“Феррари”-гийн төмөр хөлгийг жолоодож, 100 дахь уралдаандаа оролцох гэж буй Массагийн энэ гайхам амжилтыг өмнө нь ердөө хоёр тамирчин л гаргаж байжээ. Тодруулбал, Михаэль Шумахер 179, Рубенс Баррикелло 102 гран-прид “Феррари”-г төлөөлөн уралдааны талбарт гарч байсан аж.
Массагийн хувьд төрөлх нутгийнхаа гран-прид 2006, 2008 онд түрүүлж байсан. Тиймдээ чухал үйл явдал тохиож буй учир энэ жил тэргүүн байрын төлөө өрсөлдөхөд бэлэн гэдгээ илэрхийлжээ. Гэхдээ мэдээж “Рэд Булл”, “МакЛарен” гээд хатуу самрууд байгааг ч тэр онцолсон байна. Энэ улиралд ганц ч түрүү авч чадаагүй Масса зургадугаар байрт шалгарсан амжилттайгаар энэ улирлыг үдэх нь тодорхой болоод байгаа юм.