Цагдан хорих 405, 461 дүгээр ангиуд уулзалт хийв

Хуучирсан мэдээ: 2011.11.24-нд нийтлэгдсэн

Цагдан хорих 405, 461 дүгээр ангиуд уулзалт хийв

Байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнтэй арга хэлбэрийг судалж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилго бүхий хамтарсан уулзалт, ярилцлагыг Нийслэлийн шүүх санаачлан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Нийслэлийн прокурор, Цагдан хорих 405, 461 дүгээр ангиуд зохион байгуулжээ. Энэхүү уулзалтаар шүүхийн хэвийн ажиллах нөхцөлийг хангах, шүүгдэгч, ялтны хуульд заасан эрхийг эдлүүлэх боломжийг бүрдүүлсэн үр дүнтэй хэд хэдэн асуудлыг шийдвэрлэжээ. Тухайлбал, хорих ангид хоригдож буй шүүгдэгч, ялтан нарт прокурорын яллах дүгнэлт, шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг гардуулахад зориулж, хорих ангиас шүүхийн ажилтнуудад тусгай өрөө гаргаж, ангид шуурхай, чирэгдэлгүй нэвтрүүлж, шүүгдэгч, ялтнуудад биечлэн гардуулж байх, шаардлагатай тохиолдолд зарим шүүх хуралдааныг хорих анги дээр явуулахаар шүүх хуралдааны танхим бий болгож, хамтын хүчээр тохижуулах, хүний эрхийг үндэслэлгүйгээр хязгаарлахгүйн тулд хойшлуулшгүй үндэслэлээр баривчлагдсан сэжигтнийг хуульд заасан хугацаанд шүүхэд мэдэгдэх тухай Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн заалтыг хангах зорилгоор амралтын буюу бямба, ням гаригт ажиллах шүүгчийн хуваарийг журмын хамт хорих ангийн захиргаанд мэдээлж, дагаж мөрдөх, цагдан хоригдож буй шүүгдэгч, ялтнуудтай долоо хоногт нэг  удаа хоёроос дээшгүй хүнийг  эргэлт оруулж байх асуудлыг харилцан тохиролцжээ. Түүнчлэн цагдан хоригдож буй ялтныг шүүх хуралдаанд оролцуулах, цагдан хорих хугацааг сунгахад хоригдож буй этгээдтэй уулзах шаардлагатай гэж үзвэл, тэдний санал хүсэлтийг шийдвэрлэх зорилгоор хорих анги, шүүхийн байгууллагуудын хооронд онлайнаар холбогдох төсөл боловсруулж хэрэгжүүлэхийг шийдвэрлэхээр ярилцсан байна. Энэ үеэр шинээр баригдсан 461 дүгээр хорих ангийн үйл ажиллагаатай биечлэн танилцаж, уг хорих анги олон улсын жишиг стандартын дагуу баригдсан, хоригдож буй хүмүүс ижил хувцастай, хорих өрөө болгон хяналтын камертай, хүний эрх, орчин нөхцөлийг эрс сайжруулсан гэж дүгнэжээ.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж