Ж.Оджаргал айлын таван хүүхдийн дундах нь. Эцэг, эх нь хоёулаа эмч хүмүүс байсан боловч нэлээд эрт өвчний улмаас хорвоог орхижээ. Харин Ж.Оджаргал ах, дүү нарынхаа хамт эмээгийнхээ гэрт өсч өндийсөн байна. Энд тэнд хэвтэж байгаа товчуудыг цуглуулж эмээдээ аваачиж өгөх дуртай байсан тэрбээр юм ховор байх үед гадны шошготой пичень, ундааг хараад баярладаг байжээ. Тэгж явахдаа ирээдүйд өөрийн гэсэн вант улсаа байгуулах юм гэж зүүдлээ ч үгүй байсан нь мэдээж. Харин ангийнхаа хүүхдийн дурсгалын дэвтэр дээр өндөр барилгууд, “Кока Кола”-ийн эмблем зурж өгч байсныгаа нэлээд хожим санаж, түүнийгээ байн байн ярих дуртай гэх. Магадгүй энэ нь олон нийтэд “Тэр угаасаа л бизнесмэн болох заяатай төрчихсөн хүн” гэсэн ойлголтыг төрүүлэх гэсэн оролдлого ч байж мэднэ. Цахилгаан хөгжим, гитар тоглох дуртай байсан сурагч Ж.Оджаргал нийслэлийн 33 дугаар сургуулийг 1983 онд төгсжээ. Зүгээр ч биш бүр ЗХУ руу явж, хүссэн сургуульдаа орох эрхтэйгээр төгссөн байна. Хаалттай нийгэм бүхий Монголд гадны гэх юм бүхэн шинэ содон, гоё байдаг байв.
Энэ жишгээр Ж.Оджаргалд “кибернетик” гэсэн гадаад үг таалагдсан учир тэр Киевийн Политехникийн дээд сургуулийн Цахилгаан схемийн кибернетикийн ангид оржээ. Гэхдээ тэр хичээл хийхээс өөрийг мэддэггүй, 60 рублийн тэтгэмж харж амьдардаг ядарсан оюутан байхыг хүссэнгүй. Дамын наймааг үзэн ядах сэтгэлгээг төлөвшүүлдэг байсан социализм задраагүй байхад Ж.Оджаргал хэдийнэ наймаа хийгээд эхэлчихжээ. Тарваган малгай, жинсэн өмдний наймааны зуучлагч болж түүнээсээ хувь хүртэн трельяж, мотоциклийн поршень, тамхины цаасыг монголчуудад зарж явсаар овоо хөлжсөн байна. Анх авсан үнийг нь 25 дахин нугалж зардаг байсан тамхины наймаагаар Ж.Оджаргал одоо ч бахархах дуртай гэсэн.
Сургуулиа төгссөнийхөө дараа тэрбээр 1989 онд Төвийн эрчим хүчний системд инженерээр орж, 1991 онд Эгийн голын усан цахилгаан станцыг босгох Азийн хөгжлийн банкны төслийн багт ажиллажээ. Энэ үеэс “Consulting service” буюу “Зөвлөх үйлчилгээ”-г сонирхох болсон байна. Тэр үед түүний хийх гэж буй ажлыг олон хүн шоолж байсан гэдэг. Гэсэн ч тэрбээр 1993 онд “Mongolian Consulting Service” буюу “MSC” компанийг байгуулав.
Ж.Оджаргал нэгэн ярилцлагадаа “Юу хийвэл хамгийн үр дүнтэй, дээр нь олон нийтийн дэмжлэгийг авч чадах вэ гэдгийг байнга ажигладаг” тухайгаа дурьдсан байна. “MCS”-ийн анхны бизнес оргилуун дарсны наймаа байсан бол дараа нь Дэлхийн банкны таван мянган ам.долларын санхүүжилттэй төслийг авах ажил руу оржээ. “Урт цагаан”-ы тэнд түрээсэлдэг жижигхэн өрөөндөө гадны төлөөлөгчидтэй уулзахаас ичиж, Статистикийн төв газарт ажилладаг найзынхаа оффисыг царайчлаад сууж байсан үе түүнд бий. Ажил дээр нь ширээ, компьютер хэрэгцээтэй байснаас санаа авч, Сингапураас сандал ширээ оруулдаг “Анун” төвийг байгуулав. Сингапурт явж байхдаа танилцсан шинэ түнштэйгээ хамтран “Интерпрэсс” хэвлэх үйлдвэрийг байгуулж, 1997 оноос өмч хувьчлалын хоёр дахь үе шат эхлэнгүүт “Спирт бал бурам”-ын хувьцааны 51 хувийг 650 сая төгрөгөөр худалдан авлаа. Ингээд Ж.Оджаргал “шинэ Монгол” болов. Архин далайд живсэн иргэдээ аврахын тулд төрөөс согтууруулах ундааг сурталчлахыг хуулиар хориглосоор олон жилийн нүүр үзэж байгаа. Гэхдээ Ж.Оджаргал “Сайн үйлсийн аян”, “Алсын хараатай амьдарцгаая” зэрэг далд сурталчилгаа цацаж, “Спирт бал бурам”-ыг хөл дээр нь босгож, “Хар Чингис”-ийг брэнд болгосон. Хаана их мөнгө эргэлдэж байна, тэнд Ж.Оджаргал үзэгдэх болов.
АНУ-ын Элчин сайдын яамны урилгаар “Кока Кола”-ийн үйлдвэрийн тендерт оролцон ялж, “Tiger”-ийн албан ёсны дистербютер ч болжээ. Шанхайд болсон “Кока Кола”-ийн үйлдвэрийн захирлуудын уулзалтын үеэр “Зөвхөн Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай л харьцдаг” хэмээн том дуугардаг “Кэри” группын эзэд болох эцэг хүү Коктой тааралдчихаад тэднийг Монголд “Шангри-Ла”-ын салбарыг байгуулахыг ятгаж чадсан гэдэг. Гэхдээ эхэндээ зочид буудал болохоор баригдаж байсан энэ газар өнөөдөр оффисын зориулалттай “Central Tower” болсон юм. “Dell”-ийг Монголд оруулж, дампуурах дөхсөн “Монгол Амикал”-ыг худалдан авч “Гоёо” брэндийг гаргаж ирсэн. Ерөнхий сайд асан С.Баяр бизнесмэнүүдээс Тавантолгойн хувьцааг төрд өгөхийг шаардах үед гэдийсээр байгаад Ухаа худгийг авч үлдсэн хүн бол Ж.Оджаргал. “MCS”-ийн “Mongolian mining corporation” Хонконгийн Хөрөнгийн бирж дээр Ухаа худгийн лицензийг барьцаалан хувьцаа гаргаж, нэг тэрбум ам.доллар босгосон нь олон хүний атаархлыг төрүүлсэн. УИХ-ын гишүүн Ц.Цэнгэл нэгэн ярилцлагадаа “Тавантолгойн хувиа өгөөгүй Ж.Оджаргал хожоод л явж байна” хэмээн халагласан удаатай.
Ж.Оджаргал “Irish pub”-ийг байгуулах үед Драмын театрын жүжигчид байрлалаас нь болж хүчтэй эсэргүүцэж байв. Гэвч хэсэг хугацаа өнгөрсний дараа намжжээ. “Central Tower”-ын барилгыг барих үед мөн л олон нийтийн ширүүхэн эсэргүүцэлтэй тулж байв. Баригдаж дууссаныхаа дараа урд талын цэцэрлэгээ тохижуулсан учир тэгсхийгээд хэл ам татарсан юм. Харин одоо Ухаа худгийн нүүрсийг урд хөрш рүү тасралтгүй зөөж байгаа “MCS” группыг Өмнөговийн хөрсийг улаан тоосоор эргүүлж, дэд бүтцийн ямар ч хөгжил байхгүй, хоосон цөл газар болгож байгааг шүүмжлэх хүн олон байгаа. Түүнчлэн Мянганы сорилтын сангийн төслөөр дамжуулан оруулж ирж байгаа утаагүй түлшний 70 мянган зуухыг нь өөнтөглөхөө ч мартаагүй. Иймэрхүү хэл амыг тэр хэрхэн яаж дарахыг хэлж мэдэхгүй юм.
Ж.Оджаргал гурван хүүхэдтэй. Түүний эхнэр Д.Батмөнх “Орчлон” сургуулийн захирал. Боловсролын удирдлагын магистр, Ардын боловсролын тэргүүний ажилтан тэрбээр нөхөртэйгээ Киевт танилцаж байжээ. Харин наймаа хийж нэлээд хөлжсөнийх нь дараа 1987 онд хуримаа нижгэр хийж байсан аж. “Дэлхийн хөгжлийг Монголд” гэх уриатай “MCS” компани “Орчлон” сургуулийг байгуулах үедээ “Бид дэлхийн иргэнийг хүмүүжүүлнэ” гэх үгийг уриа болгож байв. Зөвхөн Ж.Оджаргалын хүүхдүүд төдийгүй Монголын нэртэй, зүстэй айлын хүүхдүүд ч “Орчлон” сургуульд сурдаг. Харин сургуулийнхаа барилгыг өөрийн хүчээр барьсан тэр цагаас хойш Ж.Оджаргал энэ салбарын бизнесийг сонирхож эхэлжээ. “MCS”-ын ерөнхий захирал Ж.Оджаргал нэгэнтээ “Гэр бүлийн бизнес гэж байдаггүй юм” хэмээн ярьж, хүүхдүүд нь хүсэхгүй, эсвэл чадахгүй бол тэднээс “Энэ бизнесийг заавал үргэлжлүүл” гэж шаардахгүй гэдгээ хэлж байв. Гэхдээ түүний ах Ж.Од “MCS” группийн ерөнхийлөгч билээ.
“Wall Street Journal” сонинд Хятадын компаниудтай бизнесийн салбарт хамтарч ажилладаг Ж.Од, оросуудтай түншилдэг Х.Баттулга хоёр Тавантолгой, Сайншандыг холбох төмөр зам барих асуудалд хэрхэн зөрчилдөж байгаа тухай бичиж байсан. Энэ үеэр Ж.Одын хэлсэн “Оросууд ордуудыг холбосон төмөр замын салбарт монополь байдлаа тогтоочихвол тэд Монголын байгалийн баялгийг бүхэлд нь хянадаг болно” гэх үгийг тус сонин иш татсан юм. Магадгүй түүний энэ үг хоёр их гүрний дунд хавчуулагдсан Монголын улс төр дэх геополитик, бодлогын зөрчлийг тод харуулсан бололтой.
“MCS” группын ерөнхийлөгч Ж.Од өмнө нь Вашингтон дахь Монголын Элчин сайдын яаманд нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж байв. Мөн Ерөнхий сайдын Гадаад бодлогын зөвлөх байснаас гадна 2002 оноос Дани улсын өргөмжит консул болжээ. Тэрбээр Москвагийн Олон улсын харилцааны институт, Оксфордын их сургуулийн Гадаад харилцааны институтыг дүүргэсэн юм. Оюутны амралтаараа Монголд ирчихээд Сэлбэ голын цементэн хашлагыг хийх ажилд оролцож байж. Хожим нь дүүгийнхээ үүсгэн байгуулсан “MCS” группийн ерөнхийлөгчөөр ажиллах болсон юм. “MCS” групп 4000 хүн зэрэг хүлээн авах хүчин чадалтай “Скай резорт”-ыг байгуулсны дараа Ж.Од “Манай улс дэлхийн бусад орны иргэдтэй адил стандарттай цанын баазтай боллоо. Бүгдээрээ цаначин болцгооё” гэж уриалж байв. Сүхбаатарын талбайн зүүн урд газар авах үеэсээ л хэл амны бай болж, тэнд зочид буудал байгуулах болсныг шүүмжлэх хүн захаас аваад мундахаа больсон. Энэ үед Ж.Од мөн л гарч ирээд “Алийн болгон гоё бүхнийг киноноос харж суух вэ дээ” хэмээн ундууцаж байв. “MCS”-ийн хөрөнгө оруулалттай “Unitel” корпораци ч эдүгээ байр сууриа эзэлсэн төдийгүй өвөрмөц шийдэлтэй рекламуудаараа алдартай. Ногоон өнгийг зөвхөн “Unitel”-ийнх болгон “өмчилж” чадсан нь Ж.Одын гавьяа юм. “MCS”-ийн од бүхий эмблемийг мөн л тэр зохиосон аж. “Торгон мэдрэмжтэй, өндөр боловсролтой” хэмээн дүү нь түүнийг магтсан гэдэг.
Ямартай ч өнөөдөр 3100 ажилчинтай, жилд хэдэн арван тэрбумаар тоологдох татвар улсад төлдөг “MCS” гэгч вант улс хэдийнэ бий болсон билээ. Энэ бүхнийг бүтээн байгуулж, ширхэг тоосгыг хүртэл өөрийн гараар босгосон эдний гэр бүлд “аз” гэдэг зүйл үнэтэй олджээ. Сэтгүүлчид сонгууль болохын өмнөх жил болгон түүнээс парламентад орох эсэхийг нь асуудаг. Харин энэ тоолонд тэр “Надад улс төрд хийх зүйл байхгүй” хэмээн бардам хариулдаг хэвээр.
"Улс төрийн тойм" сонин