Приштины хэвлэл мэдээллээс үндэслэн Сербийн “Политика” сонинд бичихдээ хязгаар нутгийн косовогийн сербүүдийн лидерүүд тусгаар тогтнолын тунхаглалаа ярилцан тохирсон гэжээ. Косовогийн хүн амын 10 хувь нь одоо хойд хязгаарын сербчууд болж байна.
“Митровица, Лепосавич, Звечан ба Зубины Потокын сербүүд ардчилсан, энхийн арга хэрэгслээр тэдний хязгаарыг Приштины мэдэлд хүчээр нийлүүлэхийн эсрэг тэмцэхээр шийджээ. Хойд хязгаарт тусгаар тогтнол зарлах нь тэдний тэмцлийн нэг боломж юм” хэмээн сонинд бичжээ.
“Цаг хугацаа явж, хурцадмал байдал өсч байна. Сербчууд улам ихээр Белград ба олон улсын хамтын нийгэмлэгээс холдож байна” гэж Косовска-Митровица хотын сербийн хэсгийн тэргүүн Раденко Недельковичийн хэлснийг сонин иш татжээ.
Сербчууд ийм маягаар Косовод өөрсдийн эрхийг хамгаалуулахаар олон улсын хамтын нийгэмлэгт хандаж байгаа юм. Үнэндээ тусгаар тогтнолын талаар яриа байхгүй гэж Славян судлалын институтын Орчин үеийн Балканы хямралыг судлах төвийн шинжлэх ухааны ажилтан Анна Филимонова үзэж байгаа ажээ. “Тусгаар тогтнол бол урт хугацааны үйл ажиллагаа. Баруун түүнийг дэмжихгүй. Харин эсрэгээр тэд Косовогийн хойд хязгаар салан тусгаарласан Приштины албанийн орон зайд интеграцлагдан уусах ёстой гэж тооцдог” хэмээн улс төр судлаач хэлжээ.
“Косовогийн хойд хязгаар Европын гетто болон хувирч байна. Косово-Сербийн захиргааны хил нь улсын хил болон хувирч, үүний халхавчаар НАТО хүн амынх нь эсрэг хүчирхийллийн арга хэмжээг байнга явуулж байна” хэмээн тэр тайлбарлав. Орост суугаа Сербийн Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Елица Курьяк хязгаарын хойд хэсэгт тусгаар тогтнох асуудлаар албан ёсны мэдэгдэл гараагүй байна хэмээн мэдэгдлээ.
Гэсэн хэдий ч Косово дахь сербчуудын байдал маш тогтворгүй байна гэдгийг тэр хүлээн зөвшөөрөв. Элчин сайд Косовогийн сербчуудад улс төрийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлж байгаад нь Орост талархлаа илэрхийлэв. Приштина ба Белградын хооронд энэ даваа гаригт эхэлсэн яриа хэлцлийн талаар тэр хэлэхдээ “Яриа хэлцэл сэргэж байгаа нь хойд хязгаарын байдлыг тогтворжуулахад зарим нэг нөлөө үзүүлэхээс хэтрэхгүй. Косовогийн нутаг дэвсгэр дэх Сербийн иргэдийн өдөр тутмын амьдралд хамаатай асуудлууд л яригдах болно. Тэнд тулалдах гэсэн хүн байхгүй” гэж онцолсон байна.
Сануулахад, есдүгээр сарын дунд үеэс засаг захиргааны хилийг улсынх болгохоор Приштина оролдсоноор Косовогийн хойд нутагт байдал хурцдаж эхэлжээ. Тэд “Ярина”, “Брняк” гэдэг нэвтрэн өнгөрүүлэх цэгүүдэд өөрсдийн цагдаа ба гаалийнхнийг байрлуулан нэг талын арга хэмжээ авсан нь тогтворгүй байдлыг хурцатгасан юм. Долдугаар сарын сүүлчээр Косовогийн тусгай хүчнийхэн хоёр цэгийг эзлэхээр оролдсон бөгөөд тэр үеэр косовогийн нэгэн серб алагдаж, хэд хэдэн хүн шархаджээ. Тэр үеэр олон улсын хүчнийхэн тэдний сөргөлдөөнийг зогсоож чадсан юм.
Тэр цагаас хойш Косовогийн сербчууд хилийн дагуу саад босгож эхэлсэн байв. Тэд албани гаальчдыг тэнд хэзээ ч оруулахгүй гэж мэдэгдээд байгаа. Учир нь сербчуудын сонирхол ба хязгаарын статусыг тэд зөрчиж байна гэдэг. “Хойд нутгийн 150 мянган сербчуудын амьдралд аюулд учирлаа. Эсвэл тэдэнд хүчээр нүүлгэх аюул учраад байна. Тийм жишээ байгаа. Хорватад сербүүдийн үндэстний цэвэрлэгээ хийгдсэн” учраас НҮБ-ын Аюулгүйн зөвлөл энэ үйлдэлд оролцох ёстой. Энэ асуудлыг Орос, Хятад хоёр дэвшүүлж магадгүй” хэмээн Филимонова тайлбарлав.
Өөрсдийн эрхийг хамгаалуулахаар сербчууд Орост хандаад байна. Өнгөрсөн долоо хоногийн эхээр 20 мянган косовогийн сербүүд Оросын иргэн болох хүсэлтээ Гадаад хэргийн яаманд нь ирүүлсэн байна. Өөрийн ээлжинд тэднийг эх оронч үзлээсээ ухарсан гэж Сербийн албани Засгийн газрын сайд Горан Богданович мэдэгдсэн байлаа.
Гэсэн ч өнгөрсөн долоо хоногийн дундуур Косовска-Митровица хотод сербчуудыг хөнөөсөн үйлдэл болж байгааг эсэргүүцсэн томоохон жагсаал болсон байна. Ер нь бол Серб, Косово хоёр Европын холбоонд орох эрмэлзэлтэй байгаа учраас яриа хэлцлээ үргэлжлүүлж байна. Тэд есдүгээр сард Косовогийн гаалийн тамгын талаар тохиролцсон ба тэр нь засаг захиргааны хил дээр гаалийн шалгалт хийх юм. Тамганд Косово улсын бэлэгдлийн ямар нэгэн тэмдэг байхгүй бөгөөд “Косовогийн гааль гэсэн бичигтэй. Үүний дараа Европын комисс Белградад ЕХ-нд элсэх албан ёсны статус олгохыг санал болгов. Серб холбооны гишүүн болох нь Приштинтэй хийж байгаа хэлэлцээрээс хамаарах гэнэ.
"Ардын эрх" сонин