Хуучирсан мэдээ: 2011.11.23-нд нийтлэгдсэн

Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн төслийн хэлэлцүүлэг гацаанд орлоо. Долоохон хоногийн дараа буюу арванхоёрдугаар сарын 1 гэхэд бүрэн баталсан байх хуулийн хугацаатай Төсвийн хууль хоёрдугаар хэлэлцүүлэг дээрээ таг гацаад хоёр дахь долоо хоногийн нүүр үзэж байна. УИХ дахь намын бүлгүүд, ажлын хэсэг санал дүгнэлт, байр сууриа нэгтгэх гэж нэлээд ажиллаж байгаа гэнэ. Гэхдээ л хэтэрхий данхайлгасан төсвийн төслөө хумих гээд барахгүй байгаа дуулдана. Хонь мянга хүрэхээр тогоо тослох төлөг олддоггүй гэдгээр долоон их наяд төгрөгт хүргэсэн төсвөөс танах гэхээр хасах юм олддоггүй бололтой. Сонгуулийн жилийн төсөв болохоор бүгд хайран санагдаад гар хүрч чадахгүй суусаар Төсөв батлах хугацаа хаяанд туллаа.

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс байгуулсан ажлын хэсгийнхэн төсөв тааруухан болсон талаар дүгнэлт гаргаад байгаа. Түүнд дурдсанаар 2012 онд ДНБ-ний өсөлт 25,6 хувь, төсвийн орлого 6,35 их наяд төгрөг буюу ДНБ-ний 35,3 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 7,47 их наяд төгрөг буюу ДНБ-ний 39,4 хувь, төсвийн алдагдал ДНБ-ний 4,1 хувь болох 740 тэрбум төгрөг байхаар төлөвлөгджээ. Орлогоосоо даруй нэг их наяд гаруй төгрөгөөр давсан зарлагатай ийм төсөв хийчихээд “хөгжлийн төсөв” гэсэн нэр хайрлаад буй.

 УИХ-ын гишүүд тойрог тойрог руугаа хөрөнгө мөнгө хаяулах гэж өрсөлдөж үзэлцсээр төсвийн алдагдлыг “тэнгэрт” тулгаж орхиж. ДНБ-тэй  харьцуулсан Төсвийн алдагдал 2011 онд 9,9 хувьтай байсан бол 2012 онд 4,1 хувьтай болж буурч байгаа ч мөнгөн дүнгээр тооцвол 4,5 дахин өсөхөөр болжээ. Төсвийн нийт зарлага дотор урсгал зардал нь 68 хувь буюу 5,08 их наяд төгрөг болсон байна. Урсгал зардал 2011 онтой харьцуулахад 62 хувиар нэмэгджээ. Төсвийн өр ДНБ-ний 55 хувь  буюу 10,3 их наяд төгрөг болж 2011 онтой харьцуулахад 4,73 их наяд төгрөгөөр нэмэгдэх төлөвтэй болжээ. ДНБ 2011 онд 10 их наяд  төгрөг байсан бол 2012 онд 18 их наяд болсон нь ДНБ ирэх оронд 80 хувиар  өсч нэг хүнд ногдох ДНБ 5000 ам долларт хүрэхээр болсон байна. Их сайхан дуулдаж байгаа ч жирийн иргэдийн амьдрал ирэх жил урьд өмнөхөөсөө  суга дээшилнэ гэвэл юу л бол. Олон улсын банк, санхүүгийн байгууллагууд ирэх жил Монголд инфляцийн хувь 20-д хүрнэ шүү гэж сануулаад байгаа. Харин УИХ-аас Монголбанкинд инфляцийг нэг оронтой тоонд барь гэсэн үүрэг буулгасан.

Өнөөдрийн байдлаар Төсвийн төслийн үзүүлэлтүүдийг 2011 онтой харьцуулахад хамгийн их нэмэгдсэн нь төсвийн алдагдал, төсвийн хөрөнгө оруулалт, мөнгөн дүнгээр тооцвол  өр, дараа нь урсгал зардал  багтаж байна. Гишүүдийн хэлж буйгаар сонгуулийн жилд хөрөнгө оруулалтын зардал эрс нэмэгддэг. Энд тэнд баахан барилга байгууламжийн шав тавьдаг. Тэгсэн хэрнээ дуусгаж баралгүй УИХ-ын бүрэн эрх өндөрлөдөг. Тэр олон дутуу барилга ашиглалтад оролгүй хоцорч, барилгын материал, бараа, бүтээгдэхүүний үнэд идэгдэн үнэ ханш нь дийлдэшгүй болдог гэдгийг сануулсаар буй. Тиймдээ ч үүнийг УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Д.Хаянхярваа “Өнөөдөр төсөвт эдийн засгийн бус улс төрийн халалт давамгайлчихаад байна” гэж дүгнэсэн биз.

Ирэх жилээс ашигт малтмалын, тэр дундаа зэс, нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр огцом унаж магадгүйг ОУВС, бусад байгууллага анхааруулаад эхэллээ. Байдал ингэж иргэвэл 1990-ээд оны эхний ХХ тогтоол давтагдаж магадгүй гэсэн яриа Монголбанкны хүний амнаас гарсан байна. Иргэдийн гар дээрх бэлэн мөнгөний ханшийг нэг дахин унагаж, бараа бүтээгдэхүүний үнэ нэг өглөө сэрэхэд бүтэн нугараад өсчихсөн ХХ тогтоол давтагдвал жирийн сонгогчид л ланчигийг нь үүрнэ гэдэг тодорхой. Эхнээсээ хэрэглээний нүүрсний үнэ дээр хүссэн хүсээгүй ийм үнэ тогтчихсон. Өнгөрсөн жил таван тонн нүүрс 350 мянган төгрөг байсан бол өнөө жил хагас сая төгрөг давчихаад байна. Ирэх жил хэцүү байдалд орохгүйн тулд эрхэм гишүүд төсвөө танах ажилд оржээ. Албан контор, албаны унааны зардал, төсвийн байгууллагын ажилтнуудын орон тоог нэмэх зэрэг зардлыг эхний ээлжинд хасахаар ажлын хэсэг, намын бүлгүүд ярьж байгаа юм байна.

Хэтэрхий данхайлгасан төсвөө хэвийн болгохоор ажлын хэсэг ажиллаж, Төсвийн хуулийн хэлэлцүүлэг гацаанд орлоо. Долоо хоногийн дараа эрүүл төсөв батлагдаж чадах эсэх нь дураараа нэмсэн зардлаа танах гишүүдийн эр зоригоос хамаарсан хэрэг болоод байна.

Д.ОЮУНЦЭЦЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж