Н.Энхбаярын туслахыг баривчилсан нь хууль бус гэв

Хуучирсан мэдээ: 2011.11.23-нд нийтлэгдсэн

Н.Энхбаярын туслахыг баривчилсан нь хууль бус гэв

Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын шадар туслахаар сүүлийн 5-6 жил  ажиллаж байгаа Б.Тулгыг өчигдөр орой УМБГ-аас баривчилсан. Энэ талаар Б.Тулгын өмгөөлөгч О.Баасанхүүгээс тодрууллаа.

-Өчигдөр Н.Энхбаярын туслах Б.Тулгыг ямар үндэслэлээр баривчилсан юм бэ. Танд энэ талаар тайлбар өгсөн үү?

-Баривчилгааны гэрч нь харуул хамгаалалтын ажилтан Отгонжаргал гэдэг хүн байсан юм билээ. Би Отгонжаргалаас яг юу болсон талаар асуухад “Танай үйлчлүүлэгчийг баривчилж, хоёр өмгөөлөгчийнх нь хамт байлцуулан, байцаалт авсан” гэж хэлсэн. Бид энэ баривчилгааг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 59.1-ийг зөрчсөн үйлдэл гэж үзэж байгаа. 59.1-д юу хэрэг бүртгэгч мөрдөн байцаагч үндэслэлээ прокурорт танилцуулаад, прокурор шүүхээр асуудлыг шийдвэрлүүлнэ гэж заасан байдаг. Харамсалтай нь, надад ирсэн мэдээллээр СБД-ийн шүүх өнөөдөр хуралдаад 14 хоног баривчлах тогтоол гаргасан гэсэн. Уг нь  шүүхийн шийдвэр гарсны дараа  баривчлах ёстой. Гэтэл баривчилсных нь дараа Шүүх баривчлах шийдвэр гаргадаг болсонд гайхаж байна. Б.Тулгыг баривчилсан явдал нь эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 59.1-ээр заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл болсон. 

-Хүч хэрэглэн баривчилсан гэдэг үнэн үү?

-Зарим хэвлэлээр хүч хэрэглэсэн талаар бичсэн байна лээ. Би энэ талаар одоогоор тодорхой мэдээлэлгүй байна. Үйлчлүүлэгчтэйгээ уулзаж чадаагүй яваа учраас  хүч хэрэглэсэн эсэхийг хэлж мэдэхгүй байна.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж