Гэхдээ аав, ээжээсээ “сайн” үнэлгээ авахын тулд хийж буй ажил нь хүүхдийн сурч боловсрох боломжийг хааж, эрүүл мэнд, хүмүүжилд нь муугаар нөлөөлж байвал энэ зүгээр ч нэг хүүхдийн ажил биш гэсэн үг. Хүүхдэд тоглох эрх бий. Найз нөхөдтэй болж, нийгэмшиж, хөгжих эрхээ ч бас эдлэх ёстой. Харин энэ бүгдийг зөрчиж, өөрийн болон өрөөл бусдын аж амьдралыг авч явахаар хөдөлмөрлөхийг хуулиар хориглосон байдаг. Тэр тусмаа хортой, аюултай нөхцөлд, мөлжлөгийн шинж чанартай ажил хийж байгаа бол түүнийг хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэр хэмээн авч үздэг билээ.
Манай улсад хүүхдийн хөдөлмөр эрхлэлттэй холбоотой олон асуудал бий. Судалгаануудаас харахад хөдөлмөр эрхэлж буй хүүхдүүдийн дийлэнх нь хөдөө аж ахуйн салбартай холбогддог. Тэд бол малчдын хүүхэд гэсэн үг. Гэвч хуулинд “Насанд хүрээгүй хүүхдийг ажиллуулахыг хориглосон ажлын байр”-ны жагсаалтад цаг агаар муудсан үед мал хариулахаас эхлээд гуйлга гуйх хүртэл багтсан байдаг юм. Түүнээс гадна хүүхдүүд гэрийнхээ бизнест цалин хөлсгүй оролцох нь ч бий. Гэхдээ ар гэрийнх нь амьдралын боломж тааруу хүүхдүүд ихэвчлэн хүнд нөхцөлд ажилладаг нь нэгэнтээ нотлогдсон зүйл. Тэдний дунд аав, ээждээ тусалж, амьдралдаа жаахан ч гэсэн нэмэр болохыг хичээж буй нэгэн байхад эцэг, эхийнхээ архины мөнгийг олохын тулд зах дээр зогсож байгаа хүүхэд ч цөөнгүй. Тэр ч байтугай өвлийн хүйтэнд ээждээ тэврүүлээд гудамжинд гуйлга гуйгаад сууж байгаа хүүхэд ч хүнд нөхцөлд хөдөлмөр эрхэлсээр байгаа юм. Гэхдээ энэ бол буруу зүйл гэдгийг тэдний хажуугаар зөрөн өнгөрч байгаа хүн бүр мэддэг ч яаж үүнийг өөрчлөх вэ гэх асуултын хариултыг олдоггүй. Хүүхэд хөдөлмөр эрхлэхэд хүргэж буй гол шалтгаанд ядуурал, эцэг, эхийн боловсрол дорой байдал, гэр бүлийн таагүй орчин, өөрийн гэсэн мөнгөтэй байх гэсэн хүүхдийн хүсэл шалтгааныг дурьдаж болно.
“Монгол дахь хүүхдийн хөдөлмөрийн төлөв байдал” сэдэвт 2003 оны үндэсний судалгаагаар 5-14 насны 68.6 мянган хүүхэд идэвхтэй хөдөлмөр эрхэлж байгааг харуулсан юм. Харин түүнээс хойш дөрвөн жилийн дараа буюу 2007 онд явуулсан судалгаагаар 5-17 насны 71 мянган хүүхэд ажил хийж байгаа үзүүлэлт гарчээ. Насны хувьд өмнөх судалгаанаасаа илүү өргөн хүрээг хамарч чадсан учир дээрх тоон үзүүлэлт нэмэгдсэн байж болох. Хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүдийн 90 хувь нь өрхийн бизнест цалин хөлсгүйгээр, 8.8 хувь нь хувиараа, 1.6 хувь нь тодорхой хэмжээний цалинтай ажиллаж байжээ. Тэдний 16 хувь буюу 11 мянга орчим нь насанд хүрээгүй хүүхдийг ажиллуулахыг хориглосон, хортой нөхцөлд уртасгасан цагаар ажиллаж байв. Энэ бол аймшигтай тоо. Сурч боловсрон, тоглож наадаж байх насны 11 мянган хүүхэд амьдралын хүнд ачааг нуруундаа үүрч, бяцхан бие, балчир оюундаа ахадсан зүйл хийж байна. Үүнийг зогсоохын тулд төрөөс бодлогын чанартай ажил хийсээр байгаа юм. Хүүхдийн хөдөлмөр, тэр дундаа тэвчишгүй хөдөлмөрийг арилгах нь зөвхөн манай улс төдийгүй дэлхийн олон орны төр засгаас хийх эн тэргүүний ажлын нэг болжээ.
Монгол Улс 1999 оноос Олон улсын хөдөлмөрийн байгууллага болон НҮБ-ын Хүүхдийн эрх, хөдөлмөрийн талаарх холбогдох конвенцуудад нэгдэн орсон юм. Тэр үеэс хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийг таслан зогсоохын тулд бодлогын хэмжээнд анхаарч эхэлжээ. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам хүүхдийн хөдөлмөрийн стандартыг шинэчлэх үүднээс салбар, салбарын хуульд мониторинг хийсээр байгаа. Хүүхдийн ямар хөдөлмөрийг хориглох вэ. Хориглох эрхзүйн тогтолцоог яаж боловсронгуй болгох вэ. Хүүхдийн хөдөлмөрийг ямар нөхцөлд зөвшөөрөх вэ гэх мэт олон асуултын хариулт эндээс улам бүр тодорхой болсоор байна. Түүнчлэн хэд хэдэн үе шаттай үйл ажиллагаа явуулж байгаагийн нэг нь уул уурхайн салбар дахь хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг 2015 он гэхэд бүрэн устгах юм. Энэ нь Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас гаргасан “2016 он гэхэд дэлхий даяар хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг бүрэн устгах” зорилттой таарч байна.
Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэр гэж чухам юу вэ. Бэлгийн мөлжлөг, хууль бус үйл ажиллагаанд хүүхэд оролцуулах, хил дамнан худалдах, аюултай нөхцөлд ажиллах зэргээр хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг тодорхойлж болно. Эдгээр нөхцөлийг хориглох нь зайлшгүй юм. Түүнээс гадна хүүхдүүд насанд хүрсний дараа хөдөлмөрийн зах зээлд гараад өрсөлдөх чадвартай байх ёстой. Тиймээс тодорхой насны хүүхдүүдийг цааш нь хөгжүүлэх, хүмүүжүүлэх боломжийг бүрдүүлэх үүднээс хөдөлмөр эрхлэхийг нь тодорхой түвшинд зөвшөөрөх боломжтой аж.
Өнгөрсөн сард Засгийн газрын хуралдаанаар Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах тухай Үндэсний хөтөлбөрийг хэлэлцэн баталсан юм. Хөтөлбөрт тусгагдсан зорилт, үйл ажиллагааг хэрэгжүүлэх ажлыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгожээ. Шаардагдах хөрөнгийг ирэх оноос эхлэн жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн багц, гадаадын зээлээр санхүүжүүлэх төслийн жагсаалтад тусган оруулж байхаар боллоо. Аз болоход манай Засгийн газраас хэрэгжүүлж буй хүүхдийн хөдөлмөрийн талаарх үйл ажиллагаа, санал олон улсын түвшинд үнэлэгддэг. Тиймээс тодорхой хугацааны дараа гэхэд үр дүнд хүрнэ гэж найдаж болохоор.
Олон улсын хөдөлмөрийн байгууллагын санаачилгаар жил бүрийн зургаадугаар сарын 12-ныг “Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг” өдөр болгон дэлхий нийтээр тэмдэглэж ирсэн. Магадгүй онгорхой хаалгаар булталзан “Та бохь авах уу” хэмээн шалж байсан хоёр хүүгийн хувьд дараа жилийн зургаадугаар сарын 12 өмнөх жилүүдийнхээс өөр ч байж мэдэх юм. Тэд бохь зарахаа больдоггүй юм аа гэхэд ядаж эндээс олсон мөнгөөрөө паркад тоглосон тухайгаа нүүр бардам, хэнээс ч айж эмээхгүйгээр хэлж чаддаг болсон байх биз.
Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин