Нэгэнтээ газрын нөөц тулгамдсан асуудал болсон тул холбогдох газрууд шинээр нөөц газар тогтоох ажлыг хийжээ. Ямартай ч, Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх, Налайх дүүргүүдийн 980 га газарт нөөц байгааг тогтоосон байна. Ингэхдээ Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх Төмөр замын 369-ын гарам орчимд 170,8 га, мөн дүүргийн 20 дугаар хороо Хурганы сангийн аж ахуйд 350 га газар, Төмөр замын 324, 335, 347 дугаар зөрлөгүүдийн орчимд мөн Жаргалант тосгон дахь Аюут эмгэнэтийн аманд 100 га газар, Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Гавжийн шанд, Өлзийт хороололд тус бүр 100 га газар, Баянзрх дүүргийн 20 дугаар хороо Бага булаг, Баяндөхөмийн аманд 112 га газарт суурьшил бий болгох хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг мэргэжлийн байгууллагууд хийжээ.
Мөн нөөц газрын хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор авто замын дагуу нийт 15274 иргэнд газар өмчлүүлэх боломжтой гэж үзсэн байна. Энэ дагуу Төв аймгийн арван байршилд, 9961 иргэнд, Архангай аймгийн зургаан байршилд 239 иргэнд, Өвөрхангай аймагт есөн байршилд 290 иргэнд, Сэлэнгэ аймагт мөн есөн байршилд 4784 иргэнд тус бүр газар өмчлүүлэх боломжтой гэж үзжээ.
Дэд бүцтийг шийдээд, сургууль, эмнэлгүүд байгуулчихвал аяндаа дээрх газруудад суурьшил бий болно. Үүнд хөрөнгө мөнгө хэрэгтэйгээс гадна цаг хугацаа ч бас шаардах бололтой. Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас газрын нөөц хомсдсон энэхүү байдалд дүн шинжилгээ хийж үзээд гэр хорооллыг барилгажуулах нь хамгийн зөв гарц гэж үзжээ. “ЖАЙКА”-гийн судалгаа ч ийм зөвлөмжийг өгч буй гэнэ. Тиймээс нийслэлийн иргэдийн хувьд газраа байраар солих, мөн амьдарч байгаа газраа ая тухтай болгох үүднээс тордох гээд олон ажлыг хийх зүй ёсны шаардлага тулгарч эхэлжээ. Нэг зүйлийг онцолход, гэр бүлийн хэрэгцээний зориулалтын газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх хугацааг таван жилээр сунгасан бөгөөд хуулийн энэхүү үйлчлэлийн хугацаа 2013 оны тавдугаар сарын 1-ний өдөр дуусгавар болох юм байна. Тиймээс иргэдийн хувьд газраа өмчилж авах талд шуурхай хандахгүй бол ердөө жил гаруйхны хугацаа үлджээ.