Эрвээхэйн хүлэмж байгуулна

Хуучирсан мэдээ: 2010.04.28-нд нийтлэгдсэн

Эрвээхэйн хүлэмж байгуулна

Говь гэхээр зах хязгааргүй элс, элсэн цөл мэт бид ойлгодог. Гэтэл говийн нөхцөлд тохирсон олон ургамал байдаг ажээ. Монгол сакура хэмээн нэрлэгддэг сухайнаас хаврын улиралд ягаан өнгийн цэцэг дэлгэрдэг бол заг, хармаг, багалуур гэхчилэн олон мод ургадаг. Эдгээрийг үрээр тарьж ургуулах ажлыг Өмнөговь аймгийн Гурвантэс суманд хийж эхэлжээ. Үрийг нь хэрхэн таних, яаж түүх талаарх сургалтыг Улаанбаатараас ургамал судлаач урьж заалгасан бөгөөд энэ ажилд сургуулийн хүүхдүүд илүү идэвхтэй оролцжээ. Түүсэн үрийг нь тус сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Канадын хөрөнгө оруулалттай Өмнийн говийн элс компани худалдан авч, зориулалтын дагуу хадгалж байгаад хаврын саруудад тарьж эхэлжээ. Тус сумтай хил залгаа орших ӨМӨЗО-ны Эзний хошуу нутгийнхан говийн ургамлыг үрээр болон үрсэлгээгээр тарьдаг туршлагаасаа хуваалцан 200 ширхэг заг модны суулгац бэлэглэсэн байлаа. Уг суулгацыг уурхайн ойролцоо тариалсан бөгөөд энэ жилээс уурхайн анги орчмоо цэцэрлэгжүүлэн мод цэцэг тарих гэж байгаа талаар Өмнийн говийн элс компанийн байгаль орчны менежер Д.Оюунцэцэг хэлж байсан. Түүнчлэн тус компанийнхан гадаадын улс орнуудад хотын чимэг, зочдын үзэх дуртай газрын нэг болдог эрвээхэйн хүлэмж байгуулах зорилготой байгаа аж. Сүүлийн жилүүдэд говь нутагт эрвээхэй ховорджээ. Үүнээс үүдэн  цэцэгсийн  тоос хүртэх нөхцөл бүрдэхгүй байгаа зэргээс санаа авч энэхүү хүлэмжийг байгуулах юм байна.

Д.Сура

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж