Хүний нөөцийн шилдэг менежер шалгаруулна

Хуучирсан мэдээ: 2011.11.23-нд нийтлэгдсэн

Хүний нөөцийн шилдэг менежер шалгаруулна

“Оны шилдэг хүний нөөцийн менежер” шалгаруулах хоёрдугаар уралдаан маргааш эхлэх гэж байна. Уралдааныг Монголын мэргэшсэн хүний нөөцийн менежерүүдийн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо хамтран зохион байгуулж байгаа юм.

Орчин үед байгууллагын өрсөлдөх чадвар тэнд ажиллаж байгаа хүмүүсийн мэдлэг, ур чадвар, нэр хүндээр тодорхойлогдох болжээ. Хариуцлагатай, өндөр ур чадвартай, уян хатан хүний нөөц бол тогтвортой өрсөлдөх давуу талын гол үндэс юм. Иймээс   байгууллагын удирдлагын системийн цөм нь хүний нөөцийн асуудал болж байна.  Эндээс улбаалан  байгууллагад чадварлаг, мэргэшсэн хүний нөөцийн салбарын удирдах ажилтан, мэргэжилтнүүд эрэлттэй болж, улмаар цаашид ч энэ эрэлт нэмэгдэх төлөвтэй байна. 

Гэтэл манай орны нөхцөлд байгууллагын хүний нөөцийн салбарт ажиллаж буй ажилтнуудын дийлэнх нь мэргэжлийн бус, мэргэшсэн хүний нөөцийн менежерийн нийлүүлэлт хангалтгүй,  энэ салбар нэгжийн гүйцэтгэх үүрэг тэргүүлэх байр сууринд гарч чадахгүй байгаа юм. Түүнчлэн үйлдвэрийн мастер, ээлжийн ахлагчаас эхлээд байгууллагын дарга, захирал эсвэл ерөнхийлөгч хүртэл шат шатандаа хүний нөөцийн удирдлагад тодорхой үүрэг гүйцэтгэдэг боловч тэдэнд энэ талын мэдлэг, ур чадвар хангалтгүй, олон нийтийн дунд  ямар ч мэргэжлийн хүн “боловсон хүчин”-ий ажлыг хийж болдог гэсэн төөрөгдөл өнөөг хүртэл амь бөхтэй байсаар байна.

Энэ салбарт тулгамдаад байгаа дээрх асуудлуудыг алхам алхмаар сайжруулахад хүний нөөцийн менежерүүдийн дунд зохион байгуулж буй мэргэжлийн уралдаан чухал үүрэгтэй гэж зохион байгуулагчид үзэж байна.

Өнгөрсөн жил зохион байгуулсан анхдугаар уралдаан гол төлөв хүний нөөцийн менежерийн суурь ур чадвар, чиг үүрэг,  үйл ажиллагааг олон нийтэд таниулахад чиглэж байсан бол энэ жилийн уралдаан байгууллагад хүний нөөцийн менежерийн гүйцэтгэх үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, ажилтны сургалт ба хөгжлийн талаар мэргэжлийн үйлчилгээг хэрхэн үзүүлэх, хууль эрх зүйн мэдлэг, ур чадварыг сайжруулахад голлон төвлөрөх юм.

Уралдаан хоёр үе шаттай явагдана. Эхний шатанд оролцогчдын өөрсдийн байгууллага дээр хүний нөөцийн чиглэлээр амжилттай хийж хэрэгжүүлсэн ажлууд болон тэдний мэргэжлийн мэдлэг, асуудал шийдвэрлэх чадвар, сэтгэлгээний цар хүрээ, дүгнэлт хийх чадвар, илтгэх ур чадваруудыг шалгах бол хоёрдугаар шатанд оролцогчдын асуудлыг шийдвэрлэх, дүгнэлт хийх, манлайлах, харилцаа, оновчтой шийдвэр гаргах болон мэргэжлийн ур чадваруудыг шалгах, хувь хүний хандлагыг үнэлэхэд чиглэгдэх бөгөөд багийн зохион байгуулалттай байх ажээ.

Эхний шатны шалгаруулалтад тэнцсэн есөн менежер дараагийн үе шатанд оролцох эрх авна.

Уралдааны эхний шат маргааш, нөгөөдөр “Чингис хаан” зочид буудлын хурлын “Тэмүүжин” зааланд болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж