МАН-ын байрнаас хүн унаагүй гэв

Хуучирсан мэдээ: 2011.11.24-нд нийтлэгдсэн

МАН-ын байрнаас хүн унаагүй гэв

МАН-ын шинэ байр буюу Тусгаар тогтнолын ордны байранд засвар хийж байсан барилгын ажилтан дөрвөн давхраас унаж гэмтсэн  гэх мэдээлэл өнөөдөр зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээр цацагдсан юм. Цахим хэвлэлүүдэд гарсан мэдээллээр бол гэмтсэн ажилтан тус гэрээгээр ажиллаж байсан “Өндөр буянт” компанийн ажилтан гэнэ. Энэ талаар бид МАН-ын Олон нийттэй харилцах ажилтан Д.Амарбаясгалангаас тодруулахад “МАН-ын барилгын дөрвөн давхарт хүн унаж гэмтэх аюултай  ажил хийгдээгүй. Тусгаар тогтнолын ордны барилгын ажил бараг дуусч байгаа. Өнгөрсөн амралтын өдөр гал гарснаас бага хэмжээний хохирол учирсан бол зөвхөн гал гарсан давхруудад засварын ажил хийж байгаа. Тиймээс дөрвөн давхраас хүн унаж гэмтсэн гэдэг огт үндэслэлгүй мэдээлэл. Тусгаар тогтнолын ордны барилгын ажил дээр “Өндөр буянт” компани ажиллаж байгаа нь үнэн. Гэхдээ хүн бэртсэн зүйл болоогүй” гэсэн хариулт өглөө.

Бид мөн Тусгаар тогтнолын ордны барилгын ажлыг гүйцэтгэж буй “Өндөр буянт” компанийн инженер Н.Батбаяраас дээрх мэдээллийг тодруулахад “Тусгаар тогтнолын ордны барилга дээрээс манай  компанийн ажилтан унаж гэмтсэн зүйл болоогүй. Сонсоогүй мэдээлэл байна” гэлээ.

О.Сэргэлэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж