Ерөнхий сайд бөглөрөлтэй тэмцэж эхлэв үү

Хуучирсан мэдээ: 2011.11.23-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд бөглөрөлтэй тэмцэж эхлэв үү

Монгол хэлний үгсийн санд хадгалагдсан бөглөрөх, түгжрэх гэдэг үг төдийлөн  аман ярианд их хэрэглэгдэж байсангүй. Харин сүүлийн үед  амны уншлага бүүр ядаргаа болтлоо хэрэглэгддэг үг болж уур уцаар дагуулна. Сүүлдээ байгаад энэ үгнээсээ салах гэж иргэдээс эхлээд Ерөнхий сайдаа хүртэл яриа болж байна. Сүүлдээ байгаад оройтсон, хоцорсны шалтаг, хурал тасалсны, авгай хүүхдээ араар нь тавьсаны аятайхан шалтаг  болж хувирлаа. Энэ үгийг арилгахын тулд урд хойноо хамгаалалттай “бөглөрөө арилгагчтай” явдаг Монгол Улсын Ерөнхий сайд хамаг анхаарлаа хандуулав. Ерөнхий сайд бөглөрнө. Ирсэн зочин бөглөрнө. Явсан гийчин бөглөрнө. Олон улсын харилцаа бөглөрнө. Нийслэлийнхэн  энэ үгнээсээ салах гэж хичнээн ч жил болов доо.

Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд С.Батболд УИХ-ын чуулганы танхимд Улаанбаатарын авто замын сүлжээнд цаашид авах арга хэмжээний талаар  мэдээлэл хийсэн юм. Цаг үеэ олсон  гэж чухам үүнийг л хэлдэг байх даа. Миний бодоход бөглөрлийг шат шатны дарга нар нь дийлэхээ болиод засгийн тэргүүнд хүргэсэн бололтой. Нийслэлийн замын цагдаагийн газрын дарга Б.Энхжаргал, Авто замын газрын дарга Д.Од нар  хотын захирагч Г.Мөнхбаяр нар л шийдэх асуудал шүү дээ. Алхам тутамдаа хамгаалалттай явдаг авто замын түгжрэлийн зовлонг төдийлөн мэдэхгүй байж болох  Ерөнхий сайд маань  харин асуудлыг хөндсөн шиг хөндлөө.   Замын цагдаагийн газар,  Хөрөнгө хүч мэддэг Ерөнхий сайд хотын авто замын хөдөлгөөний түгжирлийг арилгах цогц төлөвлөлтийг танилцуулчихлаа. УИХ-ын эрхэм гишүүд ч, иргэд ч, энэ түгжрэлийг арилгах ёстой. Бүх шатны дарга нар ч бас анзаарч өгөхгүй. Сонинууд шуугихгүй, телевизүүд цагаан мэдээ нисгэж байна.

Манайхан том юм ярих дуртай. Түүнийгээ гүйцэлдүүлэх нь даан ч удаан. Хөшгийн хөндийд олон улсын нисэх онгоцны буудал барина гэж арав гаруй жил яригдлаа. Саяханаас нийслэлд метро барих тухай яригдаж эхлэв. Энэ нь хотын авто замын түгжрэлийг сааруулах гэсэн хэрэг. Уг  ажлыг 2016 оноос эхэлнэ гэж хотын ерөнхий архитектор мэдэгдэж байна. Нэг хэсэг нь нийслэлийн авто замын түгжрэл мөддөө арилахгүй, хоёр дахь нь  Улаанбаатарыг байгуулж байж арилна гэж мэдэмхийрдэг боллоо. Зарим сэтгүүлчид  2030 оноос нааш замын бөглөрөл саарахгүй гэж бичиж байх жишээтэй. Ерөнхий сайд  иргэдийн уур уцаар, цаг хугацааг барах болсон замын түгжрэлийг хэрхэн арилгах талаар тодорхой ажил төлөвлөж эхлүүлээд байгаагаа ийн хэллээ. Тээврийн хэрэгслийн ил, далд зогсоолийг олноор байгуул гэв.  Мөн хотын гол болон туслах гудамж замуудын уулзварын нэвтрүүлэх чадварыг сайжруулахын тулд олон түвшний огтлолцол барих , явган хүнд зориулсан гүүрэн болон нүхэн гарц барих, их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгслийг чөлөөтэй явуул гэв. Дээр нь дарга нар та нар явган яв эрүүл мэндэд сайн гээд тавьчихсан бол ганц болох байсан юм. Хотод чанартай хурдны зам барих, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал хүртэлх замыг шинээр барьж байгуулах, нэг төвтөй одоогийн Улаанбаатар хотыг олон төвтөй болгон дагавар хот, тосгон бүхий жигд тархсан суурьшилтай болгон өөрчлөх, нийслэлийн Авто замын сангийн  эх үүсвэрийг нэмэгдүүлэх бодлогыг барьж байгаагаа мэдэгдсэн. Мөн нийслэлийн авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын тогтолцоог боловсронгуй болгож, бүх замыг төрийн болон хувийн хэвшлийн мэргэжлийн аж ахуйн нэгжүүдэд хариуцуулан өг гэв.  Газрын албаны дарга, агентлагийн орлогч хүртэл “Ланд” унаж данхалзуулдагийг нь хураана гэх байсан юм. Ерөнхий сайдын хэлснээр ашиглагдаж байгаа гүүр, замын байгууламжуудад газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөгөөтэй авч хэрэгжүүлэх, зам барилга, засварын шинэ техник технологийг өргөнөөр нэвтрүүлэхээр болж байна. Хэдэн жилийн өмнө хэвтээ босоо тэнхлэгийн мянганы замыг аж ахуй нэгж, хувь хүмүүст эзэмшүүлж түүний арьчлалт хамгаалалтыг хийлгэж байх тухай яригдсан. Тэр л одоо хэрэгжих төлөвтэй байна.  Энэ жил зам тавиад хойтон жил нурааж засаад байвал төсвийн мөнгийг төлүүлнэ шүү гэсэн санааг ч хэлээд авлаа.

Улаанбаатар хотын хатуу хучилттай авто замын урт нь 650.4 км болоод байгаа аж. Үүний 70 орчим хувийг ашиглалтад ороод 20-иос дээш жилийн насжилттай болсон их засвар, шинэчлэлт хийгдээгүй авто зам эзэлж байгаа гэнэ. Мөн том жижиг нийлсэн 64 гүүр байдаг аж. Энэ гүүрнүүдийн дийлэнх нь 1947-1960 оны хооронд баригджээ.

Нийслэл хотын барилгажилтын хэмжээ 1980 оныхоос 3.5 дахин нэмэгдсэн байдаг ч авто  замын сүлжээ бараг хэвээрээ байгаа нь гарцаа байхгүй бидний анхаарлаа хандуулах асуудал болж байна гэдгийг Ерөнхий сайд онцоллоо. Хамтарсан Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаанд улс, нийслэлийн төсвөөс нийслэлийн авто замын салбарт хийгдэх хөрөнгө оруулалтын хэмжээг жил бүр нэмэгдүүлж ирсэн гэнэ. Гэтэл бөглөрөл нэмэгдээд л…

2010 онд хөрөнгө оруулалтын шинэ хэлбэр болох өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцлөөр анх удаа 50 км авто зам барих ажлыг эхлүүлсэн нь одоо дуусаж байна. Бас шинэ арга мөн.  Азийн хөгжлийн банкны хөнгөлттэй зээл, Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламж, Мянганы сорилтын сангийн хөрөнгө оруулалт, БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар тодорхой төслүүдийг хийж гүйцэтгэж байгаа бөгөөд дээрх төслүүдийн хүрээнд 2012-2013 онд 18.7 км авто зам, 386 урт метр гүүрийг шинээр, 19.3 авто зам, 75 урт метр гүүрийг өргөтгөн шинэчилж төмөр зам дээгүүр шинээр нэг гүүрэн, нэг нүхэн гарцыг барьж ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Биелэх болтугай.

                   Г.Мөнхбаяр дарга аа, сонсож  байна уу?

Нийслэл хотын засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид

  • Баруун 4 замын уулзвар дээрх олон түвшний огтлолцол барь
  • Яармагийн гүүрийг хос болгон өргөтгөж шинэчил
  • Толгойт Сонсголонгийн замын уулзварт гүүрэн гарц хий.
  • Олимпийн гудамжнаас Нарны зам ба төмөр зам дээгүүр Их Монгол Улсын гудамж руу буух гүүрэн гарц барь
  • Саппорогийн аюулгүйн тойрог дээрх олон түвшний огтлолцолтой болго.
  • Баянбүрдийн аюулгүйн тойрог дээрх олон түвшний огтлолцолийг барь зэрэг томоохон зургаан  төслийг гүйцээ хөрөнгийг нь шийдсэн гэжээ.

Уг хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотод нийт 350 км авто замыг өргөтгөж шинэчлэхээр, 212 км авто зам, 7 гүүрэн гарц, огтлолцлыг шинээр барихаар болжээ. Зөв  байна, зөв байна. Ерөнхий сайд үгийнхээ төгсгөлд “Хэрэв үүнийг хийж чадахгүй бол чи УИХ-д дэвшинэ гэж горьдсоны гарз, ажилтай чинь ярина шүү” гэж айлгах байсан юм. Тус хөтөлбөрийн хүрээнд 2012-2013 онд хэрэгжүүлэх 120.4 км авто зам, замын байгууламжуудын зураг төслийг боловсруулах ажлыг эхлүүлсэн гэнэдээ. Үнэн л байгаа даа. Хөтөлбөрт тусгагдсан “100 мянган айлын орон сууц хөтөлбөр”-ийн хүрээнд нийслэлд Буянт Ухаа, Шинэ Яармаг, 7, 14, Радио Телевиз, Баянголын ам зэрэг зургаан  шинэ хорооллыг барих нь ээ.  Эдгээр хорооллын доторх гол болон туслах нийт 83 км авто замыг цогцоор нь барих юм байна. Хөтөлбөр хэрэгжсэнээр 2017 он гэхэд нийслэлд хатуу хучилттай авто замын сүлжээний нийт урт 925 км болж, хотын хөдөлгөөний бөглөрөл ихтэй гол гудамж замуудын уулзварт олон түвшний огтлолцол, гүүрэн гарцууд баригдсан байх болно гэж Ерөнхий сайд амаллаа. Ийнхүү хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, иргэдийн амьдрах ая тухтай нөхцлийг бүрдүүлэхийг Засгийн тэргүүн мартаагүй байна. Нийслэлд Монгол Улсын хүн амын талаас илүү хувь нь оршин сууж, улсад бүртгэлтэй авто тээврийн нийт хэрэгслийн 70 гаруй хувь нь хотын замаар зорчдог гэх. Тэгээд л таг бөглөрдөг дөө. Урдаа хойноо хамгаалалттай явдаг. Бөглөрөхийн зовлон мэддэггүй Ерөнхий сайд нь хүртэл бөглөрлийн тухай түгжрэлийн тухай иж бүрнээр нь ярилаа. Өөр юу хэрэгтэй юм бэ.  Би ч гэсэн уншигч та ч гэсэн бөглөрөл түгжрэлд үнэт хувь нэмрээ оруулдаг. Ерөнхий сайдтайгаа хамт бөглөрөөд зогсож байх уу. Эсвэл бөглөрөлгүй хот болох боломж байна уу. Олуулаа яриад нэг үзье.

Н.Лхагвасүрэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж