Америк, Япон, Оросын нисэгчдийн судалгааг үргэлжлүүлэхээр Оросын сансрын нисэгч Анатолий Иванишин, Антон Шкаплеров, НАСА-гийн сансар судлаач Дэн Бурбанк нар арваннэгдүгээр сарын 14-нд хөөрснийг эргэн сануулъя. Тэгэхээр Зөвлөлтийн инженер Сергей Королевын загвараар ЗХУ-ын сансрын хөтөлбөрт зориулан бүтээсэн “Союз” хөлгийг одоо хүртэл сансрын даалгаварт хэрэглэсээр байгаа нь гайхал төрүүлж байгаа юм.
“Союз” хөлгийг анх Зөвлөлтийн инженерүүд сар руу нисэх аялалд зориулан бүтээж байсан гэдэг. “Союз” пуужингаар хөөргөдөг уг хөлөг техник технологи хөгжсөн орчин үед ч хамгийн найдвартайд тооцогдсон хэвээр байна. Хамгийн анх 1966 онд “Союз” хөлгийг нисэгчгүйгээр сансарт хөөргөсөн нь амжилттай болсон тул жилийн дараа буюу 1967 оны дөрөвдүгээр сард “Союз 1” хөлгийг сансрын нисэгчтэй хөөргөжээ. Харамсалтай нь, сансрын нисэгч Владимир Комаров сансрын хөлөг ослын буулт хийх үед амиа алдсан юм. Үүний дараа сансарт илгээсэн “Союз 2”, “Союз 3” хөлөг хөөрч байсан ч “Союз 11”-ийг хөөргөх үед хөлгийн кабин дахь даралт буурснаас сансрын гурван нисэгч амиа алдсан тохиолдол бий. Дээрх ослыг эс тооцвол “Союз” хөлөг дэлхийгээс “Салют”, “Мир”, одоо бол Олон улсын сансрын станцад хүрэх цорын ганц “унаа” хэвээр байна.
“Союз” хөлөг сансрын тойрог замд Олон улсын сансрын станцтай залгагдаж, хагас жилийн турш сансрын нисэгчдийн аврах завь болдог юм. “Союз” зургаан сар тутам сансрын нисэгчдийг эх дэлхий, тойрог замын хооронд зөөдөг. Сансрын хөлгөөс долоо дахин бага хэмжээтэй нисэгчдийн бүхээгт илүү ачаа тээвэрлэх боломжгүй тул нисэгчдийн хувьд ундны ус хамгийн хэцүү асуудал байдаг ажээ. 2001 онд ОХУ-ын сансрын агентлаг сансрын аялалыг санаачилж, “Союз” хөлгийн нисэгчдийн нэг суудлыг 20 сая ам.доллараар сансрын аялагчдад зориулах шийдвэр гаргахад хамгийн анхны сансрын аялагч нь АНУ-ын тэрбумтан Дэннис Тито байсан юм.
Сансрын хөлөг хөөргөхөд асар их зардал шаарддаг тул ОХУ-ын сансрын агентлаг нисэгчдийг зургаан сар тутамд биш жилд нэг удаа сансарт илгээх тухай ярилцаж байгаа ажээ. “Мир”, “Салют”, “Космос”, “Skylab” зэрэг сансрын станцууд үүргээ биелүүлсний дараа дэлхийн 16 орон 100 тэрбум ам.доллараар одоогийн Олон улсын сансрын станцыг босгож байлаа. Олон улсын сансрын станц нь хүн амьдрахад тохиромжтой сансрын судалгааны лаборатори юм. Тус лабораторид биологи, астрономи, цаг уур, таталцлын хүч зэрэг олон салбарын туршилт, шинжилгээ явуулдаг бөгөөд 1998 онд анх тойрог замд илгээсэн олон улсын сансрын станцыг цаад тал нь 2028 он хүртэл ашиглахаар төлөвлөж байгаа юм.
Олон улсын сансрын станц ангараг болон сар руу сансрын багийнханыг илгээхэд хамгийн тохиромжтой замд байрладаг гэдэг. Хиймэл дагуултай адил Олон улсын сансрын станцыг энгийн нүдээр харах боломжтой. Өнгөрсөн 11 жилийн хугацаанд сансарт судалгаа хийхээр эх дэлхийгээс хөөрсөн экспедицүүд бүгд амжилттай болсон тул ОХУ-ын сансар судлаачид сансар огторгуйн гүн рүү аялж, судалгаа хийх “OPSEK” хэмээх шинэ станц байгуулахаар төлөвлөж байгаа юм билээ.
Арваннэгдүгээр сарын 22-нд дэлхийд эргэн ирсэн “Союз” хөлгийн багийнхан:
Сергей Волков /ОХУ/
Сергей Волков бол Оросын сансрын нисэгчдийн хоёр дахь үеийн төлөөлөл юм. Түүний аав ч мөн сансрын нисэгч байсан нь гайхалтай. Сергей Волков 1995 онд Тамбовын нисэх хүчний академийн нисэгчийн ангийг төгсч, 1997- 1999 хооронд сансрын нисэгчийг бэлтгэх сургалтад хамрагдсанаар туршилтын нисэгч болжээ. 2000 оноос хойш туршилтын нисэгчээр бэлтгэгдэж байсан Волков 2008 онд 17 дахь экспедицийн гишүүнээр томилогдож, Олег Корненко, Өмнөд Солонгосын И Со Ён нартай “Союз” хөлгөөр сансарт хөөрсөн юм. Волков тухайн үед хөлгийн хамгийн залуу гишүүн байжээ.
Сатоши Фурукава /Япон/
Сатоши Фурукава мэс заслын эмч мэргэжилтэй бөгөөд 2000 онд анагаах ухааны докторын зэрэг хамгаалжээ. Тэрбээр 1999 он хүртэл Токиогийн их сургуулийн мэс заслын факультетад ажиллаж байжээ. 1999 онд Японы сансар судлалын үндэсний агентлаг түүнийг Олон улсын сансрын станцад ажиллах багийн гишүүнээр томилсон байна. 2004 онд тэрбээр ОХУ-д Юрий Гагарины нэрэмжит сансрын нисэгчдийг бэлтгэх төвд нислэгийн инженерээр суралцсан бөгөөд 2007 онд далайн усан доорх судалгааны лабораторид хайгуул судалгааны “NEEMO 13” төсөл дээр ажилласан байна.
Майкл Фоссум /АНУ/
АНУ-ын сансрын нисэгч Майкл Фоссум 1985 онд АНУ-ын нисэх хүчний туршилтын нисэгчийн сургуулийг төгсч, 1997 онд Хьюстоны их сургуулийн физикийн шинжлэх ухааны магистрийн зэрэг хүртжээ. Майкл Фоссум АНУ-ын нисэх хүчний командлагчаар ажиллаж байгаад 1992 оноос НАСА-д ажиллах болсон байна. 12 настайдаа “Apollo 11” хөлгийн саран дээр буухыг харсан Майкл нисэгч болохоор эргэлтгүй шийдсэн гэдэг. 2011 онд тэрбээр Олон улсын сансрын станцад ажиллаж, 29 дэх экспедицийн командлагчаар сонгогдсон юм.