ШШГА-ны байрыг хоригдлууд барьж байна

Хуучирсан мэдээ: 2011.11.24-нд нийтлэгдсэн

ШШГА-ны байрыг хоригдлууд барьж байна

Сүүлийн үед төрийн мэдлийн албан байгууллагын газрыг хэн нэгэн эрх мэдэлтэн, компани хувийн өмч болгох тохиолдол нэлээд гарч байгаа. Тухайлбал, Улсын Драмын театрийн урд талаас “Алтай констракшн” газар хумсалсан, Түлэнхийн төвийн зүүн хойно нэгэн барилгын компани орон сууцны барилга барихдаа гараашийг нь бөглөж, түргэний машин орох газаргүй болтол дээрэнгүй хандсан гэх мэтчилэн газрын төлөөх дайн энд тэндгүй ар араасаа хөвөрсөөр байна. Монгол Улсын нэг сая 566.6 мянган квадрат газарт 2 сая 787 мянга гаруй хүн дураараа холхиж, дунд чөмгөөрөө тоглохоор “Хангалттай талбайтай байхад юунд нэг газар чихцэлддэг юм” хэмээн гадаадынхан ёжлонгуй агаад шоолонгуй хэлдэг. Тэгтэл Улаанбаатар хотод “газар” гэгч бараг алтнаас ч илүү үнэтэй болсон. Хотын төвд хаана ашигтай байрлалтай газар байна, түүнийг нь бэл бэнчинтэй нэг нь ямар ч үнээр хамаагүй авна хэмээн давшилдаг болжээ. Жишээлбэл, Зайсангийн зүүн хойноос газар авахыг хүсвэл  доод тал нь нэг га нь тэрбум төгрөг байдаг аж. Гэтэл зарим нэгэн эх сурвалжийн хэлснээр “Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба ажлын төв байраа шинэчилэн барьж байгаа.  Тэр нь хуучин барилгынхаа талбайгаас хамаагүй багассан, үлдсэн зайд нь нэгэн компани хувийн барилга барих гэж байгаа” гэх мэтчилэн асуудал үүсээд байгаа бололтой. Бид энэ талаар сурвалжлахаар тус газрыг зорьсон юм. Тээврийн товчооны зүүн талд байрлах энэ барилга өмнө нь хоёр давхар бай­сан. Байршлын хувьд ч төв замд ойрхон, хүний хөл хөдөлгөөн ихтэй газар. Хажууд нь төмөр зам дээгүүр баригдаж байгаа Японы хөрөнгө оруулалттай давхар гүүрийн барилгын ажил оволзож байх юм. Дөрвөн давхар, техникийн хэсэгтэйгээ таван давхар тус конторын барилгыг  ирэх сард багтаан ашиглалтад оруулах гэнэ. Биднийг очиход барилгын ажил өрнөсөн шинжгүй. Ажилчид нь ч  үзэгдсэнгүй. Барилгын өмнө талд нь хуучин барилгынх нь хэсгээс үлдсэн бололтой нураагаагүй хоёр давхар 20 метр орчим саарал байшин харагдана. Үүдний харуул нь гадны хүн  оруулахгүй байв. Хашааны хаалганых нь жижиг цонхоор хэдэн зүйл асуутал “Ямар ч хариулт өгөх боломжгүй” гэлээ. Учир нь энд хорих ангиудын хүмүүжигч нар ажилладаг, онцгой бүс учраас гадны хүн орж болдоггүй аж. Улсын төсвөөр, нийтдээ хоёр тэрбум 68 сая төгрөгийн өртгөөр барьж байгаа энэ барилгыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ямар нэгэн барилгын компанигүйгээр өөрсдөө хоригдлуудаараа бариулж байгаа гэнэ. Өмнөх барилгынх нь талбайгаас гадна хэмжээгээрээ 18 метрээр бага ба гурван мянга 130 метр квадрат талбайд баригдсан  аж. Тэгэхээр  үлдсэн талбайг яах гэж буй нь дээрх эх сурвалжуудын өгүүлснээр анхаарал татахаар юм. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны барилгын ойр орчмын иргэдээс зарим нэгэн зүйлийг асуухад: Тус газрын оршин суугч  Г.Эрдэнэхуяг “Хоригдлууд энэ байрыг барьж байгаа юм билээ. Саяхныг хүртэл ажиллаж байсан. Сүүлийн хэд  хоног ажилчид нь харагдахгүй л байна. Эд нар өмнө талдаа хуучин барилгаасаа 20 метр орчим газар үлдээсэн байсан. Тэдний хажууд нэг Цайны газар маягийн юм байдаг. Түүнд зарж байгаа гэх сураг дуулдсан. Тэгвэл энэ байрных нь хажуугаар ямар ч машин тэрэг орох зайгүй болно” хэмээсэн юм.

Төрийн данстай байгууллагуудын дотроос байшин барилгынхаа өнгө үзэмжид хамгийн их анхаарал хандуулж байгаа, шинээр олон барилга барьж байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар бололтой. Улаанбаатар хот, хөдөө орон нутагт шинээр ажилчдын орон сууц, хорих байр барих гээд нөр их ажлыг өрнүүлж байгаа гэнэ. Тэд ямар ч барилгын компаниас хамгийн бага өртгөөр барьдаг аж. Учир нь хоригдлууд ажиллуулдаг болохоор тэр. Хүмүүжигчид хийж байгаа ажлаасаа хамаараад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг. Гэхдээ 50 хувийг нь авдаггүй ба хорих ангийнх нь данс руу шилждэг байна. Харин үлдсэн нь өөрсдийнх нэрийн данс гэгч рүү ордог бөгөөд ялаа эдэлсний дараа авах боломжтой аж. Бид дээр дурьдсан газраас үлдсэн хэсгийн эргэлзээтэй байдлын талаар албаны хүмүүсээс  тодруулсан юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Санхүү, үйлдвэр төлөвлөлт, бодлого, зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн ахлах дэслэгч Г.Энхбаяр “Тэр үлдсэн 18 метр газрыг ямар ч гадны компанид өгөөгүй. Тийм эрх ч бидэнд байхгүй. Энэ нь төрийн өмч учраас бусдад шилжүүлэх боломжгүй байдаг. Тэр талбайг тохижуулахаар үлдээсэн нь тэр. Тэнд машины зогсоол  барихаар төлөвлөсөн. Манай барилгын инженерүүд өөрсдөө загвараа боловсруулсан” гэлээ.

Л.Баатархүү

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж