бууруулж, тээврийн зардлыг унагана гэж үзжээ. Хятадын ган үйлдвэрлэгч нар ч “Вале”-д хэтэрхий их нийлүүлэлт, үнэ тогтоох эрх мэдэл очих болно гэж эсэргүүцжээ. Валегийн хувьд захиалсан онгоцнуудынхаа эхний 19 ширхэгийг 2.3 тэрбум ам.доллараар худалдаж авахаар болоод байсан юм.

Хятадын “China Merchants Securities” байгууллагын нэгэн шинжээч “Валегийн хувьд маш том алдаа хийсэн гэдгээ ухаарч байгаа байх. Тус компани Хятадаас өөр худалдан авагч хайж болох юм. Гэхдээ Хятадтай адил хэмжээний том зах зээл хаана ч байхгүй” гэжээ.

Вале хөлөг онгоцны компаниудтай 35 том онгоцны захиалга хийн, гэрээ байгуулсан учир үлдсэн захиалгаа цуцлахад хүрвэл багагүй торгууль төлөх тухай ч тэрбээр нэмж тайлбарлажээ.

Валегийн хувьд Хятадын төмрийн хүдрийн импортын 45 хувийг хангадаг компани юм. Валегийн  захиалсан үлэмж хөлөг онгоцнууд нь урьдынхаасаа хоёр дахин илүү даацтай бөгөөд 400 мянган тонн ачаа тээвэрлэх боломжтой юм. Валегийн төлөвлөгөөгөөр бол, 2013 он гэхэд эдгээр 35 хөлөг онгоцоо хүлээж авснаар 60 хөлөг онгоцтой болох ажээ.

Б.Төгс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж