Тавантолгойн тогтоолд өөрчлөлт оруулахыг дэмжив

Хуучирсан мэдээ: 2011.11.24-нд нийтлэгдсэн

Тавантолгойн тогтоолд өөрчлөлт оруулахыг дэмжив

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай УИХ-ын 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай Я.Батсуурь, Д.Одбаяр нараас өргөн мэдүүлсэн төслийг тус бүр хэлэлцээд олонхийн саналаар “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүдийн байр суурь зөрлөө. Нэг хэсэг нь “Ард түмэндээ “Эрдэнэс тавантолгой” компанийн хувьцааг нэмж хуваарилах нь шударга хуваарилалт болно гэсэн бол нөгөө хэсэг нь “Монголын нийт баялгийн 80 шахам хувийг бүрдүүлж буй үндэсний аж ахуйн нэгждээ тус компанийн хувьцааны 10 хувийг нэрлэсэн үнээр нь арилжаалах ёстой. УИХ гаргасан шийдвэрээсээ няцаж болохгүй. Сонгууль дөхөж байгаа үед зарим гишүүдийн хувьд ард түмэндээ хайртай хүн болж таалагдахын тулд аж ахуйн нэгжид хуваарилахаар заасан 10 хувийн хувьцааг иргэдэд өгнө хэмээн улайрч байна. Энэ бол туйлын буруу. Эцсийн дүндээ олон улсын хөрөнгийн бирж дээр “Эрдэнэс тавантолгой” компанийн хувьцааг үнэгүйдүүлэх алхам болно” гэж тайлбарлалаа. Гэвч төсөл санаачлагчдын хувьд “Улсын хэмжээнд 67 мянган аж ахуйн нэгж байна гэж буй ч, тэрхүү хувьцааг худалдаж авах чадвартай нь ердөө 2700 компанийн эзэн байна. Энэ 2700 компанийн эзэн ажилчиддаа хувьцааны ашгаас хуваарилна гэж байхгүй. Тиймээс 2.7 сая иргэндээ хуваарилах нь илүү шударга хуваарилалт болно” гэлээ.

Мөн УИХ-ын гишүүн З.Энхболдын хэлснээр бол Тавантолгойн тогтоолыг УИХ-аас батлаад 1.6 жил болж буй ч энэ хугацаанд Засгийн газар тодорхой ажил хийгээгүй. Одоо болохоор гишүүдээр төсөл санаачлуулан тогтоолд өөрчлөлт оруулах асуудлыг тавьсан. Ингэснээр хариуцлагаас бултгах гэсэн арга гэлээ. Ийнхүү гишүүд хэн хэн нь байр сууриа хатуу хамгаалан тэмцсэн ч, санал хураалтын шатанд УИХ-ын гишүүдээс 69.6 хувь нь тогтоолыг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

Чуулганаар одоо Монгол Улсын Их хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр “үзэлцэж” байна. Энэхүү төслийн гол агуулга нь Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг УИХ-ын 19-өөс доошгүй гишүүн тавина хэмээн тодотгож өгчээ. Эл асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхтэй холбоотойгоор чуулганы нэгдсэн хуралдааны цагийг сунгаад байна.

Г.Дарь 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж