Арилжааны банкуудын актив өсчээ

Хуучирсан мэдээ: 2011.11.24-нд нийтлэгдсэн

Арилжааны банкуудын актив өсчээ

Монголбанкнаас  өнгөрсөн аравдугаар сард Монгол Улсын эдийн засаг, банк санхүүгийн салбарт гарсан үзүүлэлтүүдийн талаар өнөөдөр танилцууллаа. Мэдээллээс үзвэл өнгөрсөн аравдугаар сарын байдлаар инфляци 10 хувьтай гарчээ. Ялангуяа хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 41 хувиар өссөн байна. Тэгвэл өнгөрсөн сард мөнгөний нийлүүлэлт зургаан их наяд төгрөгт хүрсэн нь өнгөрсөн жилийнхээс 57,2 хувиар, оны эхнээс 30,1 хувиар, өмнөх сарынхаас 0,4 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа аж.  

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нийт банкны байгууллагын активын хэмжээ 8.2 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 50 орчим хувиар нэмэгдсэн гэсэн үг юм байна.  Банкуудын эх үүсвэрийн өсөлт тогтмол хадгалагдаж байгаа нь активын өсөлтөд эерэгээр нөлөөлж байгааг Монголбанкнаас дуулгав.

Түүнчлэн зээл олголт нь нэлээд өндөр үзүүлэлттэй гарсан байна.  Тодруулбал, зээл олголт 61 хувиар нэмэгджээ.  Нийт зээлийн багцын 94.5 хувийг хэвийн, 1.5 хувийг хугацаа хэтэрсэн, дөрвөн хувийг чанаргүй зээл эзэлж байна. Чанаргүй зээлийг мөнгөн дүнгээр нь тооцвол банкны системийн хэмжээгээр 201.5 тэрбум төгрөг болж байгаа юм. Энэ нь санхүүгийн хямралын үе буюу 2008-2009 оны үеийн чанаргүй зээлийн хэмжээнээс даруй хоёр дахин бага үзүүлэлт  гэдгийг ч төв банкныхан тайлбарласан. Арилжааны банкууд энэ оны эхний 10 сард 134.1 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан аж.  Түүнчлэн өмнөх есдүгээр сард гурван хувийн сулралттай байсан төгрөгийн ам.доллартай харьцах ханш 14 төгрөгөөр өссөн байна.

Ж.ГЭГЭЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж