А.Меркель, Н.Саркози хоёр хямралын салхинд ”ганхаж” байна

Хуучирсан мэдээ: 2011.11.23-нд нийтлэгдсэн

А.Меркель, Н.Саркози хоёр хямралын салхинд ”ганхаж” байна

Испанид парламентын ээлжит бус сонгууль болж, эрх баригч Социалист ажилчны нам нь ялагдал хүлээжээ. Сөрөг хүчин байсан Ардын нам нь ялж, испаничууд Мариано Рахой гэх шинэхэн Ерөнхий сайдтай болов. Нийт хоёр жил орчмын хугацаанд үргэлжилсэн Евро бүсийн хямралаас болж эрх баригчдаа сольсон найм дахь орон нь ийнхүү Испани боллоо. Харин жагсаалтын есдүгээрт бичигдэх вий гэх болгоомжлол Францын Елисейгээс АНУ-ын Цагаан ордон хүртэл үргэлжилж байна.

Засгийн газар нь төсөвөө хэт танаж буй нь европчуудад таалаг­дахгүй байгааг саяхан болсон тэд­гээр сонгуулийн үр дүнгээс харж болно. Гэхдээ олон улсын зах зээл, хөрөнгө оруулагчдаас үзүүлж буй дарамт, Европын санхүүг атгаж байгаа Германы шаардлагаас болж шинээр сонгогдсон эрх баригчид нь хуучнаасаа төдий л олон зүйлээрээ ялгагдахгүй бололтой. Одоогийн байдлаар Испани, Ирланд, Пор­тугаль, Грек, Итали, Финланд, Дани, Словакт ямар нэг хэмжээгээр улс төрийн эргэлт гарчихаад байгаа. Францын бондын хүү өссөөр дээд амжилт тогтоосон. Яг л Италийнхтай нэгэн адил. Харин Францын Ерөн­хийлөгчийн сонгууль ирэх оны дөрөвдүгээр сард болох юм. Евро бүсийн хямралыг намжаахын тулд Ангела Меркель, Н.Саркози хоёр голлох үүрэгтэй оролцож байгаа. Гэхдээ хямрал бүс нутгийн жижиг орнуудаас том гүрэнд хүртэл халдварлан тархаж буй нь евро хэмээх нэгдсэн валют үгүй болох вий гэх айдсыг хэдийнэ бий болгожээ. Германы татвар төлөгчид Европын санхүүгийн тогтвортой байдлын сангийн хөрөнгийг гаргаж чадахгүйд хүрээд байна. Европын төв банкнаас явуулж буй бодлогын тал дээр Франц, Германы эрх баригчид санал зөрөлдөж байгаа нь асуудал даамжрах нэг шалтгаан болжээ. Ер нь А.Меркель Евро бүсийн хямралыг намжаахын тулд юу хийж байгаа вэ. Шинжээчид түүний бодлогыг урт хугацааны тогтвортой байдалд чиглэсэн, бүтцийн шинжтэй гэж тайлбарлаж байгаа. Өөрөөр хэлбэл, үр дүн нь нэлээд хугацаа өнгөрсний дараа харагдана. Гэтэл энэ хооронд Европын хэд хэдэн орон дампуурлын ирмэгт оччихлоо.

Берлин дэх Засгийн газрын “Hertie” сургуулийн эдийн зас­гийн ухааны профессор Хенрик Эрдерлэйн “Одоо хүн бүр Германыг богино хугацаанд үр дүн нь харагдах бодлого хэрэгжүүлэхийг хүлээж байна. Гэхдээ удирдах түвшний хүмүүсийн хувьд нэлээд санал зөрөлдөөнтэй байгаа бололтой” хэмээн дүгнэжээ. Хэрэв евро аврагдаж чадвал Швед, Дани, Их Британи зэрэг Европын холбооны гишүүн орнууд еврог хэрэглэж эхлэх юм. Тиймээс тэд хямралыг намжаахад тодорхой хувь нэмрээ оруулсаар байна. Гэтэл үүнээс болж англичууд эрх баригч Консерватив намынхаа бодлогод дургүйцэх болов. Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон А.Меркельтэй уулзах үедээ “Германы бодлогыг илүү нээлттэй болгох” хүсэлт тавьсан нь үүнийг нотолж байгаа юм. Саяхан Европын парламент, Европын комисс 2012 оны төсвөө энэ оныхоос хоёр хувиар нэмж баталсан. Энэ нь бусад орны зүгээс нэлээд шүүмжлэл дагуулж байгаа.

А.Меркель нэгэнтээ “Евро үгүй болбол Европ ч сүйрнэ” хэмээн хэлж байв. Гэхдээ Чөлөөт демократ намтай хамтран эвслийн Засгийн газар байгуулсан А.Меркелийн нам хоёр асуудалтай тулгараад байгаа. Германд саяхан болсон орон нутгийн сонгуульд түүний нам ялагдсан. Мөн сөрөг хүчнийхний зүгээс шүүмжлэл хүртэж, иргэд нь Германы хөрөнгөөр Евро бүсийн орнуудыг “тэжээж” байгаад дургүйцэх болсон юм. Түүнээс гадна Европын төв банк эдийн засаг нь хүнд байдалд орсон орнуудын бондод батлан даалт гар­гаж, худалдан авч байгаа нь АНУ-ын төв банк болох Холбооны нөөцийн сангийн үйлдэлтэй адилхан болсон юм. Холбооны нөөцийн сан ч мөн адил Сангийн яамныхаа бондыг 600 тэрбум ам.доллараар худалдан авч, ам.долларын ханшийг зориуд унагаж байв. Гэтэл үр дүн нь одоо болтол харагдсангүй. АНУ-д инфляци, ажилгүйдлийн түвшин гэх мэт үзүүлэлтүүд тааруухан хэвээр байна. Нөгөө талаас, бэлэн мөнгө хэвлэн гаргах нь тухайн валютын тогтвортой байдалд итгэх итгэлийг сулруулах аюултай байдаг. Ам.доллар үүнийг тойрсонгүй. Одоо евро ч бас араас нь орж байна. Германы Сангийн сайд Волфганг Скюбл “Еврогийн тогтвортой байдлыг хангах нь бидний үүрэг гэдгийг би хүлээн зөвшөөрнө. Санхүүгийн зах зээлийг тогтворжуулахын тулд бидэнд ердөө хэдхэн долоо хоног, эсвэл хэдхэн сар үлдсэн. Гэтэл Европын төв банк их хэмжээний евро гаргаж байгаа нь энэ хугацааг улам наашлууллаа” хэмээн дүгнэжээ.

Европчууд Хятад, Японоос тус­ламж хүссэн. Цунамид нэрвэгдсэн эдийн засгаа тогтворжуулахын тулд өөрийгөө яая гэж байгаа ч япончууд Европын санхүүгийн тогтвортой байдлын сангийн бондыг худалдаж авсан юм. Харин хятадууд одоо болтол шийдвэртэй алхам хийгээгүй хэвээр байна. Нэгэн цагт Хятадын Ерөнхий сайд Вэнь Зябао “Бид Европын түншүүддээ туслахад бэлэн” гэж байсан боловч өнгөрсөн долоо хоногт тус улсын Засгийн газрын нэгэн төлөөлөгч “Европын хямрал түгшүүр дагууллаа” хэмээн сандарч байгаагаа нуусангүй. Одоо яах вэ. Хэрэв Герман, Францад улс төрийн эргэлт гарч, А.Меркель, Н.Саркози нар суудлаасаа буувал Евро бүсийн нэгдмэл байдлыг хадгалах хүмүүс дахин гарч ирж чадах болов уу.

Т.Элиса

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж