Вьетнам цөмийн салбарт Оростой хамтарна

Хуучирсан мэдээ: 2011.11.23-нд нийтлэгдсэн

Вьетнам цөмийн салбарт Оростой хамтарна

Оросын холбооны улс Вьетнам улсад цөмийн реактор барихад нь зориулж, 28 жилийн хугацаатай 9 тэрбум ам.долларын зээл олгох тухай Вьетнамын Цөмийн эрчим хүчний газрын дарга Пхан Минх Туан өчигдөр мэдэгджээ. Вьетнам улсын хувьд ирэх 20 жилийн хугацаанд нийтдээ 16 мянган МВт-ын хүчин чадал бүхий 13 реактор барьж байгуулахаар төлөвлөж байна. Уг төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах сонирхлоо Оросын Росатом болон Хятадын Гуандонг цөмийн эрчим хүчний групп илэрхийлээд байгаа юм.

Вьетнамын Цөмийн эрчим хүчний газрын дарга Туаны мэдэгдэж буйгаар, тус улс эх орондоо төдийгүй Зүүн Өмнөд Азидаа анхны гэж хэлж болохуйц цөмийн реакторыг 2014 онд ашиглалтад оруулах гэж байна. Энэхүү “Нинх Тхуан 1” цөмийн станц нь нь 2000 МВт-ын хүчин чадалтай байх ажээ. Уг реакторын техник, эдийн засгийн үндэслэлийг Оросын тал санхүүжүүлэхийн зэрэгцээ, уг ажлыг мөн тус улсын “E4 групп”, “Энергопрожект Киев”, “Энерготехнологи”, “ЭВН” зэрэг байгууллагуудын нэгдэл хоёр жилийн хугацаанд гүйцэтгэх юм байна.

Гэхдээ уг станцын техникийн судалгаанд Японы туслалцааг авахын зэрэгцээ дараагийн үргэлжлэл хэсэг “Нинх Тхуан 2” станцын техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлыг “Японы цөмийн эрчим хүчний компани” 26 сая ам.доллараар хийж гүйцэтгүүлэх тухай “ЭВН” компани мэдэгджээ.

Вьетнамын Засгийн газрын тооцоолж байгаагаар, уг хоёр станц тус улсын цахилгааны хэрэглээний 4.5 хувийг хангах төлөвтэй байна. Вьетнамын эдийн засгийн өсөлт дэлхийд хамгийн хурдацтайд тооцогдож байгаа бөгөөд ирэх таван жилийн хугацаанд уг үзүүлэлт жилд дунджаар 7 хувиар өсөхөөр байгаа юм. Энэ хэрээр эрчим хүчний хэрэглээ нь ч огцом өсөх төлөв нь энэ жил цахилгааны хэрэглээ нь 15 хувиар нэмэгдсэн байгаагаас тодорхой харагдаж байгаа юм.

Вьетнам улс нь цөмийн технологийн хувьд АНУ-ын “Женерал Электрик” эсвэл Өмнөд Солонгосын технологийг сонгох төлөвтэй байна.

Б.Төгс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж