Газрын тосны талаар баримтлах бодлогыг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2011.11.23-нд нийтлэгдсэн

Газрын тосны талаар баримтлах бодлогыг дэмжлээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Газрын тосны талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.  Засгийн газраас өргөн мэдүүлсэн тус бодлого нь 2015 он хүртэл хэрэгжихээр хугацааг зааж өгчээ. Мөн газрын тосны үйлдвэр байгуулах бол төрийн өмчийн оролцоо заавал байхаар тусгаад буй юм. Гэхдээ яг хэдэн хувийн оролцоо байх талаар нарийн заагаагүй. Ямар ч байсан таваас доошгүй хувийн төрийн оролцоо байж гэмээнэ стратегийн чухал бүтээгдэхүүнийг эзэмших, боловсруулах ажил явна гэж үзжээ. Түүнчлэн газрын тосны боловсруулах үйлдвэрийг бүсчилсэн хэлбэрээр байгуулна. Ингэхдээ төв, зүүн, баруун бүсэд байгуулна гэж тусгажээ. Одоогоор төв болоод зүүн бүсэд газрын тосны үйлдвэр байгуулах бололцоо бий. Харин баруун бүсэд газрын тосны үйлдвэр байгуулах асуудал бүрхэг аж. Энэ нь тухайн бүс нутагт газрын тосны хайгуул хийгдээгүйтэй холбоотой. Төрөөс барьж буй бодлогоор ордоо түшиглэн газрын тосны үйлдвэр байгуулах нь зардал хэмнэж тэр хэрээр хэрэглэгчдэд очих нефтийн бүтээгдэхүүний үнэ хямд тусна гэж үзжээ.

Байнгын хорооны төвшинд эл асуудлыг хэлэлцэх явцад гишүүдийн хувьд яагаад газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах нөхцөлд заавал төр оролцох болсонд хариулт шаардлаа. Уг хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүдийн тайлбараар бол “Засгийн газарт анх төсөлтэй холбогдуулан санал авах шатанд төрийн тодорхой оролцоо байх ёстой” гэж үзэж, энэхүү заалт тусгасан тухай онцоллоо. Хэрвээ гишүүд үүнийг эсэргүүцэж байгаа бол “Унагах” бүрэн боломжтой. Гол нь өнөөдрийн нөхцөл байдлыг авч үзвэл нефть имортлогчид ганцхан “Роснефть” компанис бүтээгдэхүүн авдаг. Маш олон имортлогчид “Роснефть” компанид хандаж өрсөлдөөн бий болгож байгаа. Эцсийн дүндээ олон компани тус газарт хандахаар бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөх нэг шалтгаан үүсгэдэг. Нефтийн бүтээгдэхүүний үнэ өсөх бүрийд Засгийн газар Онцгой албан татвартаа өөрчлөлт оруулж буулгадаг. Одоо бол энэ төрлийн татвар 0 заачихаад байгаа. Хэрвээ ОХУ дахиад нефтийн бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөвөл Засгийн газрын хувьд хэрэглэгчдээ аврах бололцоогүй. Учир нь ганц авдаг арга хэмжээ болох татвар нь 0 заачихаад байгаа учраас дахин доошлуулж нефть импортлогч нарт үнийн хөнгөлөлт үзүүлэх замаар хэрэглэгчидээ хамгаалах зохицуулалтгүй болгосон. Тиймээс газрын тос боловсруулах үйлдвэр байгууллаа ч, зарим үйлдвэрүүд гадаадаас түүхий нефтээ зөөвөрлөн авчирч боловсруулах учраас ямар нэг байдлаар төрийн оролцоо дотор нь явж байж, үнэд нөлөөлнө гэж үзжээ. Одоогоор Монгол Улсын хэмжээнд газрын тосны хайгуулын чиглэлээр 14 компани үйл ажиллагаа явуулдаг. Тэдгээрээс зургаа нь үндэснийх, үлдсэн нь гадаадын хөрөнгө оруулалттай компани аж. УИХ-ын гишүүдийн хувьд үндэсний аж ахуйн нэгждээ арай давуу эрх олгох ёстой гэсэн саналыг хэлж байна. Ер нь төр сүүлийн жилүүдэд бүх юмаа гадаадынханд тавьж тууж байгаа, үйлдвэр байгуулах эрх авъя гэхэд дотоодын команиуд хөөцөлдөөд гүйгээд байдаг бүтдэггүй. Гэтэл гадаадын хөрөнгө оруулагчид шууд хошуу дэвсээд боломж олгочихдог. Энэ байдлаа төр засахгүй бол төрийн өмчит оролцоотой компаниудад ч гадны нөлөөлөл их болж ирж буйг хатуухан хэлээд авлаа. Ингээд зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгасан юм. Тухайлбал, газрын тосны талаар төрөөс баримтлах бодлого 2015 он хүртэл хэрэгжинэ гэснийг гишүүдийн олонх дэмжлээ. Харин УИХ-ын гишүүн Д.Одүү 2017 он хүртэл ядаж таван жил хэрэгжих хөтөлбөр байх ёстой хэмээн үзэж, цөөнх болов. Хэрэв энэ санал чуулганы нэгдсэн хуралдаанаас дэмжлэг хүлээвэл дээрх бодлого гурав биш таван жил хэрэгжих хөтөлбөр болж үлдэнэ.

Хоёр дахь санал нь газрын тосны үйлдвэр байгуулахад шаардагдах хөрөнгийг жил бүрийн нэгдсэн төсөвт оруулж УИХ-аар батлуулна гэсэн санал мөн дэмжлэг хүлээсэн юм. Нийт 16 саналын томъёоллоор санал хураалгаж дууссанаар Газрын тосны талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг хэлэлцэж дуусан чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж тогтлоо.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж