Хуучирсан мэдээ: 2011.11.23-нд нийтлэгдсэн

Машины үнэ нэмэгджээ

Дахиад
нэг түгшүүр… Дахиад л машины үнэ өсчээ гэсэн шуурга дэгджээ. Айл
бүхэн хүний тоогоор машинтай болох  хүслэнтэй болсон одоо үед бид машины
үнэ өсчээ гэхээс буулаа гэдэг үг сонсох нь ховорджээ.  Өнгөрсөн жилийн
яг өдийд мөн л автомашины Онцгой албан татварыг нэмэх гэж байна гэсэн
сургаар машины үнэ нэмэгдсэнийг та санаж байгаа байх. Энэ жил мөн л адил
ийм “шуурга” дэгджээ.

Үнэхээр ч манайдаа л ганц гэгдэх “Да
хүрээ” хэмээх захаар машины үнэ нэмэгдчихсэн байна. Энэ жилийн
“шуурга”-ны шалтгаан мөн л татвар нэмнэ гэсэн сураг. Ердөө л сургийг нь
сонсоод үнэ нэмдэг уламжлал нэгэнт тогтчихжээ. Өнгөрсөн жилийн арваас
арванэгдүгээр сарын үед автомашины үнэ өссөн талаар бид тухай үед нь бас
л мэдээлж байсан. Энэ удаа ч бас “Да хүрээ”-гээр машины үнэ сонирхлоо.
Ажлын өдөр болоод ч тэр үү олон хүнгүй байлаа. Машины ченжүүд ид ажлаа
хийж байлаа. Машин сонирхогчдыг уриалан дуудаж өнгө үзэмжээрээ ялгарахын
тулд зарж буй машинаа зүлгэж зогсоно. Мэдээж тэд наймаагаа борлуулахын
тулд аль сайхан, боломжтой бүхнээ үзүүлж рекламдана. Машины хувьд өнгө
үзэмжээс илүү хамгийн чухал нь үйлдвэрлэсэн болон Монголд оруулж ирсэн
он, “гүйсэн” километр. “Да хүрээ” захад 1994-2010 оны машинууд янз
янзаараа л байна.  Он залуу байх тусмаа үнэ нь өндөр. Бага зам туулсан,
өнгө үзэмж, хурд хүч нь илүү байдаг болохоор арга ч үгүй биз. Дээр нь
гааль, татварын мөнгө “шингэсэн” байдаг учраас залуу машин бэл бэнчин
багатай нэгний хүлэг бол биш гэдгийг наймаачид хэлж байсан. Үүнд 2005
оноос хойш үйлдвэрлэгдсэн машинууд залуудаа ордог гэх. Манайд 2004 оноос
өмнө үйлдвэрлэгдсэн машин их байдаг юм байна л даа. Худалдаж байгаа нь ч
худалдан авч байгаа ч 2004 оноос “хижээлдүү” машиныг сонгох нь их. Он
залуу машин оруулж ирэхэд татварын мөнгө нь өндөр, ашиг багатай учраас
ченжүүд ч гэсэн ашгаа бодож хямд, зардал багатайгаар нь хуучин машинууд
оруулж ирдэг гэнэ. Өнгөрсөн жилийн өдийд гэхэд 2003 оны машинууд он
залууд тооцогдож байсан бол энэ жил 2005 оноос хойшхи “нөхөд” түрэн орж
иржээ.

2005 онд үйлдвэрлэгдсэн, хил давуулж ирээд хоёр хонож
байгаа Pruis-20 маркийн Тоёото үйлдвэрийн машин 12,8 сая төгрөг. Ийм
машин сонирхож яваа нэгэн “Нэлээд хэдэн сарын өмнө энэ машин 11 саятай
байсан юм. Гэтэл одоо нэлээн нэмэгдсэн байна” гэх. “Prius” хамгийн
борлуулалт өндөртэй байгаа машин гэсэн. Хос тэжээлтэй буюу цахилгаан
болон шатахуун хоёуланг нь хэрэглэдгээрээ санхүүгийн хувьд ч хэмнэлттэй
учраас ийнхүү эрэлттэй байгаа гэв. Өнгөрсөн жилийн өдийд “Prius-10”
болон “Prius-11” нь зургаан сая төгрөний үнэтэй байсан  бол одоо долоон
сая 500 мянга төгрөг болжээ. Дээр өгүүлсэн машин сонирхогч “Ер нь бүх
машины үнэ 500 мянгаас хоёр сая төгрөгөөр нэмэгдсэн байна. Татвар
нэмэгдэх сургуур л дандаа ингэдэг болж. Дээрээс нь хүйтний цаг ирсэн
болохоор бас нэмэгдэх хандлага ажиглагддаг юм” гэж байлаа.

Бензин
бага иддэг, он залуу машины үнэ бол дийлдэхгүй бололтой шүү. Мэдээж
машин авах гэж байгаа хүн “идэш” багатай, өнгө үзэмж сайтайг нь сонгохыг
хүснэ шүү дээ.  Хамгийн гол нь машины  наймаачид нь татвар бага төлдөг
учраас “комисс”-ын буюу хуучин машин оруулж ирэх нь дийлэнхи нь.
Худалдан авагч “дэлгүүр”-т байгаа бараанаас л сонголт хийдэг юм хойно,
энэ зах дээрх хуучны хуучин машинуудаас л сонголтоо хийдэг юм байна,
худалдан авагчид нь.

Одоо жил бүр машины үнэ нэмэгдэх шалтаг
болдог сургийн талаар сонирхоцгооё. “Хустайн элбэрэл” гэх төрийн бус
байгууллага тодорхой хугацаанд судалгаа явуулснаар автомашины онцгой
албан татварын төлбөрийг өөрчлөх саналыг УИХ-ын гишүүн  Л.Гүндалай,
Н.Ганбямба, З.Алтай гишүүдээр дамжуулан УИХ-д өргөн барихаар болсон.

Тэдний
судалгаагаар  Монгол улсад явж буй машинуудын  6500-7500 нь суудлын
автомашин. “Хустайн элбэрэл” ТББ-ын гүйцэтгэх захирал Г.Нандинцог
“10-аас дээш жилийн настай автомашинууд нь агаарын бохирдолд нөлөөлж энэ
нь цаашилбал, хүний эрүүл мэндэд нөлөөлж байна гэж байнга ярьдаг. Гэтэл
бид өнөөдөр эрүүл мэндэд нөлөөлж байна гэж хэлэхээс өөрийг хийж
чадахгүй байна. Дээрээс нь хуучин автомашин худалдан  эвдсрэл ихтэй
учраас нэмэлт зардал их гардаг гэдгийг ч мөн судалгаагаар гаргасан. Мөн 
Японоос гурван сая 500 мянган төгрөгний үнэтэй машиныг монголчууд
татвар, дээрээс нь ченжүүд үнэ нэмснээр найман сая төгрөгөөр авч байгаа
юм.  Бидний санаачилсан шинэ төслөөр бол 0-5 жилийн настай машины албан
татварыг тэглэх юм бол шинэ машиныг бид одоогийн хуучин машины мөнгөөр
авах боломжтой. Тэгэхээр хуучин машин өндөр үнээр авч байхын оронд шинэ
машин авах боломжтой гэсэн санааг тусгасан” гэлээ. Тэдний боловсруулсан
төсөлд “0-5 жилийн настай автомашины онцгой албан татваргүй болгож, 5-9
жилийнхийг 50 хувиар бууруулж, 10-аас дээш жилийн настай буюу 2001 оноос
өмнө үйлдвэрлэгдсэн автомашины  онцгой албан татварыг 2-3 дахин
нэмэгдүүлснээр агаарын бохирдлоос сэргийлж, цаашлаад олон асуудлыг
шийдэх боломжтой” гэнэ.

Уг нь эрүүл агаар, иргэддийнхээ амьдралд
тус нэмэр болохоор байдлаар хуулиндаа өөрчлөлт оруулбал хэн хэнд маань
хэрэгтэй байх биз. Агаарын бохирдлоор дэлхийд дээгүүр байрт ордог бидний
хувьд хуучны машинуудаас “тургиж” буй утаагаа багасгачихвал бас л нэг
том алхам.
Бусад улс оронд 10-аас дээш жилийн настай автомашиныг
шууд төмрийн хогонд нийлүүлэх, замын хөдөлгөөнд оролцуулдаггүй хуультай.
Харин 10-аас дээш настай  машин монголчуудын гол гангараа. Монголд
байгаа 310 мянган автомашины 65 хувь 10-аас дээш настай гэсэн статистик
тоо дээр тулгуурлавал. Тэр тусмаа монголчууд бид Япон Солонгос хэмээх
хоёрхон гүрний  “комисс”-ын машинаар гангардаг гэж байгаа юм аа.

Гэтэл
энүүхэн “үүд”-нд Эрээнд гэхэд 10-аас дээш настай машиныг хөдөлгөөнд
оролцуулдаггүй. Эрээний боомтоор манай улсын 10-аас жилийн настай том
машинуудыг нутаг дэвсгэртээ явуулахгүй гэхэд Замын-Үүдийн боомтоор ачаа
зөөдөг жолооч нарыг жагсаал цуглаан хийж эсэргүүцэж байв даа.

Хуучин
машины татварыг өндөр болгож, хязгаарлалт хийхгүй бол удахгүй төмрийн
хогоор дүүрсэн улс болж түмний шившиг болох вий дээ. Хуучирдаггүй жийнс
гэж дуулдаг даа. Автомашины чинь түүнээс шал ондоо зүйл гэдгийг мэдсээр
байж яагаад хог дээр хаях шахсан, хэрэглээнээс гарсан машинуудыг оруулж
ирэхийг зөвшөөрөөд байдаг нь бас сонин шүү. 

Дээрхи
хүснэгт нь одоо мөрдөгдөж байгаа хууль. Харин шинэчилсэн буюу өргөн
барихаар болсон хуулиар бол 0-5 жилийн өмнө үйлдвэрлэгдсэн бол Онцгой
албан татваргүй болгох, 5-9 жилийг 50 хувиар бууруулах, 10-аас дээш
жилийн өмнө үйлдвэрлэгдсэн буюу насжилт өндөртэй машинуудын Онцгой албан
татварыг 2-3 дахин нэмэгдүүлэхээр боловсруулсан байна.

Ш.ЧИМЭГ

 "Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж