Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурц өнгөрсөн долоо хоногт АТГ-ын дэд даргаар томилогдсон. Түүний оронд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны даргаар Р.Болдын өмнө Тагнуулын Ерөнхий газрын дарга байсан Б.Билэгтийг томилоод байна. ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар ардчиллын анхдагчдын нэг, УИХ-ын гишүүн асан Ц.Энхтүвшин ажилладаг. Б.Билэгт түүнтэй хамт ардчиллын анхны өдрөөс жагсаалын тэргүүн эгнээнд явсан хүн. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ҮАБЗ-ийн гишүүн. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой идэр есийн хүйтэнд хамт жагсч, хувьсгал хийж явсан “алтан хараацайнууд” ингэж ҮАБЗ-д цугларлаа. Б.Билэгтийг хүмүүс “сахал”, “боевик” зэрэг хочоор нь сайн мэддэг. Залуудаа асуудлыг алганы амтаар шийдчих гээд байдаг байснаас “боевик” хоч хүртсэн хэрэг. Харин сахал бол түүний имиж. Б.Билэгт социалист нийгмийн үед ажилчин залуусын амьдралыг харуулсан кинонд дүр амилуулж гайгүй жүжиглэх авьяастайгаа ч харуулсан. ТЕГ-ын дарга байгаад ажлаа өгсөн тэрбээр хэдэн жилийн өмнө Их тэнгэр цогцолборт Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт агсам тавьсан гэсэн дуулиан дэгдээгээд хэсэг чимээгүй болоод байсан юм.
Д.ОЮУН