”Тамагочи” 15 нас хүрлээ

Хуучирсан мэдээ: 2011.11.23-нд нийтлэгдсэн

”Тамагочи” 15 нас хүрлээ

Хүүхдүүдийн дунд 1990-ээд оны дундуур хамгийн түгээмэл тоглоомын нэг
болоод байсан "Тамагочи" 15 нас хүрчээ. Бага зэрэг өөрчлөгдсөн ч гэлээ
одоо ч энэ тоглоом худалдаанд гарсаар байгаа юм. “Төрсөн өдөр”-ийг нь
тохиолдуулаад "Тамагочи"-ийг үйлдвэрлэгч Японы "Бандай" компани анхны
хувилбарыг санагдуулам цөөн тооны тоглоом дахин худалдаанд гаргажээ.

Тус компанийн 1996 онд үйлдвэрлэсэн тэрхүү жижигхэн хуванцар төхөөрөмжин
дотор амьтны бяцхан зулзага төрөхөд эзэн нь хооллож, эмчилж, салхинд
гаргаж, цагт нь унтуулах гэх мэтээр үргэлж халамжлах ёстой болдог
байлаа. Бага насны дурсамжийг сэргээм "Тамагочи" тоглоом нэлээдгүй
шуугиан дэгдээж байв. Тэжээвэр амьтандаа анхаарал хандуулахгүй орхивол
бие нь муудаж, үхэж ч болдог бөгөөд хүүхэд үүнийг хараад бага зэрэг
санаагаар унах тохиолдол гардаг байлаа.

“Тамагочи”-ний тэсрэлт болж байсан тухайн үед 40 сая тоглоом
үйлдвэрлэгдэж байсан бол аажмаар зах зээлээс хасагдаж цахим амьтны
үйлдвэрлэл зогссон байна.

2004 онд "Бандай" компани зах зээлд "Тамагочи +" хэмээх шинэчилсэн
хувилбараа нийлүүлж хоёр амьтантайгаар гаргажээ. Амьтад хоорондоо аль нь
түрүүлж хоолоо идэх вэ гэх мэтээр уралдаж, эсрэг хүйстэй бол тодорхой
насанд хүрэхээрээ бие биедээ дурлаж, гэрлээд дараа нь хүүхэдтэй болдог
байлаа.

Харин дараа нь "Бандай" компани гар утсанд зориулж "Тамагочи ID"-гаа
гаргасан бол хамгийн сүүлд 2011 оны гуравдугаар сард энэ серийн сүүлийн
хувилбарыг нийлүүлж, хагас жилийн дотор 500 мянган ширхэгийг борлуулсан
байна.

А.Цацрал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж