Ард түмний хянан шалгах хорооны тэргүүн Д.Нинж хяналт шалгалтын ажлаа хулхины байдлаар хийдэг гэдгийг шүүх тогтоов. Түүнийг хүн гүтгэж, нэр төрд нь халдсан хэмээн дөрвөн сар хорихоор болсон. Тэрбээр “С.Зориг агсны амь насыг хэн хөнөөсөн тухай баримт байгаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Улсын баатар Э.Бат-Үүл нар С.Зоригийг хөнөөсөн” гэсэн мэдэгдлийг хэвлэлийн хурал хийх үеэрээ олон нийтэд мэдээлснийхээ горийг ийнхүү амсаж байгаа юм байх. Ингэж хэлсэн нь үнэн ч гэлээ мань хүн шүүх хурлын үеэр өөрийгөө зөвтгөсөн ямар ч мэдээлэл хийгээгүй бөгөөд ярьсан зүйлийг нь нотлох баримт байгаагүй аж. Үүнээс гадна тэрбээр Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Сангийн сайд С.Баярцогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх тэргүүтэй УИХ-ын гишүүд Р.Фрийдландаас нэг сая ам.доллар авсан гэх мэдээллийг ч олон нийтэд тарааж байсан. Гэтэл энэхүү мэдээллийг нь Авлигатай тэмцэх газраас шалгаж дээрх гишүүдийг хууль зөрчсөн, мөнгө авсан тохиолдол байхгүйг тогтоосон байжээ. Энэ мэт үйлдлийг “Иргэний хөдөлгөөний дуу хоолой бологчдыг ээлж дараалан буруутгах ажиллагаа эрчимжлээ. Амлалт нэхэх ард түмний холбооны ерөнхий зохицуулагч Г.Уянга, сэтгүүлч А.Баатархуяг нарыг буруутай гэдэг шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт шүүхээс гаргасан. Тэгвэл тэдний араас Д.Нинжийг буруутгалаа гэх яриа гаргаж байгаа нэг хэсэг байхад хэлсэн зүйлээ нотолж чадаагүй Д.Нинж баатар болох гээд гүтгэгч болов гэх нь ч байна.
Р.Сарангоо
"Улс төрийн тойм" сонин