Өөрөө хэрхэн яаж сонгуульд ялах, түүнээс наана яасхийж нэр дэвших, болж өгвөл пропорциональ тал руу нь эвтэйхэн гулсчих, тойргийн сонгогчдын ая зан ямархуу байгааг тандах, болохгүй бол тойргоо солих, сурталчилгаанд зарах мөнгө босгох, өрсөлдөгч хэн байхыг мөшгих гээд түмэн зүйлийн санаа Сонгуулийн хууль хэлэлцэх болохоор ундардаг шиг байгаа юм. Хамгийн сүүлд, өнгөрсөн мягмар гаригт мөнөөх эцсийн хэлэлцүүлгээ үргэлжлүүлэв. Тэгэхдээ төрийн албан хаагчдаас болж өгвөл өрсөлдөгч гаргахгүй байх, гараад ирдэг юм бол унагаж өгөөд нэг мөсөн ажил албанаас нь салгах заалтыг хуулийн төсөлд оруулж, гар өргөн дэмжицгээлээ.
Түүгээр бол сонгуульд нэр дэвшин өрсөлдөх хүсэлтэй төрийн албан хаагч ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс ажил албан тушаалаа хүлээлгэж өгөөд УИХ-ын эрхэм гишүүдтэй шударгаар өрсөлдөх бэлтгэлээ хангаж зургаан сарын турш гуяа ганзагалан лааз өшиглөх юм. Цалин цавуугүй болсон хүн чинь юун төрийн тэрбум төгрөгөөр тойргоо тойлж, дахиад тэрбум, тэрбум төгрөг сурталчилгаандаа хаях гэж байгаа эрхэм гишүүнтэй өрсөлдөх. Хүний хөгжлийн 21 мянган төгрөг, эхнэр, ах дүүсийнхээ цалинг нийлүүлж байгаад сунгаанд гарах юм уу, хаашаа юм. “Тунгалаг Тамир” кинон дээр “Морьтой хүнтэй ярьснаас явган хүнтэй ярьсан нь дээр байдаг юм” гээд Цахиур Төмөр цагаан цэргийн агтыг туугаад ирдэг шиг “Ажилтай, цалинтай хүнтэй өрсөлдсөнөөс лааз өшиглөсөн хүнтэй өрсөлдөх нь амар” гэж санав гэмээр. Уг нь бол төрийн албан хаагч ажилтайгаа байгаад сонгуульд орвол төрийн унаа, хөрөнгө мөнгө, ажилтан, албан хаагчдыг сурталчилгаандаа дайчлахаас сэргийлж байгаа зөв санаатай. Ядахдаа багш хүн бол сурагчдаараа айлд сонин, сэтгүүл тараалгаад хэцүү биз дээ. Ухаад бодохоор төрийн албан дотор айхтар том гажуудал үүсгэхээр. Үнэн хэрэгтээ хамгийн их төрийн мөнгө “идэж” сонгууль хийх нь мэдээж сайд дэд сайдууд биз дээ. Т.Бадамжунай, Т.Ганди, Ё.Отгонбаяр гурваас бусад нь УИХ-ын гишүүн тул бүр амар. Дэд сайд нар мөн улстөрийн албан тушаалтан гээд албатайгаа сонгуульд орно. Тэгэхээр хөөрхий төрийн нарийн бичгийн дарга нар, газар, агентлагийн дарга, төрийн өмчит компанийн захирал, ажилтнууд, цаашлаад эмч, багш нарт л зориулсан заалт бололтой юм. Тэд нэр дэвшинэ гэвэл зургаан сарын өмнө ажлаа тушаагаад амар сайхандаа жаргах юм уу даа янз нь. Сонгуульд унаж гэмээнэ буцаад тэр ажилдаа орно гэвэл бараг санасны гарз. “Нэг их санаалаад Их Хурлын гишүүн болно гээд яваагүй бил үү” гэсхийгээд дуусах байлгүй дээ. Шинэхэн сургууль төгсөөд төрийн албанд орсон залуус, эмэгтэйчүүдийн нэр дэвших эрх үүгээр боогдох, зориг гаргаад дэвшлээ гэхэд дахиад өмнөхийн ижил ажил олох найдвар тасрах тийм л “Зэлтэрийн гацаа”-нд тэднийг хийж орхих санааг эрхэм гишүүд санаатай санаагүйн хооронд сэдчихлээ.
Уг нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс энэ талаар “гурван сарын өмнө”, зарим гишүүн “нэг сарын өмнө ажлаасаа чөлөөлөгдөнө” гэсэн заалт байвал ямар вэ гэсэн саналтай байгаа. Гэтэл гишүүд зургаан сар гэж зүтгээд болдоггүй. Байнгын хорооны хурал дээр Э.Мөнх-Очир гишүүн "Төрийн өмчит компаниудын захирлууд бол төрийн албан хаагчаас өөр. Улсын төсөвт хөрөнгө төвлөрүүлэхээр ид зүтгэж байх хугацаандаа албан тушаалаасаа чөлөөлөгдөх нь буруу. Тухайн хүн өөрөө сонгуульд нэрээ дэвшүүлэх хүсэлгүй байхад намаас нь шаардаад шахаад байвал яах юм. Тиймээс хуучнаараа нэг сарын өмнө албан тушаалаасаа чөлөөлөгдөх хэрэгтэй" гэж зүтгээд бараагүй. Бусад нь "Улс төр, мөнгө хоёрыг салгахын тулд ингэж өөрчлөлт оруулсан. Тэгэхгүй бол төрийн ажил ч хийхгүй, хэдэн сараар ажлаа хаяад алга болдог. Дээрээс нь албан газрынхаа ажилчдыг сонгуульд дайчлаад амраадаггүй. Үр дүнд нь иргэд төрийн үйлчилгээ авч чадахгүй, чирэгддэг" гэсэн тайлбараар хамгаалалт хийсэн. Э.Бат-Үүл баатар тэднийг дагаад "Ирэх жилийн сонгууль дахиад луйвар болох нь гэж гадуур яриад байна. Сонгуульд нэр дэвшигч гурван сарын өмнө албан тушаалаасаа түдгэлзэнэ гэдэг саналыг дэмжээд явбал гадаа байгаа намууд эсэргүүцэл илэрхийлнэ. Албан тушаалтан эрсдлээ үүрээд сонгуулиас зургаан сарын өмнө УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлэг. Үгүй гэвэл албан тушаалдаа үлдэх сонголтоо хийг. Сонгуулийн тухай хуульдаа намууд захирагдах ёстой” гээд шуурчихсан. Мань хүн бол үнэхээр бодсоноо л хэлсэн. Үүнд итгэлтэй байна. Харин бусад нь.
Манайд өмнө нь “нуухыг нь авах гээд нүдийг нь сохолсон” явдал зөндөө гарсан. Халамжийн хууль дээр хөгжлийн бэрхшээлтэй нэгнийг асрамжилдаг болох гээд тэтгэврээс өөр орлого олох боломжгүй болгож хуульчилсан явдал ч бий. Сайныг санаж хийдэг ч үр дүн нь эсрэгээр байх тохиолдол зөндөө. Тэрний нэг нь Сонгуулийн хуулийн дээрх заалт. Яагаад ийм зүйл болоод байна вэ. Эрдэмтэн мэргэд манай хууль тогтоогчдод суурь үнэлэмж байхгүй, суугаагүйгээс гэж дүгнэж байна. Аливаа тушаал шийдвэр, хууль тогтоомж юуны өмнө хүний эрхийг дээдэлсэн байх учиртай, зүй тогтолтой аж. Гэтэл манайд энэ нь үгүйгээс эсрэгээр эргэдэг бололтой. Нөгөө талаас мэдсэн ч мэдээгүй царайлаад өөрсдөөсөө бусдын эрхийг үл тоомсорлож байж ч болох юм. Төрийн албан хаагчдыг сонгогдох, ажил эрхлэх эрхээр нь хясчихвал эрхэм гишүүдийн өрсөлдөгч нь хувийн компанийн боссууд болж таарч байгаа юм. “УИХ хувийн ашиг сонирхлын зөрчилтэй гишүүдээр дүүрлээ. Ардаа компанитай гишүүд лоббийн хууль батлаад байна. Дандаа компанийн боссууд Төрийн ордныг дүүргэлээ” гэсэн яриа одоо ч тасардаггүй. Хуулиар төрийн албан хаагчдын замыг хаачихвал ирэх парламент “хуучин гишүүд ба боссууд” гэсэн бүрэлдэхүүнтэй л гарч ирэх бололтой дог оо.