Төсвийн байнгын хорооны хурлыг хойшлуулсаар байна

Хуучирсан мэдээ: 2011.11.24-нд нийтлэгдсэн

Төсвийн байнгын хорооны хурлыг хойшлуулсаар байна

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдааныг өнөөдөр 14.30 цагт зарласан ч, хойшилсоор байна. Байнгын хорооны хуралдаан ямар шалтгааны улмаас хойшлоод буйг тус байнгын хорооны дарга Д.Хаянхярваагаас тодруулахад “УИХ дахь намын бүлгүүдээс байгуулагдсан ажлын хэсгийнхэн хуралдаж байна. Түүний дараа байнгын хороог хуралдуулахыг зорино” гэлээ.

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн тухай хуулийн төсөл болон түүнтэй холбогдох бусад хуулийн төслүүдийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийхээр цаг зарлаж, өнөөдрийн чуулганы үдээс хойшхи хуралдааныг цуцалсан ч тус байнгын хороо хуралдана гэхэд бэрх байна. Хуульд зааснаар УИХ нь Монгол Улсын нэгдсэн төсвийг жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-нээс урьтаж батлах ёстой. Заасан хугацаанд баталж эс чадвал парламент тарах ёстой билээ. Нэгдсэн төсвийг батлахад амралтын өдрүүдийг оруулан тооцвол ердөө зургаа хоног үлдээд байна. Хэлэлцүүлэг одоо дөнгөж анхны хэлэлцүүлэг дээр явж буй. Араас нь гурван хэлэлцүүлгийг байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хийж байж дөрөвдүгээр хэлэлцүүлэгт шилжинэ. Шөнө хугаслан хуралдаж байж төсвийн хэлэлцүүлгийн ард гардаггүй юм бол цаг хугацааны хувьд үндсэндээ алгуурлах боломжгүй болж эхэллээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж