ЭМД-ын шимтгэл нэмэгдээгүй гэв

Хуучирсан мэдээ: 2011.11.24-нд нийтлэгдсэн

ЭМД-ын шимтгэл нэмэгдээгүй гэв

Засгийн газрын арваннэгдүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн талаар хэлэлцсэний дараа хэвлэл, мэдээллийн хэрэгслээр Эрүүл мэндийн даатгалын хувь хэмжээ хоёр дахин нэмэгдсэн гэх мэдээлэл гарах болсонтой холбогдуулж, Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдээлэл хийлээ. Тус байгууллагынхан сэтгүүлчдэд хандан “Монгол Улсын Засгийн газрын 2011 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаар эрүүл мэндийн даатгалын ирэх оны шимтгэлийн хэмжээг тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцэж батлахаар шийдвэрлэсэн байгаа. Энэхүү тогтоол батлагдсанаар 2012 онд аж ахуй нэгж, байгууллагын ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээ түүний хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дөрвөн хувь, үүнээс ажил олгогчийн хариуцан төлөх хоёр, даатгуулагч өөрөө төлөх хоёр хувь байгаа. Өмнө нь энэ хувь хэмжээгээр явьж байсан. Ирэх онд хөдөлмөр эрхлэгчдийн төлөх шимтгэлийн хоёр дахин нэмчихсэн зүйл байхгүй. Харин иргэний эрүүл мэндийн тухай хуульд зааснаар ямар нэг байгууллагад ажилладаггүй, гадаадын иргэн зэрэг, даатгалд хамрагддаггүй хүмүүс сайн дурын үндсэн дээр даатгуулж болдог. Эдгээр хүмүүсийн сард төлөх шимтгэлийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний зургаан хувьтай тэнцэх хэмжээний буюу 8424 төгрөг байхаар баталсан байгаа. Энэ нь одоо мөрдөгдөж байгаа хэмжээнээс сардаа 3064 төгрөгөөр, жилдээ 37648 төгрөгөөр нэмэгдэж байгаа гэсэн үг” гэсэн тайлбар өглөө.  
   

Х.Нарангэрэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж