Засгийн газрын хуралдаан дууслаа

Хуучирсан мэдээ: 2011.11.23-нд нийтлэгдсэн

Засгийн газрын хуралдаан дууслаа

Засгийн газрын ээлжит хуралдаан дууслаа. Тус хуралдаанд Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамныхан мал өвөлжилтийн талаар мэдээлэл хийсэн байна. Энэ өвөл улсын хэмжээнд 40 гаруй сая толгой мал өвөлжинө, малчдын хувьд өвс тэжээлээ 103.5 хувиар бэлтгэсэн гэсэн мэдээллийг аймгуудаас яаманд ирүүлжээ. Мөн энэ удаагийн хуралдаанаар “Таван эрдэнэ” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбоотойгоор энэ оны есөөс аравдугаар сард хийгдэх байсан малыг ивомек тариагаар тарих ажил юунаас болж саатсан талаар мэдээлэл хийсэн юм байна. Энэ талаар Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга П.Ганхуяг сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр “Мал паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор өнгөрсөн ес, аравдугаар сард ивомек тариаг хийхээр төлөвлөөд байсан ч, малд хортой нөлөө үзүүлнэ гэсэн хүмүүсийн ярианаас болж энэ ажил маань хойшилсон. Мал эмнэлгийн хүрээлэн болон холбогдох газрын эрдэмтэн судлаачид бол дээрх яриаг үгүйсгэж байгаа. Ер нь ивомек тариаг малчид олон жилийн туршид малаа паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хийлгэдэг байсан. Гэвч мал эмнэлэг хувьчлагдаж, мал хувийн өмч болсон үеэс энэ тариаг нэгдсэн журмаар хийлгэх боломжгүй болсон. Харин Засгийн газраас өнгөрсөн хавар “Таван эрдэнэ” хөтөлбөр хэрэгжүүлэхээ зарласнаар энэ ажлыг нэг далайлт дор далайцтайгаар хийхээр төлөвлөсөн. Цаг хугацаа оройтсон ч, ирэх хавар гурваас тавдугаар сард энэ ажлыг гүйцэтгэнэ. Нийтдээ 40 сая толгой малыг хамруулна. Үүнд улсын төсвөөс 2.4 тэрбум төгрөг зарцуулна” гэлээ.  Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийн хөгжлийг хангахын тулд дан ганц уул уурхайг шүтэх бус мал аж ахуйг хөгжүүлж байж, үр дүнд хүрнэ гэж үзэж буй. Энэ ч үүднээс тодорхой бодлого боловсруулан, УИХ-аар батлуулсны дотор малыг эрүүлжүүлэхтэй холбоотой хөтөлбөрүүд юм. Түүнд заасны дагуу хойд хөршөөс буцалтгүй тусламжийн хүрээнд 10.1 сая тун вакцин авсан, түүнийгээ өнгөрсөн намар 47 сая толгой малд хийжээ. Мал эрүүл болсноор түүнээс гаралтай бүтээгдэхүүнийг гадаадад экспортлох боломж бүрдэх учраас энэ талын ажилд төр ихээхэн чармайлт тавьж байна.  

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж