Монголын “Тинк Танк” хүрээлэн 20 нас хүрчээ

Хуучирсан мэдээ: 2011.11.24-нд нийтлэгдсэн

Монголын “Тинк Танк” хүрээлэн 20 нас хүрчээ

Монголын анхны “тинк танк” хүрээлэн 20 нас хүрчээ. 1991 онд суурь нь тавигдсан тус хүрээлэн өдгөө гадаад дотоодод хамтран ажилладаг олон түнштэй бие даасан байгууллага болжээ.

 Хүйтэн дайны үед коммунист Монгол Улсын аюулгүй байдал, гадаад бодлогыг Москва тодорхойлдог байсан учир тэр үед “тинк танк” хүрээлэнгийн хэрэгцээ байсангүй. Харин 1990-ээд онд Монгол Улс тусгаар тогтнолоо бүрэн утгаар олж авсны дараа аюулгүй байдлын асуудлаа өөрсдөө үнэлж, дүгнэх хэрэгтэй болсноор Цэргийн түүхийн хүрээлэнгийн дэргэд орон тооны бус Стратегийн судалгааны төвийг анх 1990 онд байгуулж, улмаар 1991 онд уг төв БХЯ-ны дэргэд шилжсэнээр Монгол Улсад стратегийн судалгаа хөгжлөө олж, хүрээлэнгийн суурь тавигдсан түүхтэй ажээ.
 
Тус хүрээлэнгийн 20 жилийн ойн хүрээнд “Стратегийн судалгаа 20 жилд” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр боллоо.  XXI зуунд аюулгүй байдлын нөхцөл өөрчлөгдөж, уламжлалт бус аюулгүй байдлын асуудал сөхөгдөн гарч буй сонирхолтой үед ОХУ, БНХАУ, АНУ болон Монгол Улсын нэр хүнд бүхий эрдэмтэн судлаач, төрийн зүтгэлтэн, дипломат албаны мэргэжилтнүүд оролцож байр сууриа илэрхийлсэнд манай талаас нэлээд ач холбогдол өгч байгаа юм байна.

Хурлаар “Аюулгүй байдлын шинэ орчин, Монголын үүрэг оролцоо”, “Монгол Улс дахь аюулгүй байдал судлалын тинк танкуудын үйл ажиллагаа”, “Ил эх сурвалжийн мэдээлэл боловсруулах ажиллагаан дахь судалгааны байгууллагын үүрэг” “Үндэсний аюулгүй байдал судлал: анхаарах асуудал” зэрэг илтгэл хэлэлцүүлжээ.

Стратегийн судалгааны хүрээлэн 2006 онд Аюулгүй байдлын зөвлөлд харьяалагдах болж, ҮАБЗ-ийг мэдээлэл, судалгаа, зөвлөмжөөр хангах үүрэг хүлээжээ. Тус хүрээлэн 1994 онд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалыг анхлан боловсруулж, 2010 онд Үндэсний аюулгүй байдлын Үзэл баримтлалыг шинэчлэн өөрчлөхөд мэдээлэл, судалгаа, зөвлөмжөөр хангаж хувь нэмрээ оруулсан байна.  Мөн ҮАБЗ-ийн бодлого, шийдвэрийг судалгааны үндэстэй болгох зорилгоор аливаа эх сурвалжид дүн шинжилгээ хийхийн зэрэгцээ бүс нутгийн хоёрдугаар сувгийн хүрээнд яриа, хэлэлцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцдог. Түүнчлэн судалгааныхаа үр дүнг олон нийт, судлаач эрдэмтдийн хүртээл болгон хэвлэн нийтэлдэг ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж