Архи, тамхины бизнес эрхлэгчийг “цэгцлэх” гээд барсангүй

Хуучирсан мэдээ: 2011.11.24-нд нийтлэгдсэн

Архи, тамхины бизнес эрхлэгчийг “цэгцлэх” гээд барсангүй

УИХ-аар хэлэлцэж буй Сонгуулийн тухай хуулийн ажлын хэсгийнхэн өчигдөр хуралджээ. Ажлын хэсгийн хуралдаан хаалттай болдог ёсоор эл хуралдаан сэтгүүлчдийн нүд, чихнээс далд болов. Түүгээр эрхэм гишүүн Х.Баттулгын санаачилсан Сонгуулийн хуулийн шинэчилсэн найруулгад нэмэлт оруулах тухай төслийг хэлэлцжээ.

Хар тамхи, мансууруулах бодистой холбогдсон гэмт хэрэгт холбогдож байсан, эсвэл бүх төрлийн согтууруулах ундаа, тамхины үйлдвэрлэл эрхэлдэг этгээдийн УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхийг нь хязгаарлах зохицуулалтыг шинээр бий болгохоор төсөлд тусгасан ч “ангийн” нөхдийнхөө дэмжлэгийг аваагүй байна. Архи, тамхины замбараагүй хэрэглээг цэгцлэхээс гадна УИХ-ын гишүүд бизнестээ тохирсон хууль баталдгаас сэргийлэх, ер нь ч хор үйлдвэрлэгчид  сонгогчдыг УИХ-д төлөөлөх нь зохимжгүй гэж төсөл санаачлагч уг нь үзжээ. Гэтэл эрхэм гишүүд үүнийг хүлээж аваагүйгээр барахгүй зарим нь "Тэгвэл хуульдаа 17 чингэлэг спирттэй холбоотой хүмүүсийг УИХ-ын сонгуульд оруулахгүй гээд заачихвал яасан юм" гэж уурссан гэнэ. Ингээд архи, тамхины бизнес эрхлэгчийг “цэгцлэх” гээд Х.Баттулга гишүүн баралгүй хоцорчээ.


Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж