Онлайнаар хуурамч бараа авахгүйн тулд

Хуучирсан мэдээ: 2011.11.24-нд нийтлэгдсэн

Онлайнаар хуурамч бараа авахгүйн тулд

Монголчууд сүүлийн жилүүдэд хятадаас бараа авахын тулд заавал биеэр очихгүйгээр онлайнаар захиалга өгдөг болсон. Үүнд хамгийн сайн ажилладаг сайт бол алдарт www.alibaba.com юм. Энэ бол хятадын асар том корпораци гэдгийг та мэдэхэд илүүдэхгүй биз ээ. Alibaba.com бол Business-To-Business хэлбэрээр ажилладаг. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэгч ба бизнесийнхэн холбогддог. Харин эцсийн жижиглэн худалдан авагч нарт тохиромжгүй.

Тэгэхээр та барилгадаа хэрэглэх барилгын материал, үйлдвэртээ тоног төхөөрөмж, хоосон CD, сэтгүүлээ хэвлүүлэх газар зэргийг хайж байгаа бол танд тус болох сайт чинь энэ байна. ГЭВЧ.
Анхаарах зүйлс бий. Alibaba.com-д хэдэн сая үйлдвэрлэгчид байгаа бөгөөд тэдний дунд хулхи гарууд бас бий. Хэрвээ та хулхи нөхдөд мөнгөө шилжүүлчихсэн бол хичнээн хүлээгээд ч нэмэргүй дээ. Эсвэл ихэнх нь эвдэрхий бараа ирнэ.

Ингээд танд жинхэнэ туршлагаас бий болсон хулхи нөхдөөс сэргийлэх зөвлөгөөг хүргэж байна.

1. Western Union
Хулхи нөхөд гэдэг чинь үнэндээ хулгайч нар л юм. Тэд аль болох ул мөр үлдээхгүй ажиллахыг хичээх нь тодорхой. Хятадад иймэрхүү хэргээр баригдах юм бол насаараа хоригдож ч магадгүй тул их аюултай. Гэвч мөнгөний төлөө улсынхаа нэр нүүрийг олон улсад будаа болгохдоо тоохгүй новшнууд байдаг л юм. Иймээс тэд банкны карт болон бусад мөнгө шилжүүлэх аргыг хэрэглэдэггүй. Тэд зөвхөн Western Union эсвэл Money Gram-ийг санал болгодог. Монголчууд ч энэ аргыг ихэд хэрэглэдэг тул тун дуртай зөвшөөрдөг нь тэдэнд олз болдоггүй гэж үү.
Тэд ингэж хэлдэг. "We only accept western union its good" буюу "Бид зөвхөн Western Union л хэрэглэдэг. Тэр их сайн үйлчилгээ" эсвэл "Бид наймаагаа хурдан хийхийн тулд та хурдан мөнгөө шилжүүлэх хэрэгтэй. Би дор нь очиж аваад бараагаа үйлдвэрлэж эхлэх болно." Эсвэл бас нэг хэрэглэдэг арга бол "Хэрвээ та мөнгөө одоо шилжүүлбэл бид барааг каргонд хийх зардлыг даана." гэдэг. Гэхдээ эдгээрээс илүү заль мэх бол "Дараагийн сард барааны үнэ нэмэгдэх тул одоо л шилжүүлгээ хийгээрэй" гэдэг арга юм.

Иймээс Western Union, Money Gram зэрэгт ҮГҮЙ гэж хэлэх хэрэгтэй.
Харин Agricultural банкны карт руу Мөнгөн гүүрээр шилжүүлэг хийх, Paypal системээр хийх хэрэгтэй. PayPal-аар хийснээр хэрвээ наймаа бүтэлгүйтвэл мөнгөө буцаах боломж бүрддэг нь гайхалтай юм.

2. Шалах

"oh please buy from us" буюу "Ээ, биднээс ав л даа", "Бүх юм аюулгүй", "Мөнгөө гялс шилжүүлчих тэгээд л үлдсэнийг нь бид даана" гэх мэтээр хэлэх нь сэжиг төрүүлэм үйлдэл юм. Хулхи нөхөд урхинд орсон таныг хурдхан шиг нугаслахын тулд өдөрт 2-3 удаа шалах ч тохиолдол гарч болно. Магадгүй өглөө онлайнд орох болгонд тань "Өглөөний мэнд", "Сайн уу" гээд л ороод ирнэ. Энэ бол хийх ажил нь ердөө л хүмүүсийг урхинд оруулах ажил хийдэг хүний шинж л дээ. Урхиа шалгаж байгаа нь тэр.

Шалж байгаа хүмүүст ҮГҮЙ гэж хэлэх хэрэгтэй.
Жинхэнэ ажил хэрэгч хүмүүст л ТЭГЬЕ гэж хэлээрэй.

3. Бүгдийг экспортод гаргагчид болон үл үзэгдэгчид.
Та Нигерийн захидал гэгчийг санаж байна уу. Энэ арга өнгөө сольсон болохоос биш Alibaba дээр ч гэсэн явж л байдаг. Өөрөөр хэлбэл үл үзэгдэгчид юм. Үнэндээ байхгүй компанид захиалга өгч урьдчилгаа шилжүүлнэ гэж байж болох уу? Та бод доо. Байхгүй үйлдвэрт 10000 доллар шилжүүлчихээд юу бодож суух вэ? бурхан минь.. Мөнгөө шилжүүлсний дараа л тэд чатаар хэзээ ч хариу өгөхгүй, утсаа ч авахгүй. Өнгөрөө.

Тэгэхээр та дажгүй том наймаа хийх гэж байгаа бол уг компаниа жинхэнээсээ байдаг эсэхийг нягталж үзэх хэрэгтэй. Хятадад байгаа бусад хүмүүсээс асуух, төрийн бүртгэлд байгаа эсэхийг шалгаж үзэхэд илүүдэхгүй. Гэхдээ энэ төвөгтэй байгаа бол жинхэнэ хялбархан арга зааж өгье.

Хулхидагчид бол хэзээ ч суурин утас хэрэглэдэггүй. Өөрөөр хэлбэл бидний мэддэгээр бол МЦХ компанийн утасгүй гэсэн үг л дээ. Харин үүний оронд гар утасны дугаар л тавьдаг. Гэтэл гар утасны дугаар бол бас л урхи юм. Нэр усаа худлаа хэлээд л дурын дугаар авч болдог тул үүнд найдах аргагүй.

Тэгэхээр alibaba.com дээрх компанийн хаяг дээрх суурин утасны дугаар руу залгаж биеэр шалгаж үзэх хэрэгтэй. Бас факс явуулаад хариу авсан ч болох шүү дээ.

Ингээд гар утасны дугаарт ҮГҮЙ гэж хэлээрэй.
Харин суурин утасны дугаар, факсад ТЭГЬЕ гэж хэлээрэй.

4. Gold ба TrustPass
Ер нь бол alibaba.com дээрх компанийг л сонгох хэрэгтэй. Гэхдээ эдэн дундаа Gold эсвэл TrustPass хэмээх тодотголтой компаниудыг л сонгох хэрэгтэй юм. Alibaba.com дээр олон жил найдвартай ажилласан, хэрэглэгчдийн итгэлийг алдаагүй компаниуддаа ийм цол хэргэм олгодог. Харин ийм цолгүй хэдэн зуун мянган компани болон компанинцрууд хөлхөлдөх бөгөөд нэг том компани гэсэн нэрийн цаана хулхины туранхай ганц залуу байхыг үгүйсгэхгүй. Үгүйсгэхгүй ч гэж дээ, угаасаа байгаа.

Үнэгүй бөгөөд цолгүй гишүүн компаниудад ҮГҮЙ гэж хэлье.
Харин Gold, TrustPass компаниудад ТЭГЬЕ гэж хэлье.

5. Үнэ
Хавханд оруулахын тулд бяслаг тавьдаг аргыг та сайн мэдэх биз ээ. Үнэгүй бяслаг хавханд л байдаг гэсэн үг байдаг даа. Бид энийг мэддэг хэрнээ л хавханд орчихдог нь харамсалтай юм шүү. Тэгэхээр хямд бараа хайгаад аргаа барж байсан танд хэн нэгэн нь итгэмээргүй хямд үнэ санал болгоно. Үүнийгээ маш сайхан зураг сэлт, вэб хуудсаар баталгуулах тул итгэхгүй байхын аргагүй юм. Гэвч сайн ажиглах юм бол өмнө дурдсан шинжүүд заавал байдаг. Ядаж л вэб хуудасны нэр нь өөрөө сэжиг төрүүлэм байдгийг хэлэх хэрэгтэй.

Ер нь бол сайн бараа хямд байх аргагүй гэдгийг танд дуулгая. Бусад нь янз бүрийн шалтаг тоочин өндөр үнэ хэлж байхад яагаад энэ хүн ганцаараа талаар нь шахуу үнэ хэлээд байгааг та сайн бодох хэрэгтэй. Танд бараа ирлээ гэхэд эвдэрхий юм л ирнэ.

Хэт бага үнэд ҮГҮЙ гэж хэлээрэй.
Яг тохирсон үнэд л ТЭГЬЕ гэж хэлээрэй.

Хэрвээ та энэ зөвлөгөөг уншсан бол kt.mn сайтад зочилсны том давуу тал гарч байгаа нь энэ ээ. Магадгүй та зовж олсон олон мянган доллар, юаниа алдах аюулаас аврагдлаа шүү дээ.

Хэрвээ та хүсвэл хулхи нөхдийг илрүүлэх үүнээс ч нарийн аргуудыг хэлж өгч болох юм. Хятад хүний онцлогийг сайн таних аваас жинхэнэ ажил хэрэгч хятад болон хулхи хятадыг ялгаж болдог. Уул нь онлайнаар наймаагаа хийж чадвал их амар байхаас гадна хямд боловч тун сайн бараа олж болдог нь гайхалтай юм.

Өөр аргын нэг жишээ:

    Танай үйлдвэр аль хотод байдаг вэ? (монгол)
    Xiamen хотод байдаг. (хятад)
    Өө, гайхалтай. Би энэ хотод байна.
    Аа тийм үү, гэхдээ яг одоо би Shenzhen байна л даа.
    Тэгвэл би наана чинь очих санаатай байна. Тантай очиж уулзаж болох уу?
    Уучлаарай, би яг одоо завгүй болчихлоо.

Өөрөөр хэлбэл тантай биеэр уулзахгүй нь тодорхой шүү дээ. Иймээс л тэд онлайнаар бас тэгээд гадаад хүмүүстэй харьцах сонирхолтой байдаг юм.

Бас нэг анхаарах ёстой зүйл нь таны бизнес хийх гэж байгаа нөхөд яг өөрсдөө үйлдвэрлэдэг үү эсвэл дамжуулан зуучлагчид уу гэдгийг мэдэх ёстой юм. Хэрвээ та улам нарийн мэдэхийг хүсвэл сэтгэгдэл дээр хүсэлтээ үлдээх эсвэл форум дээр бичээрэй. Форум дээр бичвэл дэлгэрэнгүй хариулагдах болно.

Бичсэн: Т.Жаргал
http://www.kt.mn/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж