Өмнөд Солонгосын парламентийн отгон гишүүн Канг Сон Дунгийн гаргасан үйлдэл Солонгос даяар шуугиан тарьж байна. “Хан Ми FTA” буюу Өмнөд Солонгос АНУ хоорондын худалдааны холбооны ээлжит гэрээг Их хурлаар батлуулахгүй хэмээн хуурай нулимс асгаруулагчийг Их хурлын дарга руугаа цацсан Канг Сон Дунгийн уйлж байгаа зураг олон нийтийн дунд төдийгүй хэвлэл мэдээллийн хэрэгслийн гол сэдэв болоод байна. Түүнийг нулимс асгаруулагчаа цацсаны дараа Их хурлын танхимаас арав гаруй хамгаалагч хүчээр гаргажээ. Канг Сон Дун ч гэрээг цуцлахгүй бол эндээс холдохгүй хэмээн гөжиж эхэр татан уйлсан байна. Нэг талаас нь харахад түүний гаргасан үйлдэл бүдүүлэг мэт харагдана. Тэрбээр энэ үйлдлээ “Энэ бол миний иргэдийнхээ төлөө гаргасан нулимс” хэмээн тайлбарлажээ. Ер нь Япон, Өмнөд Солонгосын парламентын гишүүн, сайд нарын гаргаж байгаа үйлдэл нэг л өөр. Үүний өмнө буюу өнгөрсөн есдүгээр сард Японы шинэ Засгийн газрын худалдааны сайд Ёшио Хачиро Фукушима АЦС-ийн бүсийг “Үхлийн хот” гэж хэлснийхээ төлөө албан тушаалаа өгч байсан санагдана. Энэ мэт жишээнүүдийг дурдаад байвал их олон зүйл бий. Мөн саяхан Евро бүсийн хямралаас үүдэлтэйгээр Итали, Испани, Грек, Исламын Ерөнхий сайд нар огцорсон. Харин Монгол Улсад хариуцлага алдсан албан тушаалтнууд ажлаа хийж л байдаг. Ёстой чадаж байгаа юманд арга байхгүй гэдэг л болоод байгаа юм. Манай УИХ-ын гишүүдээс авлига л хээл хахуулийн хэрэгт орооцолдлоо л гэдэг. Нэг мэдэхэд хэрэг нь хаагдсан л байдаг. Тэд ч ажлаа хийсэн хэвээрээ ард түмэндээ хүндлэгдсээр л байна. Манайхан үнэхээр сэргэлэн хүмүүс юм даа. Харин гадны орнуудад төрийн алба хашиж байгаа хүмүүс нь дэндүү шударга, үнэнчээсээ болж ажлаа өгөөд байгаа хэрэг. Тэд манай УИХ, ЗГ-ийн сайд нар шиг сэтгэхүйтэй байсан бол ажлаа хийсээр байх нь мэдээж. Тэгэхээр УИХ-ын гишүүд гадаад, дотоодод явахдаа тухайн улсынхаа парламентын гишүүдтэй уулзаж туршлагаасаа хуваалцаж байх хэрэгтэй. Нэгэнт л эрх мэдэл байгаа юм чинь өөртэйгээ ижил хүмүүст туслахад юу нь болохгүй байв гэж. Өмнөд Солонгосын парламентын гишүүн Канг Сон Дунд манай УИХ-ын гишүүд захидал бичиж, сэтгэлийг нь засвал сайн сан.
Б.Энхмөнх
"Улс төрийн тойм" сонин