“Тэнгэрийн хүү”-гийн гурван долгионт гүйдэл

Хуучирсан мэдээ: 2011.11.24-нд нийтлэгдсэн

“Тэнгэрийн хүү”-гийн гурван долгионт гүйдэл

Найруулагч Н.Наранбаатарт баяр хүргэмээр санагдав. Зарим нэг шинэ бүтээлийн дараа боловсон занд чангаалган залхуутайхан уруул давдаг талархлыг биш бүүр нэг сэтгэлийн гүнээс гарах баяр, бахадлаа түүнд хаягламаар болов.

“Тэнгэрийн хүү” жүжиг тун чамбай бүтээл болжээ. Сүүлийн үед дэлгэцийн болон дүрслэх урлагт 3D хэмээх гурван хэмжээст бүтээлүүд ноёрхох болсон. Харин Хүн гүрний тухай өгүүлэх энэ жүжиг омогшил, уярал, ухаарал гурван долгионыг гурван цагийн туршид тархи зүрхээр минь гүйдэл мэт сүлжилдүүлэв. “Хүн, Хүн, Хүн” хэмээн уухайлах баатар эрсийн сүрлэг дуу тэрхүү гүйдлийг пуужин мэт хөөргөн эвшсэн нумнаас цойлох сумны исгэрээнээс ч хурдан жирэлзүүлнэ. Төрийн тулга тойрсон цус, хөлс, нулимсны амтыг уярал, ухаарал, омогшил гурваар үзэгчдийн зүрхэнд тамгалав.

Хаан ширээ, төрийн нуруу, хайр сэтгэл, газар шороо зэрэг байнга шахуу хөндөж байдаг уламжлалт сэдвийг орчин цагийн тайзны бүтээлийн хөгжлийн түүчээнд дөхүүлэхийг хичээсэн шинэлэг найруулгаар хүүрнэснээрээ “Тэнгэрийн хүү” хуучны анд гэхээсээ шинэхэн хэрнээ сэтгэл татсан танил мэт санагдав. Мэдээж бид Бродвейн театрын мюзикл, Лондонгийн “Рояль” театрын шинэ сенсаац жүжиг шиг уран бүтээлийг гэнэтхэн нэг өглөө сэрэхдээ туурвихгүй. Бидний мэдэх “Гамлет”-ийг тэнд нэг оронд ердөө ганцхан жүжигчин үг, үзэгдэл гээлгүйгээр хоёр цаг гаруй тайзнаа тоглож, Америкийн мюзикл жүжгүүд өнгө будаг, дуу хөгжим, бүжиг дуу, дэг найруулгаараа өдрөөс өдөрт хувиран өөрчлөгдөж, тайз өөрөө амьд юм шиг эрч хүчээр зангирч байна. Харин бид арай л нэгэн хэвийн, арай л дүнсгэр, арай л мөлгөр сэтгэхүйд хүлэгдэн, уралдааны морь шиг хурдлан өнгөрөх энэ их хөгжлийн түүчээнээс алхам алхмаар хоцорсоор.“Тэнгэрийн хүү” харин тэр дүнсгэр агаарыг сэргээн, бороо хүлээж хатсан гантай зун зүсэр бороо шиврэх мэт мэдрэмжийг төрүүлэв.

Гэрэл, шумны тоглолт, видео дүрс, шаагих мөндөр мэт сумны исгэрээн, баатар эрсийн омголон бүжиг жүжгийн хэмнэлийг бүхэлдээ тодорхойлно. Баатруудын харвасан сумыг дэлгэцэн дээр дүрсээр харуулж, тэнгэрт хальсан өвгөн бөөгийн сүнс мөн л дэлгэцэн дундаас хашгиран Модун Шаньюг дөнгө гинжнээсээ мултрах дийлдэшгүй хүчийг өгч байгаа нь туйлаас оновчтой шийдэл байлаа. Бүжгийн хөдөлгөөнийг хэд хэдэн удаа ашигласан нь шинэлэг бөгөөд жүжгийн ерөнхий хэмнэлд гойд нийцсэн санагдав. С.Болд-Эрдэнийн бүтээсэн Хан улсын элчийн дүр жүжигчний мэдрэмжийг илтгэн харуулсан төдийгүй үзэгчдийн сэтгэлийг хөгжөөсөн тун аятайхан шигтгээ болжээ. Жүжигчин Г. Эрдэнэбилэг оргилсон, буцалсан, шаналсан, уярсан, дурласан, өширсөн, хөглөгдсөн Модун Шаньюгийн дүрийг гайхалтай үнэн бүтээлээ. Сэтгэл дотор ассан түймрийг хоосон нулимс, хоолойны өнгөний тоглолт, хиймэл нүүрний хувирлаар гаргаж үзүүлэхийн аргагүй. Харин түүний тоглолт үнэн байж, үнэн байсныхаа хэрээр үзэгчдийн сэтгэлд хүрэв. Дотортой, мэдрэмжтэй жүжигчин гэдгээ дахин нэг удаа тэрбээр мэргэжлийн тайзнаа ийнхүү батлав.

Цус, хөлс, нулимсны амт, үнэрийг сэтгэл уярам зөөлөн уянгатай бичиж чадсанаараа Б.Цогнэмэхийн зохиол онцлогтой. Тархинд аянга мэт буух хурц мөрүүд байхгүй ч хацар илбэх шиг зөөлөн мөрүүдээр амилах “Тэнгэрийн хүү” газар шороо, өвөг дээдэс, төр ёсоороо омогшин бахархах эрчилсэн сур мэт эрс хатуу сэтгэлийг эрхгүй төрүүлэх ажээ. “Газар гишгэхгүй хөл, шороо үзэхгүй нүд гэж байгаад яах юм” хэмээн Модун Шанью өгүүлэх нь бий. Манайх хэмээн малгай тавих нутаггүй бол төр гэж байхын хэрэг юусан билээ.

Б.ЦАЦРАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж