Хямралаас болж орос захирлуудын цалин буурчээ

Хуучирсан мэдээ: 2011.11.24-нд нийтлэгдсэн

Хямралаас болж орос захирлуудын цалин буурчээ

“Форбес” сэтгүүлийн Орос ху­вилбарт тус улсын томоохон ком­паниудын захирал, дарга нарын ца­лингийн жагсаалтыг нийтэлжээ. Энэ дунд газрын тосны салбарынхны цалин жагсаалтыг тэргүүлсэн байна. Харин дараа нь хүнд үйлдвэрийнхэн болон банкирууд оржээ. Гэхдээ ерөнхийдөө тэдний цалин хямралаас үүдэн нэлээд буурсан байна. Гэхдээ “Форбес” сэтгүүл дээрх Оросын “ВТБ”-ын дарга нарын цалинтай холбоотой мэдээллийг тус банкны төлөөлөгчид үгүйсгэсэн аж. Гэхдээ энэ талаар “Форбес” сэтгүүлээс ямар нэгэн тайлбар хийгээгүй байгаа билээ.

“ВТБ” группын “ВТБ Капитал” банкны ерөнхийлөгч Юрий Соловьев 25 сая ам.долларын цалинтай байгаа аж. Энэ үзүүлэлтээрээ тэрбээр банк­ны салбарт ажиллагсдын орлогын жагсаалтыг тэргүүлжээ. Үүнээс өм­нө Оросын “IPO” группын салбар “Русал” банкны ерөнхий захирал Александр Булыгин 2006 онд 19 сая ам.долларын цалинтайгаар жаг­саалтын нэгдүгээрт орж байсан юм. Түүнчлэн “Норильского никеля”-ийн ерөнхий захирал Владимир Стржал­ковский 2009 онд 24.8 сая ам.долларын цалин авч байсан нь тухайн үедээ нэлээд өндөрт тооцогдож байв. Ю.Соловьевийн цалин тэдний аль, алинаас нь давч гарчээ. “АФК”-ын ерөнхийлөгч Михаил Шамолин 10 сая ам.доллар, “МТС Украина”-ийн ерөнхий захирал Андрея Дубовскова таван сая ам.долларын цалин тус тус авчээ. Харин газрын тосны салбарт “Роснефть”, “Газпром”-ын удирдах албан тушаалтнуудын цалин хам­гийн өндөр гарсан байна. Өмнөх жилүүдэд ч бас иймэрхүү үзүүлэлт гарч байсан билээ.

Оросын Засгийн газар газрын тосны салбараа бүрэн хяналтандаа байлгадаг учир тэдгээр компаниуд төрийн мэдлийн нэгжид тооцогддог. Гэхдээ санхүүгийн хямрал болж байгаатай зэрэгцээд өнгөрсөн жи­лүүдэд болсон ган гачиг, үерийн гамш­гаас болоод төсвөө нэмэх шаардлагатай болсон учраас Крем­лийн удирдагчид төрийн мэдлийн нэгжүүдийн хувьцааны тодорхой хэсгийг хөрөнгийн биржүүдээр дам­жуулан худалдахаар болсон юм. Үүнтэй зэрэгцээд Оросын Ерөнхий сайд Владимир Путин төсвөө танах эрсдэл тулгарч байгааг өчигдөр анхааруулжээ. Ирэх сарын 4-нд тус улсад парламентын сонгууль болно. Тиймээс энэ үеэр сонгогчдын санал, дэмжлэгийг авахын тулд Оросын эрх баригчид мөнгөний бодлогоо хумихгүй байгаа хэмээн гадны ажиглагчид дүгнэж байсан юм. Харин В.Путин хэлсэн үгэндээ “Бид аж үйлдвэрлэлийн салбарт олон эрсдэлтэй тулгарсаар байна. Гадаад, дотоод олон хүчин зүйлээс хамаарч байгаа энэ хямралын эсрэг тодорхой алхам хийх хэрэгтэй” хэмээн онцолжээ. Ирэх гуравдугаар сард болох Ерөнхийлөгчийн сон­гуульд нэр дэвшихээ мэдэгдээд буй В.Путины хувьд Орос улс Дэлхийн худалдааны байгууллагад элссэнээр хөрөнгө оруулагчдыг татаж, эдийн засгаа тогтворжуулах боломжтой гэдгийг сүүлийн үед хүлээн зөв­шөөрөх болсон юм.

Ямартай ч өнгөрсөн сард Оро­сын эдийн засгийн үзүүлэлт өм­нөх сарынхтай нь харьцуулахад 0.9 хувиар өсчээ. Мөн энэ оны эх­ний арван сарын байдлаар 4.3 ху­вийн өсөлт ажиглагдсан байна. Гэхдээ энэ нь ам.доллар, еврогийн ханш унаснаас рублийн ханш чан­гарсантай холбоотой юм. Дээрх мэ­дээлэл гарсны дараа рублийн евро, ам.долларын сагстай харьцах ханш нь ялимгүй өсчээ. Оросын эдийн засаг энэ оны эцэс гэхэд 4.5 хувиар өснө гэсэн таамаг байгаа билээ. Гэхдээ Евро бүсийн хямралаас болоод энэ үзүүлэлт буурч магадгүй болсон. Энэ бүхэн нь томоохон компани, банкуудын удирдах ажилчдын ца­лин буурахад тодорхой хэмжээнд нөлөөлсөн гэх дүгнэлтийг “Форбес” сэтгүүлээс гаргаад байна.

Т.Элиса

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж