АНУ-ын Байгаль орчны департаментын дарга асан, Нью Жерси мужийн захирагч Кристин Тодд Витманы хамт
-АНУ-ын 12 муж улсаар аялж, эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах төвшинд хэрхэн дэмжих, сонгуулийн санхүүжилтийн хууль тогтоомж, хууль хэрэгжүүлэх байгууллагуудын үйл ажиллагаа, ус хамгаалах туршлагуудыг судалж байгаад ирлээ. Эдгээрээс ус хамгаалах хууль тогтоомж, хэрэгжүүлэх арга барилынтуршлага судлах ажлыг иргэдийн захиалгаар хийсэн гэхэд болно. Өнгөрсөн зун Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумаар аяллаа. Тэгэхэд бохирдсон Орхон голоо харж халагласан нутгийн иргэд, жуулчны компанийн жолооч, хамгаалалтын компанид ажилладаг залуус намайг ширээнд урьж суулгаад “Та энэ голыг хараад сэтгэл өвдөж байгаа биз дээ. Нэг юм хийгээч. Бид дэмжие” гэж хүссэн юм л даа. Надад тэгэхэд гол усыг тогтвортой удаан хугацаанд хамгаалахын төлөө тэмцэх хүсэл байвч системтэй бодлогын санал боловсруулахад мэдлэг минь дутах юм байна даа гэж бодогдож байлаа. Энэ талаар яаралтай мэдлэгтэй болох нь улстөрч хүний үүрэг юм байна гэж тэр даруй бодогдсон. Ер нь АНУ-ын туршлагыг судлахаар Эйзенхауэрийн тэтгэлэгт өргөдөл гаргасан. Эйзенхауэрийн тэтгэлэг гэдэг нь тодорхой асуудлаар эерэг өөрчлөлт хийхийн тулд туршлага судлахыг хүссэн хүмүүст АНУ-д туршлага судлах уулзалтуудыг зохион байгуулж, санхүүжүүлж өгдөг хөтөлбөр юм билээ. Миний хүсэлтийн дагуу энэ тэтгэлгийн ажилтнууд 100 гаруй уулзалт зохион байгуулж маш их зүйл сурч мэдлээ.
-Орхон голынхоо асуудлыг шийдэж чадах нь уу?
-Үзэж мэдсэн зарим зүйл маань үнэхээр сэтгэл зүрх урсан шүү. Орхон голын бохирдол гэхэд уул уурхайн үйл ажиллагааны уршгаар цээжээ яруулсан хөрснөөс ил гарсан элдэв бодис борооны устай холилдож исэлдээд зуун жилдээ ч арилшгүй “улаан хоормог” болчихоод байгаа юм байна гэдгийг мэдлээ. Ийм гунигт голуудыг судалдаг Индианагийн их сургуулийн профессор Тодд Ройероос би “Орхон голыг манайхан хэзээ гүйцэд цэвэрлэж болох вэ” гэж асуусан. Тэгэхэд яасан гээч. Профессор над руу бүр цоо ширтэж байгаад “Хэзээ ч чадахгүй байж мэднэ. Манайд зуу гаруй жил улаанаар эргэлдэж байгаа гунигт гол олон бий. Танайх энэ алдааг давтсан нь хэтэрхий харамсалтай байна” гэсэн. Тэгэхэд би бичиж байсан үзгээ алдаад, өөрийн эрхгүй гараараа амаа таглаад уйлчихсан.
Одоо Монголынхоо бохирдоогүй үлдсэн булаг шанд, ус, нуур, голыг цэврээр нь авч үлдэхийн төлөө, бохирдсон ус голоо цэвэрлэх тогтолцоог бүрдүүлэхийн төлөө бодлого баталж, шийдвэр гаргадаг шат руу тэмүүлэхээс өөр аргагүй болсон байна. Бидэнд мэдэх, хийх, өөрчлөх ёстой зүйлс маш их байгааг мэдлээ.
-Шийдвэр гаргах шат руу тэмүүлэх гэснээс УИХ-аар Сонгуулийн хууль хэлэлцэж байгаа ч эмэгтэйчүүдийн квотыг хөндөхгүй тойрсоор өдий хүрлээ. Дам сонсоход 15 хувь гэж байгаа юм шиг байна. Ер нь хэдэн хувь байвал тохиромжтой вэ?
-Квот хэд байвал зохистой вэ гэдгийг УИХ уг нь баталчихсан л даа. Мянганы хөгжлийн зорилтуудаас улс орнууд өөрсдөө сонгож тухайн улсын хувьд чухал зорилтуудыг нэмж баталсан байдаг. УИХ өөрөө санаачлаад эмэгтэйчүүдийн квотыг 2015 он гэхэд бүх шатанд 30 хувь хүргэнэ гэсэн зорилтыг үндсэн зорилтууд дээрээ нэмж амласныг санаж байгаа байх. Удахгүй болох 2015 оны 30 хувийн квотын зорилтод хүрье гэвэл энэ удаагийн Сонгуулийн хуульд квотыг тэр хэмжээнд нь тогтоож өгөх ёстой л доо. Гэтэл УИХ-ын эрэгтэй гишүүд одоо болохоор тэр зорилтынхоо дөнгөж талд нь яаж хүрдэг юм билээ гээд хөдөлж ядаад сууж байна. Квотын хувь заяа ба УИХ гэгч зүйл нэг бодлын инээдмийн жүжиг ч юм шиг, нөгөө бодлын савангийн дуурь ч юм шиг сонин байдлаар үргэлжилж байна. Яаж төгсөхийг анхааралтай ажиглаж байгаа. Эмэгтэйчүүд бид янз бүрийн байдлаар УИХ-ын гишүүдтэй квотын асуудлаар түншиж ярьсаар байгаад хэн нь хэн бэ гэдгийг үнэхээр мэддэг болчихсон л доо. Тэднийг гурван бүлэгт хувааж үзэж болно.
-За, ямар бүлгүүд харагдаж байна?
-Нэгд, квотыг ил дэмжиж саналаа хэлснээрээ өгдөг гишүүд. Хоёрт, квотыг дэмжиж байгаа юм шиг ярьчмхаад саналаа эсрэгээр өгдөг гишүүд. Гуравт, квотын тухай үг унагалгүй, эмэгтэй сонгогчдодоо тал алдалгүй шиг байж байгаад хатуу эсрэг санал өгдөг гишүүд гэж байна. УИХ-ын ихэнх гишүүн сүүлийн хоёр бүлэгт хамаарч байгаа учраас квотын асуудал бүрхэг хэвээр байна.
-Квот байхын учир ер нь юу вэ. Яагаад заавал эмэгтэй гишүүдэд квот тавих ёстой гэж гэсэн “яхир” гишүүд бас тааралддаг?
-Улс төрд хүрэх замыг гэр хорооллын гудамжтай зүйрлэе л дээ. Квотгүй сонгууль бол тас харанхуй гудамж гэсэн үг. Ийм харанхуй гудамжинд хүчтэй нь хүчгүйгээ дээрэлхэж, дээрэмдэж, гэмт хэрэг цэцэглэж байдаг учраас эмэгтэйчүүд амжилтад хүрэх бололцоо тун тааруу байдаг. Харин квот бол тэр харанхуй гудамжинд асааж өгч байгаа замын гэрэл маягийн зүйл. Гэрэлтэй гудамжаар эмэгтэйчүүд айхгүй алхдагтай адил квоттой орчинд нийгэмд тайван байдал бий болдог. Энэ утгаараа квот бол нэг хэсэг эмэгтэйд өгч байгаа “бэлэг” биш, эрэгтэй улстөрчдийн эгч, эмэгтэй дүү, охид, ач охинд өгч байгаа эрхийн баталгаа, нийгмийн аюулгүй байдалд нөлөөлөхүйц хүчтэй гэрэл гэгээ юм.
-Эрэгтэй улстөрчдөд “баахан хүүхэн ороод ирвэл яана”, “миний суух суудлыг булаагаад авах вий” гэсэн аминч бодол байгаа нь харагддаг. Эмэгтэйчүүд парламентад суухын ач холбогдол юунд байдаг юм бэ?
-Эрчүүдийн олж харж чадахгүй асуудлыг олж харж, тэдний харах боломжгүй өнцгөөс шийдлийг гаргаж ирдгээрээ эмэгтэйчүүд үнэ цэнэтэй. Байгалиасаа юмыг өөр өөр өнцгөөс харах заяатай төрсөн учраас эрчүүд эмэгтэйчүүд хамтдаа байсан цагт хамгийн сайн шийдвэр гаргагч баг бүрддэг. Сая би АНУ-д байхдаа яг энэ асуултыг Конгресст олон жил суусан ахмад улс төрч Ли Хамилтон гэдэг хүнээс асуусан л даа. Хамилтон гуайг анх Конгресст ороход тэнд эмэгтэйчүүд бараг байгаагүй гэнэ. Дараа нь олон эмэгтэй сонгогдож орж ирсэн байна. Эрчүүд дангаараа гаргасан шийдвэрээс эмэгтэйчүүдтэй хамт гаргаж байсан шийдвэр хамгийн сайн шийдвэрүүд байсан. Эмэгтэйчүүд парламентыг үнэхээр чанаржуулдаг юм байна лээ гэж Хамилтон гуай хуучилсан. Манай Монголын парламентад ч эмэгтэйчүүд олноороо орж ирвэл шийдвэрүүд эрс чанаржина гэдэгт итгэлтэй байна.
-Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо ойрын үед юу хийх вэ. Саяхан МАН-ын 1000 эмэгтэй чуулсан шүү дээ?
Бид удахгүй эмэгтэй гишүүдийнхээ дунд бодлогын хэлэлцүүлгүүд зохион байгуулж, тэдний саналыг сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгуулах ажил зохион байгуулна. Ардчилсан намаас УИХ-д зөвхөн эрэгтэй гишүүд сууж, телевизийн мэдээгээр голдуу эрэгтэй улстөрчид цэрэг шиг ярайж харагддаг ч манай намын жинхэнэ баг бүрэлдэхүүн бол нийт гишүүд нь шүү дээ. Ардчилсан намд эмэгтэйчүүд тал хувийг эзэлдэгийн хувьд намын бодлогод жинтэй саналууд боловсруулж оруулна. 2012 оны эхээр бэлэн болох эмэгтэйчүүдийн бодлогын цогц саналыг хүлээж авч дэмжвэл АН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр эрс чанаржиж чадна гэж итгэж байна.
Эмэгтэйчүүд бид өмнө нь бодлогын саналаа нэгтэж сонгуульд оролцохыг чухалчлалгүй харин цаг наргүй хөдөлмөрөө л намдаа хандивладаг байсан Сонгуульд намынхаа нэр дэвшигчдийн төлөө ажиллах гол хүч нь эмэгтэйчүүд байдаг юм. Өнгөрсөн хавар Мартын наймнаар нийслэлийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос 5000 эмэгтэй улстөрчийн чуулга уулзалт зохион байгуулсан. Нисэхийн ойролцоо байдаг Спортын шинэ ордны заалыг эмэгтэйчүүдээр дүүргэсэн. Тэнд би гишүүдээсээ нэг зүйл асуусан. “Өнгөрсөн 20 жилийн турш эрэгтэй улстөрчдийг дэмжиж сонгуульд ялуулж байсан хүн байвал гараа өргөөч” гэхэд зааланд байсан бүх хүн гараа өргөсөн. Тэд бүгд эрэгтэй улс төрчдийн төлөө 20 жил ажиллаж, ялуулж байсан эмэгтэйчүүд. Дараа нь ирэх 20 жилд эмэгтэйчүүдээ дэмжиж ажиллах хүмүүс байвал босохыг хүслээ. Эмэгтэйчүүд яралзтлал босч хашгирсан. Үнэхээр их хүч, үнэхээр сүр жавхаатай, нэг дуутай эмэгтэйчүүд байсан. Дуулбал дуу нэг, дугтарвал хүч нэг бүсгүйчүүд тэнд байлаа. Би намынхаа эмэгтэйчүүдээр тэр үед бахархаж, ийм л хүмүүсийн нуруун дээр өргүүлж бөөцийлүүлж байж эрчүүд сонгогддог шүү дээ гэж өөрийн эрхгүй бодсон. Одоо бүсгүйчүүдийн хүчээр ялсан гишүүд маань квотын асуудал, эмэгтэйчүүдийн асуудлаар ямар байдлаар саналаа өгөхийг харцгаана даа.
-Квоттой орнууд байдаг. Гэхдээ зарим ардчилсан орон квотгүй. Түүнийг манай эрэгтэй улстөрчид иш татах дуртай. Эмэгтэйчүүд чадлаараа өрсөлдөөд гараад ирэхгүй юү гэж ам тагладаг. АНУ-д эмэгтэйчүүдийн квот байхгүй. Тэнд эмэгтэйчүүд яагаад олноороо ялж чаддаг юм бэ?
-Тийм л дээ. Манай эрчүүд зарим оронд квотгүй болоод байхад бид заавал квотоор яах юм, эмэгтэйчүүд чадлаараа ороод ир гэдэг. Яг энэ асуудлаар би АНУ-ын эмэгтэй улстөрчдийг судалдаг дөрвөн их сургуульд очлоо, олон ч эмэгтэй улстөрчтэй уулзлаа. Харвардын их сургуулиас авахуулаад квот, эмэгтэйчүүдэд олгодог боломжуудын аль нь яаж хэрэгжиж байгаа талаар судалдаг олон судалгааны төвүүд байдаг юм байна. АНУ-д цагдаагийн газраас авахуулаад конгрессийн оффист хүртэл хүний нөөцийн мэдээлэл хадсан самбарууд дээр “Ажилтанд тэгш боломж олгох байгууллагын бодлого” гэсэн хуудсууд байх юм. Тэр нь “Тус байгууллагад шинээр ажилд орохыг хүссэн, шалгуурт тэнцсэн хүмүүсийн дотроос тухайн байгууллага дахь хүйсийн цөөнхөд эхний боломжийг олгоно. Энэ бодлого нь хүйсийн тэгш байдал хангагдах хүртэл үргэлжлэх зориудын арга хэмжээ юм” гэсэн агуулгатай. Квотын оронд тэнд “зориудын арга хэмжээ” гэдэг хэлбэрээр хүйсийн тэгш байдлыг хангадаг юм байна. Улс төр дэх хүйсийн тэгш байдлыг хангах зориудын арга хэмжээ маш олон бий. Ганц жишээ хэлэхэд улс төрийн намууд бүх шатандаа эрэгтэй, эмэгтэй хоёр даргатай байх ёстой. Нэг хүйсийн төлөөлөл дарга нь бол нөгөө хүйсийн хүн дэд дарга байх учиртай юм Улс төрийн нам үндэсний хэмжээний чуулган, их хурлаа хийхдээ эрэгтэй, эмэгтэй төлөөлөгчийн тоог тэнцүү байлгана гэсэн хуультай. Энэ хууль хэрэгжиж эхэлснээс хойш намууд дотооддоо болон төрийн сонгуульд эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлэх, ялуулах сонирхол эрс нэмэгдсэн туршлага байна.
Харин квот бол арай өөр, илүү уян хатан хэлбэрээр хүйсийн тэгш бололцоог бий болгохыг зорьсон хэлбэр. Европ тивд квотгүй орон гэж алга. Латин Америк, Африк, Азийн нийт 120 оронд 30 ба түүнээс дээш хувийн квот үйлчилдэг. Квоттой орнуудад эрэгтэй, эмэгтэй хүнд олгох улс төрийн томилгоо, нэр дэвшилт тэнцүү байх ёстой гэсэн соёл бүрэлдэн тогтож байна. Зэрлэг өрсөлдөөний нийгэм нь соён гэгээрсэн нийгэм болж өөрчлөгдөж байна. Энэ соёлын үр дүн бизнест ч нөлөөлсөн байна. Бизнесийн байгууллагууд удирдах зөвлөлдөө эмэгтэй хүн байлгах замаар ирээдүйн эмэгтэй CEO нарыг бэлтгэн гаргая гэж ярьж байна. Энэ тухай Дэлхийн бизнесийн форумд оролцохдоо сонслоо. “Боинг” компани дээр очиход эмэгтэй удирдагчтай хэлтэс, тасгийнхаа ажлыг бахархан танилцуулж байсан. “Майкрософт” компанийн гадаад өнгө төрхийг төслийн эмэгтэй удирдагч нар тодорхойлолцож байна лээ.
-Монголд компаниуд сонгуулийн үеэр улстөрчдөд мөнгө төгрөг хандивладаг. АНУ-д компаниудаар орохдоо улстөрчдөд хэчнээн ам.доллар хандивладгийг асуув уу?
-Нэлээд олон том компанийн төлөөлөгч, захиралуудтай уулзаж ярилцсан. Тэднээс хэдийг хандивладгийг нь асуугаагүй, яаж хандив өгдөгийг нь асуусан. Эйзенхауэрийн тэтгэлэгт хамрагдсан Азийн 17 төлөөлөгчийг “Майкрософт” компани хүлээж авсан. АНУ-ын Ерөнхийлөгчид БНН-аас нэр дэвшихийг горилж байгаа зургаан хүний мэтгэлцээн хэвлэлээр ид шуугиж байсан үе. “Танай компани энэ хүмүүсийн хэнд нь хандив өгсөн бэ” гэж асуусан чинь их сонин хариулт хэлсэн. Юуны өмнө компаниуд улс төрд хандив өгнө, өгөхгүй гэдгээ илэрхийлдэг хуультай юм байна. Улс төрд компанийнхаа зүгээс хандив өгнө гэж шийдвэл тэр компани улс төрийн хороо гэж цөөхөн хүний бүрэлдэхүүнтэй түр хороо байгуулаад, тэр хорооныхоо мэдэлд тодорхой хэмжээний мөнгийг бөөнд нь өгчихдөг юм байна. Харин хорооны хүмүүс заримдаа санаачлагаараа, заримдаа хандаж мөнгө хүссэн улстөрчдийг хорооныхоо байранд урьж танилцаж байр суурийг нь сонсдог юм байна. Тэгээд хэнийг дэмжихээ шийддэг гэнэ. Компаниуд сонирхлын зөрчилтэй хүнд мөнгө өгөхөөс зайлсхийдэг, бас элдэв авилгын хэрэгт оролцоод компанийн нэр хүндийг гутааж мэдэх хүнд мөнгө өгөхгүй гээд хэдэн гол зарчим барьдаг гэнэ. Улс төрийн хороод улстөрчдийг судалдаг, парламентад яаж санал өгч байсныг нь шүүж үздэг, хэзээ нэг цагт буруу шийдвэр гаргаж байсан эсэхийг судалдаг гээд нэлээд нарийн үйл ажиллагаа явуулж байж мөнгөө зарцуулдаг юм байна. Бизнесийн ертөнцөд цэвэр имижтэй болох хөдөлгөөн нэлээд хүчтэй ажиглагдаж байсан. Дэлхийн бизнесийн форумын үеэр илтгэл тавьсан олон том компанийн СЕО нар улс төрийн хандивын үйл ажиллагааг яаж цэвэр байлгах вэ гэдэгт анхаарч ярилцаж байсан.
Улс төрийн хороо байгуулсан компаниуд энэ тухайгаа Сонгуулийн ерөнхий хороонд тайлагнаж, өгсөн мөнгөө ил тод болгодог юм байна. Харин цаас, ган хийц үйлдвэрлэдэг “Атлас” гэж том компани улс төрд компаниасаа мөнгө өгөхгүй гэж шийдвэрлэсэн учраас улс төрийн хороо байгуулаагүй гэсэн. Компанийн захирал, менежер, ажилтнууд хүссэн нэр дэвшигчдээ хувиасаа хандив өгөх замаар дэмждэг юм байна. Улс төрийн мөнгө ил тод байх ёстой гэсэн хатуу зарчим АНУ-д үйлчилж байна. Мөнгө өгч байгаа нь ч, мөнгө авч байгаа нь ч, хөндлөнгөөс хянаж байгаа нь ч энэ зарчмыг давтаж байна лээ.
-Ардчилсан намыг сонгуульд санхүүжүүлэх гэж байгаа нэр дэвшигчдийн 50 сая төгрөгийн татвар шиг зүйл тэнд байх юм уу. МАН ч үүнээс дээгүүр мөнгө нэхэж байгаа?
-Бурхан минь, тийм зүйл тэнд байхгүй. Бүр манайд ийм байдаг гэж ярихад уулзсан хүмүүс үнэмшихгүй байсан. Ихэнх нь зүгээр л толгой сэгсэрч “хэлэх ч үг алга” гэдгээ илэрхийлж харамсч байсан. Хэзээ ч байж болшгүй, ардчилсан бус санхүүжилт гэнэ ээ, манай намуудын санхүүжилт. Манай Ардчилсан намаас нэр дэвшихийг хүсэгчид 50 сая төгрөгийн татвар хураалга гэж зарласан л даа. Энэ бол зөвхөн төвдөө тушаах мөнгө. Нийслэлийн ИТХ-д нэр дэвшихэд 10 сая гээд явж өгч байгаа.
Хамгийн муу улс төрийн санхүүжилт бол намын дарга нар хаанаас хэдийг авсан нь үл мэдэгдэм байдлаар намаа баяжуулж, нууц мөнгөөр нам сонгуульд санхүүжих явдал. Санхүүжилт нууц учраас хэний мөнгөөр наадаж байгаа нь нууц. Хэний мэдэлд намаа, улс орноо оруулж байгаа нь бас нууц. Тийм ч учраас ийм санхүүжилт хамгийн аюултай юм байна. Энэ бол МАН-ын сонгуулийн санхүүжилтийн сонгодог хэлбэр л дээ. Улс орноо цэвэр зөв хөгжүүлье гэвэл улс төрийн санхүүжилтийг цэвэр ил тод байлгах ёстой юм байна.
-Явсан газрын сонин сайхныг хуваалцаж аяны богцоо задалсанд баярлалаа. Эцэст нь нэг зүйл асууя. Америкт өрнөөд байгаа “Оккупай” хөдөлгөөнийг юу гэж үзэж байгаа вэ?
-Миний очсон том хот болгонд майхан барьсан хүмүүс жагсч харагдана лээ. Энэ хөдөлгөөнүүдийн тавьж байгаа гол санал бол баян хоосны ялгаа хэт гүнзгийрч байгааг арилгахыг хүсч байна. Зарим бизнесийн лидерүүд энэ хөдөлгөөнийхний шүүмжилж ж байгаа тэгш бус хуваарилалтыг хүлээн зөвшөөрч байсан. “Старбакс”, “Майкрософт” компанийн эзэд захирлууд “Бид хэтэрхий их орлоготой, хэтэрхий бага татвартай байгаа нь үнэн, татвараа нэмэгдүүлбэл бид төлөхөд бэлэн байна” гэж мэдэгдэж байсан. Хэт ашиг гэдэг ойлголт цаашид гарч ирэх төлөвтэй байна. Жирийн нэг ашиг бус хэт өндөр ашигтай бол татварын хэмжээг илүү өндөр тогтооё гэж улстөрчид ярьж байна лээ. Энэ асуудал АНУ-ын Ерөнхийлөгчийн дараагийн сонгуулийн гол сэдэв болох төлөвтэй байгаа. АНУ-д нийгмийн бухимдал анх удаа гарч байгаа зүйл биш учраас тэд уян хатан шийдвэр гаргах байх л даа. Хамгийн аймшигтай бухимдал 1905 оны үед гарч байсан байна лээ. Тэр үед “Стандарт Ойл” гэдэг монополь компанийг задлах хууль гаргаж байж, монополийн хэт ашгийг хянасан байдаг. Америкт эдийн засгийн ийм арга сэтгэж ард түмнийхээ бухимдлыг багасгаж байх үед Орост яг адилхан асуудлыг цус урсгасан хувьсгалаар шийднэ гэж буруу замаар явсан түүх бий.
Ямар ч асуудалд тайван гарц бий гэдэгт итгэдэг америкчууд энэ удаад ч эдийн засгийн ухаалаг арга олно гэдэгт итгэлтэй байна. Хурцдаад байгаа асуудлаа яаж шийдэхээ америкчууд ид хэлэлцэж байна. Гадаа гэртгүй л хэлэлцэж байх юм. Нью-Йоркоос гарахын урьд орой “Юнион” талбайгаар алхахад тэнд цагдаагийн дөрвөн нисдэг тэрэг агаарт эргэлдэж, хүмүүс лоозонгоо барьж хашгирсан, ганц нэг хүнийг цагдаагийнхан саатуулж, ярилцаж байгаа тийм дүр зураг харагдсан.
"Ардын эрх" сонин