Өөрөөр хэлбэл, гол сэдэв маань анзааралгүй, магадгүй анзаарагдамгүй байдлаар анхныхаа цэгт эргэж бууж магадгүй гэж хэлэх гээд буй хэрэг. Өнгөрөгч долоо хоногийн өдийд УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Х.Тэмүүжин, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Я.Батсуурь нарын гишүүд хуулийн хоёр төсөл санаачилснаа өргөн барьсан билээ.
Үдээс хойш, хөл хөдөлгөөн багатай үеэр өргөн барьсан болоод ч тэр үү яг ямар хуулийн төсөл санаачилсныг нь нэг их анзааралгүй өнгөрцгөөсөн. Энэ хоёрын эхнийх нь ерөнхий сайдыг огцруулах гишүүдийн тоо УИХ-ын нийт гишүүдийн дөрөвний нэгд хүрсэн байх тухай байсан нь өмнө нь энэ асуудлыг хөндөж байсан есөн гишүүний олз болж үүнийг л голлон ярьцгаасан. Гэвч дөрвөн гишүүний автортай хоёр дахь хуулийн төсөл нь өнөөх анхаарлын төвд буй сонгуулийн хууль шинэчлэн батлагдах эсэхэд хамааралтай болж таарлаа. Өөрөөр хэлбэл ирэх сонгууль шинэ хуулийн дагуу явна гэдэгт УИХ-ын гишүүд ч эргэлзээд эхэлсэн хэрэг.
Бараг хоёр долоо хоногийн өмнөх Х.Баттулга гишүүний ярилцлага дээрээс ч энэ тухай эргэлзээ бодитоор байгаа нь харагдсан. Хүмүүс энэ ярианаас нь бас нэг тонн нүүрсийг 70 ам.доллараар гаргадаг эсэх тухай факт, хамтарсан засаг, Ардчилсан намын удирдлагын суудлын ганхалт зэргийг нь олж хараад бусад зүйлийг буулгаж ирээгүй. Мөн л ингэж орхигдсон зүйл нь ирэх сонгууль хуучин тогтолцоогоор явах тухай. Сайд, гишүүн Х.Баттулга “Сонгуулийн хуульд дээр МАН буулт хийлээ л гээд байна. Энэ бол худлаа. Тэр санал нь Цэц дээр уначих болов уу. Цэц дээр унана. Хугацаа байхгүй болно. Хуучнаараа явна” гээд шуудхан хэлээд орхиж.
Үнэндээ бусад олон гишүүдийн амнаас энэ үг унасан боловч мөн л анзааралгүй л өнгөрөөсөн. Дотор нь бас хөндлөнгөөс ажиглаж суугаа З.Алтай гишүүн “Худлаа үнэн нь мэдэгдэхгүй, хэрэлдэж, хэлэлцэж сонгуулийн тухай хуулийг батлах ч юм шиг, үгүй ч юм шиг байснаа нэг л өдөр батална. Энэ нөхөд чинь одоо нам дугуйлах гэсэн хувилбарыг оруулж ирээд байгаа. Үүгээр батална байх. Гэтэл Үндсэн хуульд иргэнээ сонгоно гэдэг. Дорж, Дулмаа өөр хэн байдаг юм нэг иргэн Үндсэн хуулийн цэцэд энэ талаар өргөдөл гаргаж, Үндсэн хуулийн цэцээс хууль зөрчсөн гэдэг дүгнэлтийг гаргана. Энэ тохиолдолд яах вэ. Хуулийг дахин өөрчлөх цаг хугацааны боломж тэр үед байхгүй нь гарцаагүй. Тэгээд яах вэ гэвэл бид өөрчлөх гэж оролдсон, Үндсэн хуулийн цэцээс унагаад хаячихлаа, хуучин жишгээрээ л явахаас гэнэ. Ийм л юм хийх гээд байна уу даа гэх хардлага надад төрөөд байгаа, найзуудаа” гэж.
Ингээд бодохоор “Тохиролцож чадахгүй бол хуучин сонгуулиар явахаас өөр аргагүй” гэх үг нь “тохиролцоод баталсан ч хуучин сонгуулиар явах нь” болж өөрчлөгджээ.
Пропорциональ орж ирэн мандатын тоо цөөрөх тусам хуучин тогтолцоог хүсэгч гишүүдийн хүч нэмэгдэнэ. Одоо тохиролцсоноор хотын 20 нь 14 болж, хөдөөд байсан 56 мандат 34 болон буурч буй. Ингэхээр тойргоосоо хасагдсан 6+22 гээд 28 гишүүн “хуучин тойргоороо өрсөлдсөн нь ч дээр байж” гэж бодох ч юм бил үү. Яах вэ, үүнээс пропорциональ дээр багтаж чадсаныг нь хасвал баталгаатай 10-20 хүн ийм гомдол тээх болоод байна.
Зөвхөн хотын тойрог төдийгүй хөдөөгийн тойргуудаас ч гэсэн нэлээд тооны мандат хасагдана гэхээр сонгогчдын хувьд ч тийм ч таатай санагдахгүй. Ядаж л тэд одоо “уг нь нэг гишүүн илүү оногдвол өнөө гишүүн нь хэрэггүй ч дагалдаж ирдэг бо бо бонус нь хэрэгтэй юм даа” гэж бодож байгаа. Бонус гэдэг нь жил бүрийн нэг тэрбум төгрөг шүү дээ. Мэдээж энэ нь ирэх сонгуулийн дараагаар нэг тэрбум төгрөг байдлаараа ч биш ч ямар нэг байдлаар орлуулан оногдох байх. Энэ тэр гээд бодохоор тойргоос “жийгдсэн” гишүүд нийлээд биш юм аа гэж бодоход “хэнхэгтэй” сонгогчид нэр алдрын төлөө ҮХЦ рүү өргөдөл бариад гүйх л болно.
Иймд сонгуулийн хуулиа батлахаасаа өмнө Үндсэн хуульдаа өөрчлөлт хийхээс аргагүй болж байна. Гэтэл байж байгаа хууль нь энэ боломжийг гаргахгүй нь. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын хуулиар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийг нэг хэлэлцээд эхэлсэн бол УИХ өөр асуудал хэлэлцэхгүй гэнэ. Мөн хуулийн дараагийн зүйлд “Хэлэлцүүлэг хоорондын хугацаа хэлэлцэж байгаа асуудлын шинж байдал, цар хэмжээнээс хамааран долоогоос доошгүй ажлын өдөр байх бөгөөд дээд хязгаарыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар тогтоож болно” ч гэж зааж.
Дээр дурдсан зохицуулалтуудаас үзвэл Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслүүдийг УИХ нэгэнт хэлэлцэж эхэлбэл өөр хэлэлцэх шаардлагатай олон асуудлыг хэлэлцэх боломжгүй болохоос гадна хэлэлцүүлэг хоорондын хугацаа долоогоос доошгүй ажлын өдөр гэж байгаа тул цаг хугацааны хувьд 2011 ондоо багтаан хэлэлцэж амжихгүй нөхцөл байдал бий болох нь. Ингээд л “УИХ ээлжит сонгууль явуулахын өмнөх зургаан сарын дотор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж үл болно” гэсэн Үндсэн хуулийн заалт дээр очоод асуудал эхний цэг дээрээ буух аж.
Ингэхээр сонгуулийн тогтолцоог шинэчлэн, шударга сонгууль явуулахыг хүсч буй бол хуулийн үйлчлэлийг “2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” хэмээн хойш нь сунгах ёстой болж байна. Мэдээж гишүүд маань өөрчлөлт хийхийг хүсч буй бол шүү дээ.