Федерер гол өрсөлдөгчөө ялав

Хуучирсан мэдээ: 2011.11.23-нд нийтлэгдсэн

Федерер гол өрсөлдөгчөө ялав

Английн нийслэл Лондон хотноо шилдэг найман эрэгтэй теннисчний тулаан дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. ATP World Tour Finals тэмцээний гурав дахь өдөр В хэсгийн хоёр тоглолт болж, Рафаэль Надаль–Рожер Федерер, Жо Уилфред Цонга–Марди Фиш гэсэн сонирхолтой тоглолтууд болов.

Дэлхийн чансааны хоёрдугаарт эрэмбэлэгдээд буй Испанийн теннисчин Рафаэль Надаль аваргаа цомоо хамгаалахаар тоглож буй Швейцарийн тамирчин Рожер Федерер нар хэсгийн хоёр дахь тоглолтод хоорондоо таарч тоглосон юм. Хоёр теннисчин өмнө нь 25 удаа таарч тоглоход Надаль 17 удаад нь илүүрхэж байсан амжилттай. Мөн сүүлийн 10 тоглолтын есөд нь испани залуу хожсоноос гадна 2011 оны гарсаар гурван удаа таарч тоглоход бүгдэд нь Надаль ялалт байгуулжээ. Харин энэ удаад тоглолт Федерерийн талд шийдэгдэв. Тэрбээр 6-3; 6-0 харьцаатай хожсоноор хэсгийн хоёр дахь ялалтаа авсан юм. Харин Надаль нэг хожил, нэг хожигдолтой болж байна. Тэрбээр одоо Цонгаг хожиж байж хагас шигшээд өрсөлдөх эрхтэй болно.

Хэсгийн эхний тоглолтдоо Федерерт ялагдсан Жо Уилфред Цонга АНУ-ын теннисчин Марди Фиштэй хоёр дахь тоглолтоо хийсэн байгаа. Хожсон нь дараагийн шатанд шалгарах боломжоо хадгалж үлдэх байсан учир хэн хэнийх нь хувьд чухал тоглолт байсан юм. Улмаар тоглолт 7-6; 6-1 харьцаатай Цонгагийн ялалтаар өндөрлөж, тэрбээр хэсгийн эхний хожлоо авсан байна.

ATP World Tour Finals тэмцээний В хэсгийн дараагийн тоглолт Надаль-Цонга, Федерер-Фиш нарын хооронд болно. Харин өнөөдөр А хэсэгт дэлхийн номер нэг теннисчин Новак Жокович Испанийн Давид Феррертэй, Чехийн Томаш Бердых Британийн тамирчин Энди Муррейтэй тоглох юм. Гэхдээ Муррей гэмтлийн улмаас тэмцээнийг орхиход хүрсэн тул түүнийг орлож Янко Типсаревич Лондонд хүрэлцэн иржээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж