Португалид 24 цагийн ажил хаялт зарлав

Хуучирсан мэдээ: 2011.11.24-нд нийтлэгдсэн

Португалид 24 цагийн ажил хаялт зарлав

Португалид төсвийн хатуу бодлого явуулахыг эсэргүүцсэн 24 цагийн ажил хаялт болж, онгоцны нислэгүүд болон нийтийн тээврийн үйлчилгээ зогсчээ. Тус улсын агаарын тээврийн компани,  Лиссабон хотын метроны ажилчид өчигдөр хамгийн түрүүнд ажил хаяжээ. Удалгүй тэдэнтэй хэдэн мянган ажилчид, эмч, багш нар нэгдсэн байна. ОУВС болон Европын холбооноос санхүүгийн зээл авсан Португалийн парламент ирэх долоо хоногт төсвийн хатуу бодлого хэрэгжүүлэхээр санал хураалт явуулахаа мэдэгдсэн нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарчээ. Томоохон үйлдвэрийн  ажилчид нэгэн зэрэг хөдөлснөөр уг ажил хаялт Португалийн түүхэнд байгаагүй том эсэргүүцлийн хөдөлгөөн болоод байна. 24 цагийн ажил хаялтад нэг сая гаруй ажилчин нэгдсэнээс гадна үйлдвэрчний томоохон эвлэлүүд оролцож байгаа юм байна. Төсвийн хатуу бодлого явуулах гэнэтийн төлөвлөгөө нь Португаличуудыг цочирдуулжээ. Португалийн Засгийн газрын хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсвийн хатуу бодлого гэдэг нь нийгмийн халамж, эрүүл мэнд, батлан хамгаалах салбарын үйлчилгээний зардлыг танаж, татварыг нэмэгдүүлэх зорилготой байгаа юм. Түүнээс гадна Засгийн газар төрийн үйлчилгээний салбарын ажилтнуудын амралтын мөнгө, Зул сараар олгодог урамшууллыг дундаж цалинтай тэнцүүлж, хувийн компанид ажиллагсдад илүү цагийн урамшуулалгүйгээр ажлын цагийг хагас цагаар уртасгахаар төлөвлөжээ.  ОУВС-аас Португалид олгосон 78 тэрбум еврогийн санхүүгийн зээл авах үндсэн нөхцөл нь төсвийн алдагдлыг бууруулах билээ. Португаль  нь ОУВС-аас санхүүгийн зээл авсан гуравдахь улс юм.
Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж