Эрдэм шинжилгээний хурал эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.11.24-нд нийтлэгдсэн

Эрдэм шинжилгээний хурал эхэллээ

“Стратегийн судалгаа 20 жилд” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд эхэллээ. Уг хурлыг стратегийн судалгааны хүрээлэнгийн 20 жилийн ойн хүрээнд зохион байгуулж байгаа юм.

XXI зуунд аюулгүй байдлын нөхцөл өөрчлөгдөж, уламжлалт бус аюулгүй байдлын асуудал сөхөгдөн гарч буй өнөө үед ОХУ, БНХАУ, АНУ болон Монгол Улсын нэр хүнд бүхий эрдэмтэн судлаач, төрийн зүтгэлтэн, дипломат албаны мэргэжилтнүүд оролцож буй нь энэ хурлын онцлог юм. Хурлыг  “Шинэ зууны аюулгүй байдал: сорилт, хариу”, “Монгол Улсын үндэсний аюулгүй байдал: судалгааны байгууллагын үүрэг оролцоо”, “Хоёрдугаар суваг, Тинк танк, ил эх сурвалж” гэсэн гурван хэсэгт явуулж, “Аюулгүй байдлын шинэ орчин, Монголын үүрэг оролцоо”, “Монгол Улс дахь аюулгүй байдал судлалын тинк танкуудын үйл ажиллагаа”, “Ил эх сурвалжийн мэдээлэл боловсруулах ажиллагаан дахь судалгааны байгууллагын үүрэг” “Үндэсний аюулгүй байдал судлал: анхаарах асуудал” зэрэг илтгэл хэлэлцүүлэх юм байна.

Хүйтэн дайны үед коммунист Монгол Улсын аюулгүй байдал, гадаад бодлогыг Москва тодорхойлдог байсан учир тэр үед “тинк танк” хүрээлэнгийн хэрэгцээ байсангүй. Харин 1990-ээд онд Монгол Улс тусгаар тогтнолоо бүрэн утгаар олж авсны дараа аюулгүй байдлын асуудлаа өөрсдөө үнэлж, дүгнэх хэрэгтэй болсноор Цэргийн түүхийн хүрээлэнгийн дэргэд орон тооны бус Стратегийн судалгааны төвийг анх 1990 онд байгуулж, улмаар 1991 онд уг төв БХЯ-ны дэргэд шилжсэнээр Монгол Улсад стратегийн судалгаа хөгжлөө олж, хүрээлэнгийн суурь тавигдсан түүхтэй гэнэ.

Стратегийн судалгааны хүрээлэн 2006 онд Аюулгүй байдлын зөвлөлд харьяалагдах болж, ҮАБЗ-ийг мэдээлэл, судалгаа, зөвлөмжөөр хангах үүрэг хүлээжээ. Тус хүрээлэн 1994 онд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалыг анхлан боловсруулж, 2010 онд Үндэсний аюулгүй байдлын Үзэл баримтлалыг шинэчлэн өөрчлөхөд мэдээлэл, судалгаа, зөвлөмжөөр хангаж хувь нэмрээ оруулсан байна.

Тус хүрээлэн ҮАБЗ-ийн бодлого, шийдвэрийг судалгааны үндэстэй болгох зорилгоор аливаа эх сурвалжид дүн шинжилгээ хийхийн зэрэгцээ бүс нутгийн хоёрдугаар сувгийн хүрээнд яриа, хэлэлцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцдог. Түүнчлэн судалгааныхаа үр дүнг олон нийт, судлаач эрдэмтдийн хүртээл болгон хэвлэн нийтэлдэг ажээ.

Т.Маша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж