Монгол хөөмэйч Гран-при хүртжээ

Хуучирсан мэдээ: 2011.11.23-нд нийтлэгдсэн

Монгол хөөмэйч Гран-при хүртжээ

“Дэлхийн амьсгал” хөөмэйн олон улсын тавдугаар уралдаанд манай хөөмэйчид амжилттай оролцоод иржээ. ОХУ-ын Буриадын Улан-Үд хотод болсон уг уралдаан энэ сарын 17-21-ний өдрүүдэд үргэлжилсэн бөгөөд 100 гаруй оролцогч авьяас чадвараа сорьж, хөөмэйн гайхашгийг мэдрүүлсэн байна. Манай хөөмэйчдээс Монгол хөөмэйн холбооны тэргүүн, Урлагийн гавьяат зүтгэлтэн А.Цэдэн-Иш болон Монголын алдарт хөөмэйч, тус холбооны дэд тэргүүн, “Монгол хөөмэй”  ангийн ахлах багшаар удирдуулсан  14 хүний бүрэлдэхүүнтэй  баг оролцож, ганзага дүүрэн иржээ. Уралдааны Гран-при шагналыг Соёлын тэргүүний ажилтан, хөөмэйч Н.Наранбадрах хүртэж, 6-р сургуулийн сурагч Т.Билгүүн тусгай байр, СУИС-ийн Монгол хөөмэйн ангийн дөрөвдүгээр дамжааны оюутан Ц.Тулга гоцлол төрөлд тэргүүн байр, О.Дэлгэрбуян ивээн тэтгэгчийн шагнал, Н.Энхтайван тусгай байрыг тус тус эзэлжээ. Тэргүүн байр эзэлсэн Ц.Тулга гоцлолын төрөлд орчин үеийн тоглолтыг буюу бийтбоксыг хөөмэйтэй хослуулан сонордуулсан нь ихээхэн сонирхол татсан аж. Мөн СУИС-ийн Монгол хөөмэй ангийн дөрөвдүгээр курсын “Тэнгэр” хамтлаг тус уралдааны хамтлагийн төрөлд дэд байр эзэлсэн байна. Энэ жил Монгол хөөмэй холбоо 10 нас хүрж байгаа бөгөөд ойн баярынхаа хүрээнд ирэх сарын 3-ны өдөр Монголын үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын байранд хүндэтгэлийн тайлан тоглолт хийх аж.

Монгол хөөмэй холбооны тэргүүн А.Цэдэн-Ишээс цөөн асуултанд хариулт авлаа.

-Уг тэмцээнд манай орон болон Буриадаас гадна өөр ямар орнууд оролцсон бэ?

-Ер нь бол Алтайн уулсыг тойрон оршдог олон үндэстэн ястнууд оролцсон гэж хэлэхэд болно. Заавал яагаад ингэж тодорхойлсон бэ гэвэл хөөмэйн урлаг Азийн төв хэсэгт тодруулбал, Алтайн уулс, манай орны хувьд Ховд, Увс, Тэс, Их нууруудын хотгор хэсгээр нутагладаг овог аймгууд, үндэстэн язгууртнуудын дунд үүссэн юм.

-Одоо хөөмэйн урлаг бусад улс оронд дэлгэрэх хандлагатай болсон. Энэ нь Юнескогийн биет бус соёлын өвд албан ёсоор бүртгүүлсэнтэй холбоотой юм болов уу гэсэн таамаглал бий?

-Тийм тал бий. Монголчуудыг энэ оны нэгдүгээр сард хөөмэйг ЮНЕСКО-д биет бус соёлын өвд бүртгүүлж, албан ёсоор батламжаа гардан авсан. Үүнээс өмнө 2009 онд ӨМӨЗО бүртгүүлчихсэн байлаа, гэсэн ч ЮНЕСКО-гоос хэлэлцээд Монгол орныг бүртгэн авах нь зүй ёсны хэрэг хэмээн тодорхойлсон юм. Бусад 11 оронд хөөмэйтэй төстэй хэлбэрүүд байдаг ч тэдгээр нь туйлсын хэлбэртэй зохиолыг уншдаг байна.

-Ирэх жил Хөөмэйн олон улсын хоёрдугаар наадмыг эх орондоо зохион байгуулна гэсэн?

-Бид эх орноо төлөөлж олон наадам, тэмцээнд оролцож байлаа.  Саяын тэмцээнээс ч их туршлага хуримтлууллаа. Ялангуяа эх орондоо ийм төрлийн уралдаан, наадам зохион байгуулах талд. Тэгэхээр дараа жил Хөөмэйн олон улсын наадмыг хийхээр болсонд их олзуурхаж байгаа. Бидний сая оролцоод ирсэн “Дэлхийн амьсгал” уралдаан гэхэд зөвхөн хөөмэйн тоглолт байгаад зогсохгүй хөөмэйн урлагийг хувцас загвартай хослуулан илэрхийлсэн наадам байснаараа онцлог байсан.
    

У.Болор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж