Ямар ч аргаар хамаагүй зорьсондоо хүрч, дөрвөн хүүхдээ ээжтэй нь, өөрөө ханьтайгаа уулзаж байсан түүний сургийг гаргаж, ар гэрийнхэн нь ямаршуухан байдалтай амьдарч байгааг сурвалжлахаар өчигдөр түүнтэй холбогдсон юм. Тэрбээр энэ явдлын талаар нэг их зүйл ярихыг хүсэхгүй байгаагаа хэлсэн юм. Учир нь энэ талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр ярьсны дараа Л.Байгальмаагийн төрөл төрөгсөд дургүйцэж, хүүхдүүдийг нь л гэхэд ангийнх нь хүүхдүүд, ойр орчмых нь хүмүүс гадуурхах болсон аж.
Ингээд түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэж байна.
-Та эхнэртэйгээ дахиж уулзах гэж оролдсон уу?
-Дахиж уулзах гэж оролдоогүй ээ. Бидэнд мөнгө байхгүй учир энэ асуудал их хэцүү тусаж байгаа.
-Таныг хүүхдүүдээ дагуулаад эхнэртэйгээ уулзсан гэдгийг монголчууд мэдэж байгаа. Үүний дараа ямар нэгэн өөрчлөлт мэдрэгдсэн үү?
-Ямар ч өөрчлөлт мэдрэгдээгүй. БНХАУ-д хар тамхи зөөсөн хэрэгт холбогдож олон жилийн ял сонссон олон хүн байдаг юм билээ. Тэр хүмүүсийн ар гэрийнхэн юу ч дуугараагүй байхад би түрүүлж хэвлэлийнхэнд хандсанаараа золиос болчихсон юм шиг сүүлийн үед бодогдох болсон шүү. Холбогдох албаны хүмүүс ч “Энэ нэг юм ингэж л байдаг юм” гэж залхсан маягаар ханддаг хэвээрээ байгаа. Үүнээс гадна эхнэрийн маань төрөл төрөгсөд ч намайг элдэв янзаар хэлэх болсон.
-Яагаад золиос болсон гэж бодох болсон юм бэ?
-Бидэнтэй ижилхэн зовлонтой олон хүн байдаг юм билээ. Гэтэл нэг нь ч манайхан шиг дуугарч байгаагүй. Энэ бүхэн ямар ч нэмэргүй гэдгийг мэддэг болохоороо ч тэгдэг байж болох юм. Гэтэл би “Төр засгаас маань бидэнд тусалж чадна” гэж бодоод л хэвлэл мэдээллийнхэнд хандаж байсан. Харин байдал өөрчлөгдөөгүй хэвээрээ л байна. Нөгөөтэйгүүр, БНХАУ-д энэ хэргийн улмаас ял эдэлж байгаа хүмүүсийн ар гэрийнхэн одоо хүртэл чимээгүй л байна.
-Бид та бүхнийг ямаршуухан амьдарч байгааг сурвалжлах гэсэн юм. Та хаана амьдарч байгаа вэ?
-Одоо бидний ямар амьдарч байгаа нь хүмүүст тийм ч сонин биш байх. Тухайн үед хангалттай мэдээлэл гарсан шүү дээ. Тэгээд ч амьдрал сүрхий өөрчлөгдөөгүй. Би одоо хөдөө ажиллаж, амьдарч байгаа.
-Хүүхдүүд тань хаана байгаа вэ?
-Хүүхдүүд хотод сурч байгаа.
-Хүүхдүүдтэй чинь уулзах боломж байхгүй юу?
-Энэ талаар ярих болгонд сэтгэл нь хямарч байдаг хүүхдүүдийгээ дахиж зовоох хүсэл надад алга. Мартаж ядаж байхад нь ээжийг нь дахин дахин яриулаад байх тэдэнд маань хэцүү. Тэгээд ч өсөж том болоод эхнээсээ гэр бүлтэй болох гэхэд нь хүртэл энэ хар толбо үргэлж дагаж явна шүү дээ. Тэгэхээр үүнийг улам тодруулах гэсний хэрэггүй байх.
-Тэгэхээр та хувь тавилантайгаа эвлэрчээ?
-Одоо нэгэнт бүх зүйл тодорхой болчихсон хойно өөр яах ч билээ дээ.
Л.Байгальмаагийн нөхөр Г.Батсуурьтай ийнхүү цөөн хором ярилцсан юм. “Шантрахыг мэдэхгүй эцсийг нь хүртэл явах болно” хэмээн хэлж байсан хүнийг цаг хугацаа, үр хүүхдээ гэх сэтгэл, төр засагтаа гоморхсон гомдол, цөхрөл, ойр орчных нь хүмүүс ийн сөхрүүлсэн бололтой. Амьдралын зам дардан биш билээ л…
"Улс төрийн тойм" сонин