![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2011/5/fceefe7904ad6a83/d152c3d61d75b76cbig.jpg)
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Н.Ганбямба төсөл санаачлагчид хандан “Хариуцлага тооцох механизмаа тодорхой зааж өгөхгүй бол хууль хэрэгжихэд бэрхтэй гэлээ. Ер нь Засгийн газраа хамтраад байгуулчихсан, цөөнх, олонхи нь ялгарахаа байчихсан сонин тогтолцоотой болчихсон үед парламент нь Засгийн газраа хянах ганц бололцоо нь энэхүү асуулгаар хангагдаж байгаа гэж тэрбээр тодотгосон. Үндэсний аудитын газар гэж байдаг ч тэр нь Засгийн газарт олигтой хяналт тавьж чаддаггүй. Тиймээс асуулгад худал хариулт өгсөн албан тушаалтанд ядаж л албан тушаалаасаа огцрох ёстой. Ийм хатуу заалт оруулж байж энэ төрд хариуцлагын механизм ажиллах болно” гэсэн юм. УИХ-ын гишүүн С.Бямбацогтын тайлбараар бол олон улсын жишгээр УИХ-ын гишүүний асуулгад хариулт өгсөн нөхцөлд Эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг байна. Харин манайд одоохондоо энэ заалт хатуудна гэж үзсэн бололтой.
Дээрх асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан саналаа хэлсэн юм. Тэрбээр “Канадын парламент, Германы Бундестаг болон бусад орны туршлагаас иш татан, Монгол Улс ямар засаглалтай улс вэ гэдгээ сайтар тунгааж судалгаа хийж, тулхтай өөрчлөлт хийхгүй бол хуульд өөрчлөлт оруулах нэрийн дор сэглээд дуусах вий хэмээн болгоомжтой хандахыг зөвлөлөө. Ингээд хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын тоъёоллоор санал хураалгахад гишүүдээс 76,9 хувийн дэмжлэг хүлээж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороо руу шилжүүлсэн юм.
Санал хураалтыг үргэлжлүүлнэ
Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах бол УИХ-ын гишүүдээс 19-өөс доошгүй нь асуудлыг тавьж байж, парламентаар хэлэлцэх хууль эрх зүйн үндэслэл бүрдэнэ гэсэн агуулгатай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Х.Тэмүүжин нар өргөн мэдүүлснийг энэ өдрийн чуулганаар хэлэлцэн дэмжлээ. Гэхдээ Ерөнхий сайд С.Батболдыг огцруулах санал гаргаж байсан гишүүд төсөлд нэлээд шүүжлэлтэй хандсан юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Д.Ганхуяг нар “УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга нь өөрөө хууль зөрчсөний зэрэгцээ Засгийн газрын талд орж, төсөл санаачлан гүйлээ. Олонх цөөнхийн зарчим алдагдчихсан хяналт байхгүй нөхцөлд ийм алхам хийсэн нь туйлын буруу алхам болсон. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд тэр дундаа Монголын талын хувь эзэмшлийг нэмэгдүүлэх асуудал энэхүү Ерөнхий сайдыг хамгаалсан төслөөс болж, хэзээ ч өөрчлөх боломжгүй болголоо” хэмээн мэдэгдсэн юм. Харин төсөл санаачилсан УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Есөн гишүүн надад таалагдаагүй гэдэг агуулгаар хууль санаачлаад оруулаад ирсэн юм биш. Бидний хувьд хуулийн зөрчлийг арилгаж, тодорхой болгох зорилгоор асуудалд хандсан. Тэр ч утгаараа асуудалд тавсан есөн гишүүнд хүндэтгэлтэй хандсан” гэлээ. Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Батсуурь “Есөн гишүүний асуудалтай холбогдуулан төслийг яаран сандран хэлэлцэж байгаа нь гоомой юм биш үү. Нухацтай яривал яасан юм. Явж явж хууль өөрөө буруутай болоод үлдэх юм болох вий. УИХ өөрөө эрх мэдэл рүү өдрөөс өдөрт тэмүүлж дараа нь шүүмжлэлд өртдөг байж болохгүй гэсэн юм. Ингээд энэхүү Монгол Улсын Их хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслөөр гишүүдээр “Хэлэлцэх эсэх” асуудлаар санал хураалгах ёстой байсан ч ирц хангалтгүйгээс маргааш хураахаар боллоо.