Энд биднийг хийхээсээ өмнө таахалзаж, талцаж байхад тэнд бүтээн байгуулалт өрнөж, тэрбум тэрбумаар ашгаа өгөх тоног төхөөрөмжийг “Эрдэнэт” үйлдвэр үйлдвэрлэлдээ нэвтрүүлжээ. Энэ бол 33 жил Монголын ард түмнийг муу сайнаараа хэлүүлэн тэжээж байгаа “Эрдэнэт” үйлдвэрийн баялгийг бүтээлч хамт олны гавьяа юм. Хамт олон нь уул уурхайн салбартаа хамгийн өндөр цалин, нийгмийн халамж үйлчилгээ авдаг. Үйлдвэр дагасан Эрдэнэт хотод ч бүтээн байгуулалт өрнөж байна. Эрдэнэт хотод төгөлдөр хуур тоглодоггүй, спортоор хичээлдэггүй хүүхэд гэж байдаггүй гэсэн. Эрдэнэтчүүд өөрийн гэсэн өвөрмөц хотын соёлтой. Тэнд очиход өндөр хөгжилтэй гадны улсын хотод очсон мэт сэтгэгдэл төрдөг. Учир нь оросоор ярьдаггүй монгол хүн гэж байдаггүй. Монголдоо томоохонд орох усан сан, мөн л томд орох 6000 хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн, азидаа томд орох бурхан багшийн сэрэг дүр цогцолбор Эрдэнэтэд бий. Тэд хэлснээ хийж, харин хийснээ цоллуулж цээжээ дэлддэггүй. Монголын ард түмнийг тэжээсээр, тэтгэсээр л байна.
Эрдэнэт шиг байя л даа
“Эрдэнэт”-ийн бүтээн байгуулалт, техникийн шинэчлэлийн талаар мэдээ мэдээлэл, нэвтрүүлэг сонины нүүр, телевизээр ойрын өдрүүдэд гарч байна. “Монголдоо анх удаа үйлдвэрийнхээ хөгжлийн түүхийг харуулсан парк музейн ажлын эхлэлийг тавьлаа”, “Монголын уул уурхайн салбартаа анх удаа хаягдал шахах насосыг ашиглалтад авч, Монголдоо анхны, жилдээ 1,3 тэрбум эдийн засгийн үр ашигтай бага оврын усан цахилгаан станцыг үйлдвэрлэлдээ нэвтрүүллээ”, “Монголын эрүүл мэндийн салбарт алтан үсгээр бичигдэх олон улсын оношлогоо эмчилгээний төвийн барилгыг ирэх онд ашиглалтад өгнө” гээд улс төр, гэмт хэргийн “хар” мэдээллээс “өөр” мэдээлэл гарч байна.
Т.Маша