Монгол хөөмэй холбооны тэргүүн А.Цэдэн-Ишээс цөөн асуултанд хариулт авлаа.
-Уг тэмцээнд манай орон болон Буриадаас гадна өөр ямар орнууд оролцсон бэ?
-Ер нь бол Алтайн уулсыг тойрон оршдог олон үндэстэн ястнууд оролцсон гэж хэлэхэд болно. Заавал яагаад ингэж тодорхойлсон бэ гэвэл хөөмэйн урлаг Азийн төв хэсэгт тодруулбал, Алтайн уулс, манай орны хувьд Ховд, Увс, Тэс, Их нууруудын хотгор хэсгээр нутагладаг овог аймгууд, үндэстэн язгууртнуудын дунд үүссэн юм.
-Одоо хөөмэйн урлаг бусад улс оронд дэлгэрэх хандлагатай болсон. Энэ нь Юнескогийн биет бус соёлын өвд албан ёсоор бүртгүүлсэнтэй холбоотой юм болов уу гэсэн таамаглал бий?
-Тийм тал бий. Монголчуудыг энэ оны нэгдүгээр сард хөөмэйг ЮНЕСКО-д биет бус соёлын өвд бүртгүүлж, албан ёсоор батламжаа гардан авсан. Үүнээс өмнө 2009 онд ӨМӨЗО бүртгүүлчихсэн байлаа, гэсэн ч ЮНЕСКО-гоос хэлэлцээд Монгол орныг бүртгэн авах нь зүй ёсны хэрэг хэмээн тодорхойлсон юм. Бусад 11 оронд хөөмэйтэй төстэй хэлбэрүүд байдаг ч тэдгээр нь туйлсын хэлбэртэй зохиолыг уншдаг байна.
-Ирэх жил Хөөмэйн олон улсын хоёрдугаар наадмыг эх орондоо зохион байгуулна гэсэн?
-Бид эх орноо төлөөлж олон наадам, тэмцээнд оролцож байлаа. Саяын тэмцээнээс ч их туршлага хуримтлууллаа. Ялангуяа эх орондоо ийм төрлийн уралдаан, наадам зохион байгуулах талд. Тэгэхээр дараа жил Хөөмэйн олон улсын наадмыг хийхээр болсонд их олзуурхаж байгаа. Бидний сая оролцоод ирсэн “Дэлхийн амьсгал” уралдаан гэхэд зөвхөн хөөмэйн тоглолт байгаад зогсохгүй хөөмэйн урлагийг хувцас загвартай хослуулан илэрхийлсэн наадам байснаараа онцлог байсан.