”Тариаланчид тариагаа борлуулж чадахгүй байна”

Хуучирсан мэдээ: 2011.11.24-нд нийтлэгдсэн

”Тариаланчид тариагаа борлуулж чадахгүй байна”

Төв аймгийн ерөнхий агрономич Д.Сүрэн­хор­лоотой ургац хураалтын талаар ярилцлаа.

-Энэ жил хэр ургацтай байв. Хураалтын тухайд юу хэлмээр байна?

-Манай аймаг энэ жил үр тариа 106,9 мянга, төмс 63,2 мянга, хүнсний ногоо 13,1 мянган тонныг хурааж авсан. Өнгөрсөн жил үр тарианы га-гийн ургацаараа, нийт хурааж авсан төмсний ургацаараа улсад тэргүүлсэн. Энэ жил тэр амжилтаа бататгаж, га-гаас 17,9 цн үр тариа, 63,2 мянган тн төмс хурааж улсдаа тэргүүлсэн амжилттай байна. Энэ амжилт бол манай тариаланч, ногоочдын нөр их хөдөлмөр, төр засгаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, мөн байгаль, цаг уурын таатай нөхцөл нөлөөллөө. Сумдаас хамгийн их ургац, Эрдэнэсант сум үр тариа га-гаас 20,1 цн буюу хамгийн өндөр Угтаалцайдам сум 32 мянган тонн үр тариа хураан авсан аймгийн хэмжээнд хамгийн их үр тариа авсан сумаар, Жаргалант сум га-гаас 170 цн төмс хурааж нэгжийн ургацаар, мөн нийт хурааж авсан 36 мянган тонн төмсөөр хамгийн их ургац авсан сумаар тус тус шалгарсан. Хүнсний ногоогоор Сүмбэр сум га-гаас 140 цн, Борнуур сум нийт хурааж авсан хүнсний ногооны хэмжээгээр тэргүүлсэн.

-Хураасан төмс, хүнсний ногоогоо зарж борлуулах талаар ямар арга хэмжээ авч байна вэ?

 – Аймаг зах зээлд ойрхон, нийслэлчүүдийн хэрэгцээг хангадаг уламжлалтай. Төмс, хүнсний ногооны хувьд аймгийнхаа хэрэгцээг хангаад илүү гарсан 40-50 мянган тонныг Улаанбаатарын зах зээлд жил бүр борлуулдаг. Энэ жилийн хувьд үр тарианы борлуулалтад асуудал үүсэж байна. Гурилын үйлдвэрүүд үнийг шийдэж өгөхгүй байгаагаас борлуулалт муу байна. Тариалан дэмжих сан болон Засгийн газрын нөөцөд зохих буудайг тушаасан.Урьд жилүүдэд “Алтан тариа”, “Улаанбаатар” гурил, “Миллхаус” зэрэг гурилын үйлдвэрт 30-аад мянган тонн буудай тушаадаг байлаа. Энэ жил ердөө 12 мянган тонн буудай тушаагаад байна. Тариаланчид гурилын үйлдвэрүүдийг харсан байдалтай байна. Аймгийн хувьд 30 мянган тонн буудай борлуулчихвал үлдсэнийг нь өөрсдөө хадгалчих боломжтой юм.

-Буудайн үнэ өндөр байна гээд тэр үү?

-Гурилын үйлдвэрүүд үнэ өндөр байна гэж ярьж байна. Тариаланчид нэгэнт Засгийн газраас тогтоосон 350 мянгаа байг гэхэд, тонныг нь 300 мянгад өгье гэхэд гурилын үйлдвэрүүд өндөр байна гэж байгаа.

-Тэгэхээр хаанаас улаан буудай авах вэ?

-“Алтантариа” компани гол үнийг барьж байгаа. Бусад гурилын үйлдвэрүүд тус үйлдвэрийн авсан жишиг үнээр авна гэсэн байдалтай байна. “Алтантариа” ХК ОХУ-аас нэг тонныг нь 170 мянган төгрөгөөр улаанбуудай оруулж ирэх гэж байгаа гэсэн. Атрын гуравдугаар аян зарласны үр дүнд Монголын газар тариалангийн үйлдвэрлэл сэргэж, дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангах зорилтоо биелүүлсэн. Гэхдээ Засгийн газраас тодорхой арга хэмжээ авч гааль, НӨАТ-ыг нэмж, дотоодын үйлдвэрлэгчээ хамгаалахгүй импортын буудайг чөлөөтэй оруулж, тариаланчдаа унагах юм бол цаашдаа газар тариалан хөгжихөд хүнд болно. Тариаланчид улаанбуудайгаа ургуулчихлаа, борлуулалтыг нь зах зээлийн жамаар татварын бодлогоор, гаалийн бодлогоор зохицуулах үүрэг Засгийн газарт байгаа гэж бодож байна.

-Үүнийг Засгийн газар зохицуулахгүй бол олон хүний хүч хөдөлмөр талаар болох нь ээ?

-Тийм ээ, нэгд тариаланчдын тэр их хөдөлмөр үр дүнгүй болно. Хоёрт, гадаадаас үргэлж тийм хямдхан буудай аваад байх нь баталгаатай биш шүү дээ. Манай аймгийн хувьд газар тариаланд 25 мянга орчим хүн ажиллаж байна. Улсын хэмжээнд мэдээж нэлээд том тоо гарч ирэх байх. Ганц үйлдвэрээс болоод энэ олон дотоодын үйлдвэрлэгчдийг унагана гэдэг маш их хортой. Бидэнд гашуун туршлага бий. 1990 онд зах зээлд шилжээд газар тариаланг буруу хувьчилснаас 19 жил гаднаас гурил ч авч байлаа, буудай ч авч байлаа. Атрын аянаас хойш сэргэсэн энэ үйлдвэрлэлийг тогтвортой тогтоон барих нь төрийн бодлого мөн. Харин нэг жил гадаадад буудайны үнэ хямд гээд дотоодын үйлвэрлэлээ унагах юм бол дахиад 20 жил ургацгүй, ахиад газар тариалан уналтын байдалд орохыг үгүйсгэхгүй байна. Тиймээс олсон амжилтаа бататгах бодлого чухал байна.

-Төмс, хүнсний ногоо ченжийн гар дамжин хэрэглэгчдэд өндөр үнэтэй хүрч байгаа талаар?

-Төмс, хүнсний ногооны жижиглэнгийн үнэ кг нь 800-1000 төгрөгөөр борлогдож байна. Яг газар дээрээ нэг кг нь 250 төгрөг л байгаа. Тэгээд хотод авчираад 600, 800, 1000 төгрөгөөр зарж байна. Тэгэхээр яг л ченжийн гарт байна. Яагаад гэхээр үйлдвэрлэгчид маань төмс, хүнсний ногоогоо хадгалах агуулах сав байхгүй. Өөрсдөө нийт хураасан ургацынхаа 20 хувийг хадгалаад, 5 сар хүртэл борлуулдаг. Илүү ургацаа хадгалах савгүй болохоор ченжүүдэд өгчихдөг. Ченжүүд авсан төмсөө 2-3 нугалж зараад байна.Хэрэв хадгалах зоорийг шийдчих юм бол иргэдэд төмс, хүнсний ногоо хямдхан очих боломж бий.

-Хуучин нийгмийн үед байгуулсан үр тарианы том агуулахуудад буудай хадгалж болохгүй юу?

-Улаанбаатар хотод “Алтантариа” компанийн мэдлийн 120 мянган тонн буудай авах хүчин чадалтай агуулах байна. Тэднийх 20-хон мянган тонн буудай авчихаад үнэ дээрээ тохирохгүй, сав нь хоосон байгаад байдаг.

Хоосон агуулахыг нь түрээслэх гэхээр маш өндөр үнэ хэлдэг. Дарханы гурилын үйлдвэр, Сэлэнгийн гурилын үйлдвэр, Булганы гурилын үйлдвэр “Алтантариа” компанийн салбар болсон учир бүх агуулах тэдний мэдлийнх. Улсын мэдлийн агуулах байхгүй. 

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж