Дэлхийн хүн ам XX зуунд дөрөв дахин, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 20 дахин нэмэгдлээ. Тэр нь байгалийн нөөцийн эрэлтийг 600-2000 хувиар ихэсгэжээ. Гэтэл инфляцийг тооцоод биржийн барааны үнэ хоёр дахин буурсан байна гэж McKinsey Global Institute (MGI) илтгэлдээ тэмдэглэжээ. Гэтэл тэр доошлолт өнгөрсөн арван жилд бүрэн нөхөгдөн сэргэсэн байна.
Хямд үнийн эрин ард хоцроод байна хэмээн тэд үзлээ. 2010-2030 онд дэлхийн дунд ангийн өнөө байгаа 1,8 тэрбум хүн гурван тэрбумаар нэмэгдэнэ гэж MGI дүгнэсэн байна. Эрэлтийн эрс өсөлт нь нөөцийн шинэ эх сурвалж хайх хүндрэл дагуулж байна. Тэгээд ч биднийг “нөөцийн хувьсгал” хүлээж буй ажээ. Нөөцийн нэг төрлийн хомсдол эсвэл үнийн өсөлт нь бусдад нь нөлөөлж магадгүй. Жишээлбэл, цаг уурын дулаарал нь хөрсний усжуулалтыг шаардах учраас усан цахилгаан станцуудын эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээг бууруулж магадгүй юм.
Өсч буй эрэлтийг үйлдвэрлэлийг зэрэгцэн өсгөснөөр нөхнө гэвэл жилдээ наад зах нь гурван их наяд долларын хөрөнгө оруулалтыг шаардах юм. Тэр нь өнгөрсөн хугацааны нийт хөрөнгө оруулалтаас нэг тэрбумаар илүү болно гэж илтгэлийг зохиогчид дүгнэсэн байна. Ундааны усны хэрэглээ 2030 онд 30 хувиар өсөх ба түүний хомсдол хуурай халуун орнуудад улам хурцдах болно. Зэсийн шинэ орд газруудын тал хувь нь улс төрийн өндөр эрсдэлтэй орнуудад байна. Үржил шимтэй ашиглагдахгүй байгаа газар нутгийн 80 хувь нь дэд бүтэц хөгжөөгүй эсвэл улс төрийн ноцтой асуудалтай орнуудад байна гэж илтгэлд тэмдэглэжээ. Хөрөнгө оруулалтын өсөлт нь мөнгө олоход хүндрэлтэй, үнэ цэнтэй болж буйтай давхцаж байна. Хөрөнгө олоход нэмж гаргах мөнгөний зардал нь жилдээ 50-150 тэрбум ам.доллар байх болно гэж илгэлд бичжээ.
Хэрэв үйлдвэрлэлийг зүгээр нэг нэмэгдүүлэхгүйгээр үр ашгийг нь дээшлүүлэхэд өнөөгийн үнээр 2,9 тэрбум ам.долларыг хэмнэх боломжтой гэнэ. Хэрэв эрчим хүч, хөдөө аж ахуйн татаас, хөнгөлөлтийг зайлуулвал хэмнэлт нь жилдээ 3,7 тэрбумд хүрэх гэнэ. Гэхдээ зөвхөн үр дүнгийн өсөлтийг нөөцийн хэрэглээнд ашиглах нь бүтэхгүй аж. Жишээлбэл, тэр нь эрчим хүчинд 20 QBTU (британи дулааны нэгж квадриллион) хэмнэлт өгөх боловч нефть, байгалийн хий ба нүүрсний нөөц буурснаас нэмэлт 400 QBTU хэрэглээг нөхөж чадахгүй. Үр ашгийг нэмэгдүүлэх нь жилдээ 900 тэрбум ам.долларын нэмэлт хөрөнгө оруулалтыг шаардана гэж McKinsey үнэлээд байна.
Нийт эдийн засгийн 75 хувийг үр ашгийг дээшлүүлэх 15 арга хэмжээгээр гаргаж болно хэмээн илтгэлд бичсэн байна. Тэднээс гурав нь тухайлбал, байр байшингийн эрчим хүчний үр ашиг, том компаниудын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх мөн хүнсний бүтээгдэхүүний хаягдлыг багасгах зэрэг нөөцийн нийт боломжийн гуравны нэгийг өгнө. Эдийн засгийн боломжийн 80 хувь нь хөгжиж буй орнуудын эдийн засагтай холбоотой ажээ. Сэргээгдэх эрчим хүчинд тулгуурлах нь жилдээ 260-370 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардах болно гэж MGI тооцсон байна.
Илтгэл нь хөдөлмөр, хөрөнгө, түүхий эдийн нөөцийн ээдрээтэй бөгөөд сонирхолтой холбоог харуулжээ. Суурь материал, эрчим хүч, ус, хүнс зэргийн нөөцөд ойр байх нь компани ба улс орнуудын өрсөлдөөний гол эх сурвалж болно. McKinsey институтын дүгнэлт нь ухаалаг бөгөөд зөв гэдгийг бусад шинжээчид үнэлжээ.
Үнэтэй болж байгаа энэ нөхцөлд Монголын байдал хожилтой орнуудын хэсэгт орох байх. Харин хөдөө аж ахуйн шинэчлэл, үйлдвэрлэлийн үр дүнг нэмэгдүүлэх, эрчимжүүлэх төслүүд дээрээ одооноос ажиллаад эхлэхгүй бол хожил нь хожигдол болоход тун ойр. Өндөр үнийг ашиглах сонирхол нь эрүүл ухаанаас давах гэсэн шуналыг өдөөдөг талтай.
"Ардын эрх" сонин