ХДХВДОХ-ын халдвараас сэргийлэх сурталчилгааг Эрээнд хийлээ

Хуучирсан мэдээ: 2010.04.28-нд нийтлэгдсэн

ХДХВДОХ-ын халдвараас сэргийлэх сурталчилгааг Эрээнд хийлээ

Монголын Улаан Загалмай Нийгэмлэг, НҮБ-ийн хүн амын сантай хамтран “Хилийн боомтуудад ХДХВ-ийн халдвараас сэргийлэх” төслийг 2009 оноос Ховд аймгийн Булган сумын Ярантын боомт, Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор зорчдог явуулын наймаачид хөдөлгөөнт хүн ам болон биеэ үнэлэгч эмэгтэйчүүдийн дунд урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа явуулан хэрэгжүүлж байна. Төслиийн зорилго нь эрсдэлт бүлгийн хүн амын БЗДХ, ХДХВ-ийн халдварт өртөх эрсдэл, үр нөлөөг бууруулахад чиглэгдэж байгаа юм.
Дээрх төслийн хүрээнд өнгөрсөн өнгөрөгч 26-нд ӨМӨЗО-ны Эрээн хотын баар, буудал, саун массажны газрын эздүүдэд ухуулга сурталчилгааны уулзалтыг зохион байгууллаа. Энэ арга хэмжээнд МУЗН, Дорноговь аймгийн УЗХ, Замын-Үүд сумын ЗДТГ болон Эрээн хотын Засгийн ордон, Улаан загалмай, Мэргэжлийн хяналтын газар, Төлөвлөгөөт үржлийн товчоо, Халдварт өвчин судлалын товчоо зэрэг байгууллагуудын мэргэжилтэнгүүд, баар, буудлын эзэд нийлсэн нийт 69 хүн оролцлоо. Уулзалтаар хоёр улсын ХДХВ/ДОХ-ын халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээлэл олгосноор төслийн үйл ажиллагаанд тэдгээрийн оролцоог нэмэгдүүлэхийг зорьсон.
Энэхүү уулзалтын үр дүнд Хилийн боомтуудад хэрэгжүүлж буй төслийн үйл ажиллагааг Эрээн хотод зохион байгуулахад ямар нэгэн саад учруулахгүй хамтран хэрэгжүүлэх, тэнд амьдарч ажиллаж буй охид эмэгтэйчүүдийг мэдээлэл авах болон сургалт сурталчилгааны арга хэмжээнд оролцох боломжийг хангах, эмэгтэйчүүдийн ажиллаж, амьдардаг бүх газруудад сурталчилгааны самбар байршуулах, халдвараас сэргийлэх ажлыг эрчимтэй зохион байгуулах талаар хамтран ярилцаж, зөвшилцөлд хүрсэн. Мөн Эрээн хотод үйл ажиллагаа явуулж буй баар, буудал, саун массажны газар бэлгэвчийн нөөцийг хангалттай болгох, үнэгүй бэлгэвч түгээх машин байрлуулах, шаардлага хангасан бэлгэвчээр хангах асуудлыг Эрээн хотын Төлөвлөгөөт үржлийн товчоо хариуцан хийхээр боллоо. МУЗН хэрэгжүүлж буй төслийнхөө хүрээнд Хятадын УЗН-тай хамтран урьдчилан сэргийлэх чиглэлийн мэдээлэл сургалт, сурталчилгааны материалыг хоёр улсын хэл дээр боловсруулан тараах ажлыг зохион байгуулна. Мөн тэнд ажиллаж амьдарч буй эмэгтэйчүүдийн дунд үзлэг шинжилгээ явуулах асуудлыг Эрээн, Замын-Үүдийн халдварт өвчин судлалын товчоо, нэгдсэн эмнэлэг, сайн дурын зөвлөгөө шинжилгээний төвүүд хамтын ажиллагааны хүрээнд хүний эрхийг зөрчих ямар нэгэн асуудал гаргахгүйгээр зохион байгуулахаар зөвшилцсөн.
Энэ уулзалтын бас нэгэн томоохон үр дүн нь Замын-Үүд болон Эрээн хотын БЗДХ, ХДХВ/ДОХ-ын халдвараас сэргийлэх үйл ажиллагааг зохицуулах ажлын хэсэг хамтарсан төлөвлөгөө гарган, төлөвлөгөөний дагуу үйл ажиллагааг хамтарч зохион байгуулах, хийсэн ажлаа тодорхой хугацаануудад үнэлж дүгнэж байхаар тогтсон явдал юм.

Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж