Багш нар даваа гаригаас ажил хаяна гэв

Хуучирсан мэдээ: 2011.11.24-нд нийтлэгдсэн

Багш нар даваа гаригаас ажил хаяна гэв

Нийслэл, орон нутгийн багш нар ажил хаялт зарлах болсон талаараа өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэд “Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороо” шийдвэрээсээ ухарч, 2012 оны гуравдугаар сарын 1-нээс 80 мянган төгрөгөөр, тавдугаар сарын 1-нээс 23 хувиар нэмэгдүүлэхээр ирэх оны төсвийг УИХ-д өргөн барьсныг эсэргүүцэж, хэвлэлийн бага хурлаар дамжуулан мэдээлэл хийж, жагсаал цуглаан зохион байгуулж, Засгийн газарт удаа дараа шаардлага хүргүүлсэн ч тодорхой хариу хүлээж аваагүй гэж үзэж байгаа тул ийнхүү ажил хаялт зохион байгуулахаар болсон байна. Улмаар арваннэгдүгээр сарын 28 буюу ирэх даваа гаригаас эхлэн ЕБС, цэцэрлэгийн багш, ажилтнууд сануулах ажил хаялт хийх болсноо өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр албан ёсоор мэдэгдэв. Тэд цалин, орлого нэмэгдүүлэх асуудлыг ирэх оны эхнээс хэрэгжүүлэхийг шаардаж байгаа билээ. Харин асуудлыг шийдвэрлээгүй тохиолдолд хугацаагүй ажил хаялт зарлах гэнэ. Түүнчлэн тэдний энэхүү тэмцлийг соёл урлаг, хэвлэл мэдээлэл, эрүүл мэндийн салбарын ажилтнууд болон хөдөө, орон нутаг, нийслэлийн үйлдвэрчний эвлэлийн холбоод дэмжиж, ажил хаялтад нэгдэх болсон тухай ч дуулгав.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж