Ирэх оны төсвийг хэрхэн дүгнэж байна?

Хуучирсан мэдээ: 2011.11.24-нд нийтлэгдсэн

Ирэх оны төсвийг хэрхэн дүгнэж байна?

Р.Буд: МӨНГӨНИЙ НИЙЛҮҮЛЭЛТ ИХЭССЭНЭЭС БОЛЖ Л ИНФЛЯЦИ НЭМЭГДЭНЭ

Ирэх 2012 онд мөнгөний нийлүүлэлт ихэснэ. Тиймээс өнөөдөр төсвийг шүүмжилж байгаа эдийн засагчид болон гадаадын санхүүгийн байгууллагын зөвлөмжүүд үнэн. Монголбанкны тавьж байгаа асуудал ч зөв. Зах зээлд байгаа бэлэн мөнгөний нийлүүлэлт ихэссэнээс болж л инфляци нэмэгдэнэ. Нөгөө талаас Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газар жинхэнэ утгаараа ажиллаж өрсөлдөөнийг зөв зохицуулж чадахгүй байна. Биднээр Монголын төр засаг дуусахгүй.Хэдий  сонгуулийн амлалтын сүүлийн жил ч ирээдүйгээ харж зарим зүйл дээр хязгаарлалт хийх хэрэгтэй. Ингэж байж мөнгөний бодлого зохистой байж, инфляцийг нэг оронтой тоонд барих болов уу. Ирэх онд цалинг хоёр удаа нийлбэр дүнгээр нь 50 гаруй хувиар нэмнэ гэж байгаа. Үүний гуч, дөчин хувь нь инфляци болчихвол юун нэмэгдэл болох вэ дээ. Тиймээс мөнгөний нийлүүлэлтийн зохистой харьцааг зайлшгүй тооцох хэрэгтэй. Миний хувьд Монголбанкны алдагдлыг бууруулах ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байна. Монголбанк 2010 онд 140 гаруй тэрбум төгрөгийн үйл ажиллагааны алдагдалтай ажилласан байна. Энэ нь валютын ханшийн зөрүү  дээр нь инфляцийг бууруулах үүднээс богино хугацаатай бонд гаргаснаас үүссэн алдагдал юм.

Ч.Улаан: БОРЛУУЛАГЧИД ДАМПУУРАХГҮЙН ТУЛД ҮНЭЭ Л НЭМНЭ

Сонгууль ойртсон, хүмүүс сонгуулиар амьсгалаад эхэлсэн энэ үед тодотгол хийх нь төсвийг сайжруулж чадахгүй байх гэсэн болгоомжлол байна. Миний хувьдаа мөрддөг нэг зарчим байдаг. Хэрвээ сайжруулж чадахгүй бол хуучныг өөрчлөөд хэрэггүй гэж. Төсөвт тодотгол хийснээр эдийн засгийн үзүүлэлт муудсан, зардал нэмэгдсэн, оны эцэст эдийн засгийн үр ашиг ихээхэн буурсан дүн гарах байх. Дуусаагүй хөрөнгө оруулалт нэмэгдэнэ. Зардал их хурдтай өснө. Эргээд энэ нь ирэх оны төсөв дээр ачаа болно. Энэ оны төсөв ирэх оны төсвийн суурь болдог учраас сууриа зөв тавьж авахгүй бол ирэх оны төсөв өөрөө асуудалтай болно. Одоо яая гэх вэ дээ, нэгэнт баталчихсан төсвийг. Ер нь нөхцөл байдал нөлөөлсөн гэж зөвтгөх нь хаашаа юм, хариуцлагагүйгээс болсон гэж чангалах нь хаашаа ч юм ийм л юм боллоо. Дотоодын үйлдвэрлэлээр баталгаажаагүй таваарын хомсдолтой үед хэрэглээ өсөх нь үнийн хөөрөгдлийг л дагуулдаг. Бараа нь байхгүй. Хүний гар дээр мөнгө байна. Үйлдвэрлэгчид, борлуулагчид дампуурахгүйн тулд зах зээлийн тэнцвэрийг хадгалахын тулд үнээ л нэмнэ өөр арга байхгүй.

Д.Хаянхярваа: ҮР ӨГӨӨЖ ТАЛААСАА СУЛХАН ТӨСӨВ ГЭЖ ХЭЛЭХ ҮНДЭСТЭЙ

Засгийн газар 2012 оны төсвийн төслийг тооцоо судалгаа хийж байж л боловсруулан өргөн барьсан байх. Сонгуулийн өмнөх төсөв бол эдийн засгийн ур ашиг муутай болдог гэж шүүмжлэх хүмүүс ч байгаа. Яах вэ,  эдийн засгийн үр өгөөж талаасаа сулхан төсөв болсон гэж хэлэх үндэстэй. Яагаад ийм төсөл боловсруулав гэхээр мэдээж улстөрчид л буруутай. Гэхдээ ирэх оны төсвийн төслийг чамбайруулах, чанаржуулах боломж нь УИХ-д бий. Улс төрийн намуудын сонгуулиар амласан амлалт, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зайлшгүй шаардлага байгааг тооцохгүй байж болохгүй учраас нэлээд томорсон төсөв болсон. Засгийн газар болж бүтнэ гээд төлөвлөөд, оруулаад ирсэн байхад болохгүй гэж хэлэх эрх надад лав алга. Ажлаа гардан хариуцаж байгаа гүйцэтгэх засаглалынхан тооцоо судалгаа хийгээд оруулаад ирсэн зүйлийг өм цөм танаад хаячихвал төлөвлөснийг нь хэрэгжүүлэх боломжгүй болгож мэдэх юм.

Б.МАНД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж