ТӨХ-ны шийдвэрээр Биокомбинат улсын үйлдвэрийн газрын захирлаар томилогдсон Б.Баттогтох ажлаа хүлээн авсныхаа дараа үйлдвэрийн ерөнхий технологч Ц.Өлзийтогтохыг хуурамч эм, тарилга үйлдвэрлэн удаа дараа улсад нийлүүлсэн үндэслэлээр ажлаас халснаар маргаан үүсээд байсан юм. Улмаар малын хуурамч вакцин үйлдвэрлэж байсан асуудлыг нь цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй.
Биокомбинат үйлдвэр саяхан дотоод аудитын шалтгалт хийж, нэлээн ноцтой зөрчил, үйлдлүүдийг илрүүлсэн байна. Сүүлийн 7-8 жилийн хугацаанд нийт нэг тэрбум 600 сая гаруй төгрөгийн хуурамч бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, үйлдвэрлэлд технологийн заавар, улсын стандартыг ноцтой зөрчиж байсан нь тодорхой болжээ. Мөн малын А зэрэглэлийн халдварт өвчний эсрэг шүлхийн вакциныг гадаадаас нийлүүлэх тендерийг зохион байгуулахдаа мөнгө завшдаг байсан баримтууд ч ил болоод буй. Эдгээр нь Биокомбинатын өмнөх удирдлагуудын ажлын хариуцлага ямар төвшинд байсныг харуулах баримтууд. Тус үйлдвэр нь мал амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх болон оношлох, эмчлэх зориулалт бүхий 60 гаруй нэрийн биобэлдмэл үйлдвэрлэдэг. Гэвч тэдгээрийн зарим нь чанарын шаардлага хангахгүй, хуурамч явж ирсэн нь шалгалтуудаар тодорхой болж байна. Дөчин сая толгой малын дунд дэгддэг халдвар болон өвчлөл буурахгүй явж ирсний учрыг ч үүнтэй холбон тайлбарлах ёстой бололтой. Мал сүргийн халдварт өвчин нь хүн амын хүнсний аюулгүй байдал,нийгмийн эрүүл мэнд, цаашлаад эдийн засгийн утгаараа ч том сэдэв гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой юм.
Монгол Улс жилд ердөө зургаан тонн мах экспортод гаргаж буйгийн 90 хувийг Оросын зах зээлд нийлүүлж байна. Өнгөрсөн зууны 60, 70-аад оны үед Монгол Улс 20 сая орчим толгой малтай байх үед жилд 40 мянгаас доошгүй тонн мах экспортод гаргаж байсан бол өнөөдөр 40 сая толгой малтай атлаа ердөө зургаан тонныг экспортолно гэдэг хангалтгүй үзүүлэлт юм. Экспорт хумигдаж буйн шалтгаан, мак экспортлогчдод учирч гол хүндрэл нь мөнөөх мал сүргийн халдварт өвчлөл. Монголоос мах импортлогч ОХУ нийлүүлэлтийг нэмэгдүүлэх сонирхолтой ч үүнд саад болж буй хамгийн гол зүйл нь мал эмнэлгийн асуудал гэдгийг онцолдог.
Мал сүргийн халдварт өвчнийг багасгахад гол үүрэгтэй байгууллага нь улсдаа цорын ганц Биокомбинат төрийн өмчит үйлдвэр. Гэтэл энэ үйлдвэр цаг үеийнхээс захиалгыг хангаж чадахгүй хэмжээнд хүртлээ техник, технологийн хоцрогдолд орсноос гадна улсын өмчийг хувьдаа завших, хөлжих арга хэрэгсэл болж байсан нь илэрч эхэллээ.
Биокомбинатын удирдлагууд өнгөрсөн долоо хоногт Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын хэсэгт үйлдвэрийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийжээ. Шинжлэх ухааны нарийн үйлдвэрлэл явагдах ёстой тус үйлдвэрт нүүрлэсэн хоцрогдол, технологийн горимд илэрч буй ноцтой зөрчлүүд, өмнөх удирдлагуудын хариуцлагагүй явж ирсэн байдлыг энэ үеэр тайлбарласан байна. Улмаар тус үйлдвэрт холбогдох мэргэжлийн байгууллагуудын шалтгалтыг оруулж, нөхцөл байдалд бодитой үнэлгээ өгч, анхаарал хандуулах ёстой гэдгийг ҮАБЗ-ийн хүрээнд дүгнэжээ.
"Ардын эрх" сонин